ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

0

Дэлхийн банкны БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал Мара К.Уорвик, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг 2” төслийн удирдагч Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.

“Ухаалаг засаг 2” төсөл нь 3 зорилтын хүрээнд 45 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Тухайлбал, дижитал шилжилт хийх орчин бүрдүүлэх, дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах юм. Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмж, төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвөө хэмнэхээс гадна зорилтот бүлгийн 13 мянган иргэний цахим ур чадварыг сайжруулахаар төлөвлөжээ. Ингэснээр дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэх талаар ЦХХХЯ-наас зохион байгуулсан “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгын үеэр онцлов.

ЦХХХЯ-ны БХЗГ-ын дарга, төслийн захирал Б.Билэгдэмбэрэл ярихдаа, “Саяхан цахим орчинтой холбоотой зуу гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг дагаад дүрэм, журмыг зохицуулж өөрчлөх санал боловсруулж, батлуулна. Төрийн байгууллагад ашигладаг мэдээллийн хэмжээ ихэссэнээр Дата төвийн ачаалал нэмэгддэг тул хүчин чадлыг нь сайжруулна. Тусгай зөвшөөрлийг цахимжуулах нэгдсэн том цахим систем хийх ёстой. Тухайлбал, АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой системийг шинэчилж, худалдан авах системийг сайжруулснаар тендер нээлттэй, хялбар болох юм. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дижитал суурьтай мэдлэг, ойлголт, боломж бий болгох зорилт тавьсан нь дижитал хэлбэрт бизнесээ шилжүүлэхэд хялбар болно. Иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх сургалт явуулахыг зорьж байна. Ингэснээр иргэд үнэн худал, зөв буруу мэдээллийг ялгаж чадах, аюулгүй байдлаа хангах, наанадаж нууц үгээ солих чадварыг жигдрүүлж, технологийн хүртээмжийг жигд хүргэх боломжтой болно” гэлээ.

Түүнчлэн таван жилийн хугацаанд, 40.1 сая ам.долларын төсвөөр хэрэгжих төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулаад байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *