О.НОМИНЧИМЭГ: ЦААШИД ХОТЫН ЗАХЫН СУРГУУЛИУДЫН БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Энэ жил нийтдээ 11 цэцэрлэг, сургуулийн асуудлыг төсвийн тодотголдоо оруулж, 26.3 тэрбум төгрөгийг шинээр төсөвлөсөн. Нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөж байна. Баянголын 24-р хороо буюу Алтай хотхон, Хан-Уулын 17-р хороо буюу Маршалл таун, Сүхбаатарын Ногоон нуур орчим, Баянголын 28-р хороо буюу Материал импекс хавьцаа, Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад цэцэрлэг, сургууль барихаар төсвийг тусгаад байна.
Мөн улсын харьяа 29-р тусгай сургуульд дорвитой засвар хийгээгүй байсан. Энэ дээр нийслэлээс 4.5 тэрбум төгрөгийн капитал засвар хийхээр төлөвлөсөн. Тооцооллоор 2024, 2025 онуудад сургууль, цэцэрлэгийн хөрөнгө, мөнгийг дорвитой шийдэж байгаа. Үүний дараа чанарын хүртээмжийг анхаарна.
Цаашдаа хотын төвийн сургуульд өргөтгөл хийнэ гэхээсээ илүүтэйгээр хотын захын сургуулиудад боловсролын чанарыг дээшлүүлнэ.
Хотын төвийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 25 хувь нь өөрийн хамран суралцах тойргийн гаднаас ирж байгаа. Түгжрэлийн бас нэгэн шалтгаан нь энэ. Гэртээ ойр сургууль хамгийн сайн байх ёстой гэдгийг анхаарч байна. Англи, америк багш нарыг авчрахаар арга хэмжээ авч байна” гэв.