Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд долоон удаа цас орж, өвөлжилт эрс хүндэрчээ
Засгийн газраас томилогдсон шуурхай багууд цас зуд ихтэй хөдөө орон нутагт ажиллаж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг Хөвсгөл аймагт ажиллаж Төмөрбулаг суманд 40 тонн тэжээлийг шийдэж, цасанд боогдсон хоёр давааг нээхээр ажиллаж байна.
Тус суманд 2024 оны 11 дүгээр сарын 20-оос хойш долоон удаагийн хур тунадас бууж, өвөлжилт хүндэрч байна. Нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүлтэй болсон. 3420 толгой мал хорогдсон. Отрын 21520 толгой мал тус суманд оторлож байна.
Малчид болон сумаас 8916 тонн өвс бэлтгэсэн ч нөөцөө бүрэн дуусгасан. Аймгийн нөөцөөс 15 тонн хивэг өгчээ. Энэ нь нийт малчин өрхийн 60 хувьд хүрэлцэх юм. Туулах чадвар сайтай машин шийдвэрлэх хэрэгцээ байна. Эрүүл мэндийн төв унаагүй байгаа тухай сумын удирдлагууд танилцууллаа.
Шуурхай штаб 10 тонн тэжээл болон 35 сая төгрөгийг шийдэж өглөө. Ингэснээр нийт 40 тонн тэжээлийн нөөц бүрдэнэ. Шуурхай штабаас тус суманд туулах чадвар сайтай Зил 131 машиныг гаргаж өгсөн бөгөөд дээрх 40 тонн тэжээлийг малчдад хүргэнэ. Шаардагдах шатахуун түлшийг Шуурхай штаб хариуцахаар боллоо.
Сумын төсөвт байгууллагуудаас хэмнэгдсэн 50 сая төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуу Зудын эрсдэлийн хариу арга хэмжээнд зарцуулахаар боллоо.
Цасанд боогдсон Өлийн даваа, Гөнтгийн давааг нээх ажлыг эхлүүлээд байна. Мөн зудтай хэсгүүдэд байгаа малчдад хүн эмнэлгийн, мал эмнэлгийн багууд туслах ажлыг шуурхай зохион байгуулж эхэллээ.