Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол болжээ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын эхэн сарын шинийн долооны билигт сайн өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслолыг зохион байгуулжээ.
Уг ёслолыг Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, Төрийн хонжин, хурандаа М.Болдбаатар удирдав. Энэхүү ёслолд БХЯ, Зэвсэгт хүчин, Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд оролцсон юм.
“Бүх цэргийн Их хар сүлдийг туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн” гэж үздэг. Тиймээс ёслолын дараа Батлан хамгаалах салбарын удирдлагууд Модон луу жилийнхээ ажил үйлс хийморь лундаагаа даатган хар сүлднээсээ адисласан юм. Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж бий. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын сар шинийн өдрүүдэд өргөөнд нь зохион байгуулдаг уламжлалтай нь юм.