М.Ганхүлэг: Олон мал нь хорогдсон малчдыг дахин малжуулна

0

Улсын онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Өнөөдрийн хуралд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нар оролцож мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдрийн байдлаар малын хорогдол 2.1 сая байгааг дурдлаа. Энэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 85.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ. Тэрбээр “Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай тул холбогдох тооцоо судалгаа зэргийг боловсруулж өгнө. УОК-ын Шуурхай штаб дээр нийт 11 аймгийн 46 суманд гурваас доошгүй ам бүлтэй 1408 өрхийн гэр, өвөлжөө нь цасанд дарагдсан гэдэг тооцоо гаргаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэхээр шаардлагатай хүн хүчийг гаргахаар төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 74 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 560 орчим сая төгрөгийн бараа материалын хандив цугларчээ. Шаардлагатай айл өрхүүдэд хандивыг хүргэх ажлыг шуурхай зохион байгуулна. Бид зарим шаардлагатай асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ” гэлээ.

Тэгвэл ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, “Манай яамнаас долоон чиглэлийн баг гарч, орон нутагт ажиллаад ирлээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд, малын эмч нар зэрэг бүрэн бүрэлдэхүүнээр өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад ажилласан. Ажлын хэсэг бүр долоо хоног ажиллаж, дүгнэлтүүдээ гаргасан. Нөхцөл байдал огт сайжраагүй байна. Малын хорогдлын мэдээллийг бид гурав хоног тутамд шинэчилж байгаа. Малын хорогдлоор тэргүүлж буй таван аймаг байна. Сүхбаатарт 713000, Хэнтийд 302000, Дорноговьд 231000, Төв аймагт 178000, Архангайд 114000 мал хорогдож зудын эрсдэл улам хүндэрлээ. Мал нь олон тоогоор хорогдсон малчдыг дахин малжуулна” хэмээн ярилаа.

Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг “Малын сэг зэмийн устгалыг мэргэжлийн байгууллагаас онцгой анхаарна. Хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг хуулийн дагуу устгана” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *