П.Сайнзориг: Хотын захирагч, нийслэлийн Засаг дарга хоёрыг салгана

0

Улаанбаатар хотын Захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэг хүн томилогдон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотын ажлыг нэг хүн удирдан хийж ирсэн.

Тэгвэл цаашдаа шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулж Хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын албан тушаалыг салгах юм байна. Хотын захирагч аж ахуйн ажлаа хийх бөгөөд нийслэлийн иргэд сонгодог байна. Харин Засаг дарга бодлогын ажлаа хийх бөгөөд одоогийнх шиг Ерөнхий сайд томилдог байх хуулийн өөрчлөлтийг хийх асуудлыг ярьж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэхдээ “Нийслэл Улаанбаатар хотын бүтцийг оновчтой байлгах үүднээс Засгийн газраар Ерөнхий бүтцээ оруулж батлуулна. Нийслэлийн зарим чиг үүргийг дүүргүүд рүү шилжүүлнэ. Жишээлбэл, Нийслэлийн Засаг дарга нохой, муур устгах төсөвтэй байсан. Үүнийг дүүргүүд рүү өгсөн. Мөн замын халтиргаа гулгааны асуудлыг хотын Засаг дарга, Захирагчийн ажил албан дээрээ төвлөрүүлж шийддэг байсныг дүүргүүд рүү өгч байгаа. Дүүргүүд тодорхой хийх ажилтай байх ёстой. Түүнээс биш бүх зүйлийг хотын Засаг даргад төвлөрүүлээд гол бодлогын ажлаа хаячхаад цас мөстэй зууралдаад байж болохгүй.

Дүүргүүдийн Засаг дарга цас мөсний асуудлаа шийдээд замын халтиргаа гулгаагаа арилгаж байхад НЗД бодлогын том шийдвэр буюу эрчим хүч дулаан иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлаа хийх ёстой юм. Мөн Улаанбаатар хотын эдийн засаг татварын бааз суурийг хэрхэн нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлогоо ярьж байх ёстой. Тэгэхээр цаашдаа хотын Засаг дарга төрийг төлөөлж буюу бодлого ярьдаг, Хотын захирагчийг иргэд нь сонгодог аж ахуйн ажлуудаа хийдэг байдал руу шилжих ёстой. Ер нь энэ хоёр албан тушаал тусдаа байх ёстой. Энийг бусад орны жишиг рүү ойртуулах үүднээс төсвийн бодлогодоо эхний алхмуудыг тавиад явж байна.

Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний хууль эрх зүйд өөрчлөлт хийх шаардлагатай. НЗД анх томилогдож ажлаа авахдаа хэлсэн үгэндээ “би хотын захирагчийг иргэдээсээ сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр хотын захирагч Засаг дарга гэдэг албан тушаалуудыг бид зааглаж, салгах ёстой.

Үүнийг салгахын тулд Үндсэн хуульд ч тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага үүсэх байх. Үндсэн хуульдаа гар хүрэхгүйгээр шийдэх юм бол Засаг захиргааны нэгжийн тухай хууль Улаанбаатар хотын эрх зүйн байдал болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулж, үүний зааг ялгааг гаргаад явах боломжтой.  Ингэж байж иргэд ямар албан тушаалтнаас ямар үүрэг гүйцэтгэхийг шаардах вэ гэдэг нь ч ойлгомжтой болно” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *