Жүжигчин Д.Баттөмөрт МУГЖ цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн дээд цол, одон, медаль гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Доржийн Баттөмөрт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ. Тэрээр баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
МУГЖ Д.Баттөмөр:
-Энэ сайхан өдөр Батаа нь МУГЖ цол хүртсэндээ баяртай байна. Би Соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллаж, тайз дэлгэцийн 100 гаруй бүтээлд гол болон туслах дүр бүтээж, мөн продюсерын чиглэлээр ажиллаж байна.
Сүүлд хийсэн “Трио” уран сайхны кино маань таван тивийн 17 улсын олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас 22 шагнал хүртээд байна. Цаашид ч олон наадамд оролцохоор бүртгүүлсэн.
Хүний эрхийн чиглэлээр хүртээмжтэй байдлыг бий болгох, дауны хам шинжтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах, хэнийг ч ардаа бүү үлдээ гэсэн уриатай хийсэн энэхүү бүтээлээрээ Женев хот дахь НҮБ, Фарис хот дахь Юнеско, Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байран дээр хэлэлцүүлэг хийсэн. Үндэсний нэрсшлийн талаарх буруу ойлголт, зүй бус хэрэглээг халах зорилготой хэлэлцүүлэг байсан. Хэлэлцүүлгийн үр дүнд НҮБ-ын байранд “Трио” уран сайхны киногоо толилуулж чадлаа.
Эдгээр ажлыг минь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, МУГЖ гэдэг эрхэм хүндтэй цолыг энгэрт минь гялалзуулж байгаад баяртай байна. Энэ бүгдийн ард одоо байгаагаасаа тохоо даруу байж, ихийг хийж бүтээгээрэй гэсэн түмэн олны захиастай шагнал хүртээсэн гэж ойлгож байна. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.