Зуд уу, ордог л цас уу?

0

Зуд гэдэг нь тодорхой, жилийн жилд ордог л цас биш гэдэг нь ойлгомжтой байхад л малчид ажилгүй, анхилгүйдээ малаа алдаж, хотоо харлуулж нийслэлээс тусламж дуудаад хэвтэж байгаа аятай ярьж, бичих нь их ажээ. Энэ жил арваннэгдүгээр сард ихэнх нутгаар орсон их хэмжээний цас хайлж амжаагүй байхад цас нэмсээр өвөлжилт хүндэрч зудын байдалд шилжсэнийг цаг уурчид, малчид ч хэлж байна. Хоёрдугаар сарын эхний арав хоногт нийт нутгийн 80 орчим хувьд цас бүрхүүл тогтсон гэж мэдээлсэн бол хоёр дахь арав хоногт 80 гаруй хувь нь цасанд нэвсийтэл дарагдаж, хөдөө мал, малчинтайгаа ядарч туйлджээ. Хаврын эхэн сар гарсан ч дулаарч, налайх хүртэл өдий. Хоёрдугаар сарыг дуустал цас үргэлжлэн орж, салхи шуургатай байх талаар өчигдөр цаг уурч мэдээллээ.

УЦУОШГ-аас арав хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай байна. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

2023 оны хоёрдугаар сарын хоёр дахь 10 хоногийн мэдээгээр Увс, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн 30 суманд мөсөн буюу төмөр зудтай байна. Цаг агаар гэнэт дулаараад, огцом хүйтрэхэд төмөр зуд болдог. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр төмөр зуд 2023 оноос хойш ажиглагдсан, одоог хүртэл үргэлжилсээр байна.

2023 оны арваннэгдүгээр сараас хойш орсон цас 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их буюу сүүлийн 50 жил ажиглагдаагүй их цас уналаа. 2009-2010 оны зуд болсон. Тухайн үед олон жилийн дунджаас 1.4 дахин их хур тунадас орсон бол энэ өвөл олон жилийн дунджаас 1.6 дахин их хур тунадас орлоо гэж Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ялган тайлбарлав. 

2023 оны арваннэгдүгээр сараас хойш орсон цас 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их буюу сүүлийн 50 жил ажиглагдаагүй их цас уналаа. 

Хоёрдугаар сарын дунд арав хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас 1.1-8.1 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу оржээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 метр секунд буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 метр секунд, Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэв.

Энэ шуурганаар олон мал хорогдож, хэд хэдэн хүн амиа алдлаа. Хоёрдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд 1.5 сая толгой мал хорогдоод байна гэж Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлсэн.

Ирэх өдрүүдэд мөн л цас орж, шуурна. Гэхдээ салхины хурд саяын онц аюултай түвшинд хүрэхгүй. Хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. 24-нд цасны араас ихэнх нутгаар хүйтний эрч 3-4 градусаар чангарна.

25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ. 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. 25, 26-нд нийт нутгаар явган шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх, хөдөө гадаа явахад хүндрэл учрахаар байна.

Энэ сарын 25, 26-нд хүйтний эрч бага зэрэг суларч, 27-ноос эргээд хүйтний эрч чангарахаар байна гэж Цаг уурч Л.Оюунжаргал өчигдөр сэрэмжлүүлэг /2024.02.22/ мэдээ өгч анхаарууллаа. Тайвшрах болоогүй аж.

Хөдөө юу болов?
Сар шинээр хотынхон хөдөөлж, аав ээж ахмад настнуудаа золгодог. Энэ жил нийслэлээс 520 км зайтай Архангай аймгийн Жаргалант сумыг зорьсон гэр бүл найман цаг давхиад хүрдэг нутагтаа цас ихтэйгээс 14-15 цаг явж хүрчээ. Томоохон замуудыг Газ-66, Зил-131 машинууд гаргаж өгч байгаа ч, шуураад зам дорхноо хаагдаж байна. Сумын төвөөс баг руу явах зам уул хадтай, бартаа саадтай тул мөн л хаагдсан, зам хаалттайгаас хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй байна.

Хөр цасанд зүтгүүлсээр малчдын ихэнх машин, мотоцикл эвдэрчээ. Эзгүй хээр энд тэнд зогссон портер, бонго харагдах нь  цас ханзрахыг хүлээсэн, төв рүү захисан сэлбэг ирэх хүртэл орхисон малчдын унаа аж. Хунгар цасанд морь явах муутай тул малчид явгарчээ.

МАЛЧИН: МАЛ ИНГЭЖ ҮХЭЖ БАЙГАА НЬ ӨВСГҮЙДЭЭ БИШ, ИХ ЦАС ҮРГЭЛЖИЛСЭН ШУУРГАНД МАЛ ТУЙЛДДАГ

Архангай аймгийн Жаргалант сумын малчин Д, Энэ намар арваннэгдүгээр сарын эхээр их хэмжээний цас орж, хайлж амжаагүй байхад ойр ойрхон нэмсээр зүд боллоо. Манайх хотод амьдардаг хүүхдүүдийн болон өөрийн сарлаг, үхэр нийлсэн 300-гаад богтой. Энэ цаснаас хойш 100-гаад нь алга болсон. 40 гаруй нь үхсэн. Хотондоо тусад нь 60 гаруй бяруу маллаж байсан ч одоогоор зургаа нь л үлдсэн. Манайх хадлангаа авч өвсөө татсан, өвстэй байгаад ч мал үхэж байна. Мал ингэж үхэж байгаа нь өвс тэжээлгүйдээ биш, их цас үргэлжилсэн шуурганд мал туйлддаг гэв. 

Байгаль, цаг уураас 100 хувь хараат бэлчээрийн мал аж ахуй явцгүй болсныг малчид ч хүлээн зөвшөөрчээ.

50 гаруй настай хашир малчин би хүүхэд байхаасаа мал маллахдаа ийм их цас орохыг үзээгүй. Саахалтын Х-гийнх бас нэлээн олон малаа алдсан. Толгойгоо ганзагалаад, хормойгоо өшиглөөд л алхах юм. Сэтгэл гутралд орох вий дээ” гэж ярина.

Насаараа мал маллаж, ашиг шимээр нь аж төрдөг малчинд амьжиргааны хэдэн малнаасаа сална гэдэг багагүй гарз хохирол. Энэ янзаараа малчдад хаврын хавсарга хүнд даваа. Ирэх намар олон малчин үлдсэн хэдэн малаа зараад хот бараадаж магадгүй шүү гэж хуучлах. 

Хэнтий аймгийн Батноров сумын малчин Б, Манайх хүүхдүүдийнхээ идэш хоолыг бэлдэх, зундаа ач зээ нараа мал дээр гаргаж, цагаан идээгээр таслахгүй байх тооны хэдэн үхэртэй. Мал бээрч, зутрахаагүй хашаа саравчтай. Гэвч энэ өвлийн их цас, шуурганы улмаас гэр болон малын хашаа хунгарт дарагдсан. Сумын төв рүү явах зам хаагдсан. Нутгийн цөөн малчид л мэдэх уулаараа явдаг тойруу замтай тул хүн ирнэ гэж үгүй.

Цагаан сараар хотоос хүүхдүүд ирэхдээ зам мэдэхгүй. Зундаа өвөөтэй явж байсан уулын тойруу замаар ач охиноор газарчлуулан гэрээ олж ирсэн. Монгол гэрийн яндангаас өөр цухуйх юмгүй цасанд дарагдаж, цасан тал болсон. Цагаан сарын үед 40 гаруй үхрээс 20 гаруй нь хорогдоод байна. Бид нас 60 нэлээд гарсан хүмүүс, бас ч үгүй ядрах болж. Үлдсэн хэд маань энэ хавар тэсэхгүй бол сумын төв бараадна даа гэж байна.

Сүүлийн 50 жил ороогүй их хур тунадас бууж, нүүр нүдгүй шуурсан энэ өвөл байгаль цаг уурын гамшиг үзэгдэл болсныг цаг уурын мэргэжилтнүүд тогтоосон тул зунжин найр наадам хэсэж, өвөл нь тусламж гуйж байгаа мэтээр тавлаж суух нь утгагүй. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг өмнө малчдадаа туслах нь монгол хүний ёс. 

Байгалиас 100 хувь хараат бэлчээрийн мал аж ахуй явцгүй болсныг малчид ч хүлээн зөвшөөрчээ. Малын тоог цөөлж, үр ашгийг нэмэгдүүлэх фермерийн ахуй хөгжүүлэх цаг болсныг тэд ухаарах ч малчдад сургалт, хөтөч, Төрийн нэгдсэн бодлого хөтөлбөр алга. Цөөн тооны ашиг шимтэй мал үржүүлж, малын тоог толгойг мянга хүргэснээр нь бус, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн малчныг урамшуулах олон жил яригдсан ажлаа одоо л хэрэгжүүлэх цаг боллоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *