Нийслэлийн Засаг дарга автобусаар зорчиж, ачаалал шалгаж байна
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн хоёр өдөр автобусаар зорчиж, ачаалал шалгажээ. Ийн автобусаар зорчсон нь нийтийн тээвэрт ямархуу шинэчлэл хийх шаардлагатай вэ гэдгийг мэдэх зорилготой байсан аж.
Энэ тухай тэрбээр “Түгжрэлийн үеэр автобусанд сууж явлаа. Дэмбээ гэдэг зүйл арилахгүй байна. Автобус компани нь мөнгийг хурааж авдаг сав байршуулсан ч давхар сав тавьсан байна. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэлээд хувь нь дараагийн автобусанд суухын өмнө картаа ахин уншуулахгүйгээс өдөрт 1500 төгрөгөөр зорчиж байна. Нийтийн тээврийн үнэ 1000 төгрөг болсноор өдөрт 4 удаа зорчиход төлбөр төлөхгүй. Энэ агуулгаараа нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдод бодит хэмнэлт гарах тооцоог мэргэжилтнүүд гаргасан” гэлээ.
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, давхцалыг бууруулах арга хэмжээ авсан. Гэвч шинэ зохицуулалт оновчгүй байснаас буцааж 41 чиглэлийг сэргээсэн юм.
Хэдий зарим чиглэлийг сэргээсэн ч 3 номер буюу “Зүүн салаа-Халдварт” чиглэлийг өнөөдрийг хүртэл сэргээгүйгээс хүндрэл гарсаар буй.
Тодруулбал, нийслэлийн баруун зүгт амьдарч байгаа иргэд Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Наран туул” зах орохын тулд наад зах нь 2-3 дамжих шаардлага тулгарч буй бол буцаад гэртээ харихын тулд 4 дамжихаас өөр аргагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь “Зүүн салаа-Халдварт” чиглэлийн автобусанд суугаад шууд Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв хүрдэг байсан. Иймээс эл чиглэлийг буцаан сэргээхийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэд хамгийн ихээр хүсч буйг Улаанбаатар хотын захирагч анхааралдаа авч, шийдвэрлэж өгвөл олон хүний эрэлт хэрэгцээг хангасан ажил болох юм.