Засгийн газрын тогтоол зөрчиж, хурдан морины уралдаан зохион байгуулжээ

0

Засгийн газрын 2019 онд баталсан тогтоолоор өвөл, хаврын морин уралдааныг хориглосон байдаг.

Тодруулбал, тус тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд морин уралдаан зохион байгуулж, Засгийн газрын тогтоолыг зөрчжээ. Хэрвээ хориглосон хугацаанд уралдаан зохион байгуулбал Эрүү болон Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга болон холбогдох сайд нар хяналт тавих үүрэгтэй. Тиймээс хяналт тавих ёстой байсан Төв аймаг болон Сэргэлэн сумын Засаг дарга нар хариуцлага хүлээх юм байна.

Мөн шинийн 15-нд “Дүнжингарав” хурдан морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд бүртгэлээ хийж эхэлжээ. Хэрвээ шинийн 15-нд “Дүнжингарав” хурдан морины уралдаан зохион байгуулбал мөн л Засгийн газрын тогтоолыг зөрчих юм.

Гэтэл өнгөрсөн хугацаанд буюу 1996-2019 оны өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 гаруй хүүхэд амь насаа алдсан байна. Харин 2019 онд Засгийн газар тогтоол гаргаснаас хойш зургаан хүүхэд амь насаа алджээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Засгийн газрын 57 дугаар тогтоолоор морин уралдаанаар тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл зохион байгуулна гэсэн тогтоол бий. Энэ тогтоол хэрэгжиж байгаа. Уяачдын холбооноос энэ тогтоолд өөрчлөлт оруулах саналууд ирж байгаа. Гэхдээ өвлийн морин уралдаанаас болж хэчнээн хүүхэд бэртэж гэмтсэн, амь нас нь эрсэдсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өгсөн. Тиймээс Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *