44 настай эрэгтэй эхнэрээ “Гадуур хонолоо” хэмээн хайруулын таваг, шалны модоор зодож, амийг нь хөнөөжээ

0

Эхнэрээ “гадуур хонолоо” хэмээн хардаж хоолны халбага, хайруулын таваг, хоолны таваг, шалны мод зэргээр толгой, цээж, дал, мөр зэрэг биеийнх нь бүх хэсэгт хоёр цагийн турш онц хэрцгийгээр халдаж, аминд хүрчээ. Уг хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс “Хавтаст хэрэг” буландаа тоймлон хүргэж байна.

      Шүүгдэгч Г нь 1978 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой хуягт танкны механик жолооч мэргэжилтэй, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэрбээр цэргийн хүндэт медаль, энхийн төлөө медаль, дайчны алдар 1,2,3, цэргийн гавьяаны одонгоор шагнуулж байжээ. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй.

Шүүгдэгч буюу талийгаачийн нөхөр П.Г мэдүүлэхдээ

       “Ханийнхаа ах эгчээс уучлалт гуйж байна, би ийм зүйл хийх ёсгүй хүн байсан, үнэхээр уучлаарай. Би тухайн үед маш их шоконд орсон байсан учраас нэлээн зөрүүтэй юм ярьсан байна лээ. Одоо би мэдүүлгийг чин үнэнээр дахиж өгье. Намайг энхийг сахиулах ажиллагаанд явсан хойгуур эхнэр минь архи уудаг болсон байсан. Тэгээд гэртээ тогтохгүй, бидний тоохоо больчихсон байсан. Тэгээд нэг орой халамцуу ирэхээр нь хаагуур явж байгаад ирсэн тухай нь асуутал “Миний хаагуур явж, юу хийх нь чамад ямар хамаатай юм” гэхээр  нь “Чи хамаагүй юм бол энд юу хийж байгаа юм” гээд хоол хийж байсан халбагаараа цохисон. Гэтэл түшлэгтэй сандал онож, халбага хугарсан. Бид маргалдаж, эхнэрээ хэд хэд алгадсан. Гэтэл намайг үсдэж, доош нь дарахаар нь би хайруулын таваг шидэж, шалны модоор цохисон. Тэгээд өглөө нь эхнэрийн амнаас цагаан бохь шиг юм гоожсон байсан. Тэрийг нь ханцуйгаараа арчаад эмээ уучих гэсэн чинь нэг л өөр. Байхаар нь түргэн, цагдаа дуудсан. Тэгээд түргэний эмч  ирээд ханийг минь өнгөрчихлөө гэсэн, цагдаа намайг дагуулаад гарсан” гэжээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д мэдүүлэхдээ

“Би гэмт хэргийн талаар эхлээд юу ч мэдээгүй. Цагдаагийн байгууллага надад утсаар мэдэгдсэнээс эхэлж мэдсэн. Талийгаачийг гэртээ нас барсан байдалтай олдсон гэж хэлсэн, Манай хоёр зэргэлдээ байранд байдаг. Манай талийгаач дүүг байнга архи уудаг юм шиг л их юм ярилаа. Тэр ч бас үнэнд нийцэх зүйл биш. Г  бол өөрөө хартай хүн. Суданд байхдаа байнга л залгадаг, нэг залгахаар нөгөөдөх нь дандаа согтуу таараад байдаг нь ч хаашаа юм, энэ бол сонин асуудал болж байна. Энэ хэргийг шүүх өөрөө шийдэх байх, тэрэнд янз бүрийн хэлэх юм алга. Миний эрүүл мэндийн байдал нэг жилийн хугацаанд их муудсан. Би армийн хүн байсан, 32 жил ажилласан, цэргийн уралдаан бүх тэмцээнд оролцож явсан, сэтгэл санаа саяны байдлаас шоконд орсон. Тэгээд би хохирогч учир сахартай хүн хагалгаа давахад хэцүү гэсэн. Ах дүүсээс нь би өөрийнхөө эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэж зургаан сая төгрөг нэхэмжилмээр байна. Хоёр хүүхэд нь миний төрсөн зээ болохоор тэд нар хохирогч гэхээсээ илүү би хохирогч байгаа  юм. Би хохирогчийг албан ёсоор төлөөлж байгаа учир машины өмчлөх эрхийн тал хувь нь минийх байх ёстой. Энэ төлбөрийг тэндээс гаргуулж авмаар байна. Би хохирогчийн хоёр  хүүхдийг нь бодож байна, шүүх шийдэх байх” гэсэн аж.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ

    “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун зулай, чамархай, чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 2,3,4,5 дугаар хавирга, зүүн 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн дал, зүүн сарвууны шарх, биеийн нийт гадаргуугийн 25-30 хувийг хамарсан, нүүр, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний аюулхайн баруун, зүүн хэсгийн цус хуралт нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..Талийгаачийн цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Талийгаач нь дээрх биеийн нийт гадаргуугийн 25-30 хувийг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсэж шууд үхэлд хүргэжээ. Үхэлд хүргэсэн нь зулгаралт, олон хавирга хугарлын улмаас гэж байна, олон хавирга хугарч байна гэсэн, булчингийн цаана байна, тэнд цус хуралт явагдаж байгаа. Үхэлд хүргэж байгаа чинь яг энэ гэмтлийн улмаас гэж хэлэх боломжгүй. Хиймэл амьсгал хийх үед шууд бус хугарал үүсдэг. Амь хохирогчид учирсан нь шууд чиглэлтэй. Хиймэл амьсгалыг аюулхайн мөгөөрснөөс дээшээ хоёр хуруу зайд гарын алганы доод хэсгээр нэг гараа нөгөө гаран дээрээ тавьж хийдэг. Массаж хийхдээ хавтгай хатуу гадаргуу дээр хийх ёстой байдаг. Зөөлөн ор дээр массаж хийхэд хүн нь өөрөө хөдлөөд байдаг учраас анхны тусламж үзүүлдэггүй. Өөхөн бөглөөдөс үүсэж эхлэхэд огцом амьсгалын дутагдал ордог. Өөхөн бөглөөдөс гэх хүндрэл үүсэхэд хажууд нь ямар ч тусламж үзүүлсэн амь нас аврах боломж маш бага гэж үздэг. Бага хэмжээнд бол болдог. Ойролцоогоор хэд орчим удаагийн үйлдлээр үүсэх боломжийг хэлэх боломжгүй, маш олон” гэсэн байна.

      Ингээд шүүхээс яллагдагч Г-д бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн болохыг нотлох баримт, дүрс, бичлэгт үндэслэн 16 жилийн хорих ял оноожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *