Явуулын зориулалтаар тоноглосон эмнэлгийн автомашинуудыг хүлээж авлаа
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон 4 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр /2024-02-08/ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна талбайд боллоо.
Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон машинуудыг хүлээлгэн өгөх ёслолд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл оролцов.
Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношлогоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийх боломжтой юм. Энэ машинд гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгчөөс гадна дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж тоног төхөөрөмжийг ч суурилуулсан байна.
Харин хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, доторын эмчийн үзлэг хийх бүх багаж хэрэгсэл бий. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Эдгээр машинд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүн орж гарах зориулалтын хаалга шат, цахилгаан үүсгүүр, хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашиглах төхөөрөмжийг ч хийж өгснөөрөө онцлог юм байна.
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн хэлэлцээрийн дагуу 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон эдгээр автомашинаас гадна 585 вакцинжуулалтын цэгүүдэд үйл ажиллагааг нь бэхжүүлэх бараа, тоног төхөөрөмж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд болон хилийн боомтуудад нийт 11 иж бүрэн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж, 3 суурин рентген аппарат, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хээрийн тандалтын нэгжүүдэд холбогдох багаж хэрэгслүүдийг амжилттай нийлүүлж ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн Үндэсний төвүүдээр дамжуулан дархлаажуулалтын эмч, вакцинаторууд болон бусад эмнэлгийн болон эмнэлгийн бус салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Ковид-19 цар тахлын дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна.