Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар 10 хүнд л төрийн дээд одон, медаль олгох журам батлагдах бололтой

0

Төрийн дээд одон медальтай холбоотой янз бүрийн шүүмжлэл, байр суурь нийгэмд өрнөдөг. Нийгмийн шүүмжлэл шагнуулж буй хүн рүү бус шагналыг үнэгүйдүүлж байгаа улстөрчид, мөн зарлиг гаргаж буй Төрийн тэргүүн рүү ихэвчлэн чиглэсэн байдаг. Учир нь УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам улстөрчид төрийн одон медалийг халаасалж тараах гэлээ, төрийн дээд одон медалийг үнэгүйдүүллээ, санал авах арга хэлбэрээ болголоо хэмээх шүүмжлэл түлхүү бий.

“Алтан гадас” болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг зах замбараагүй өгдөг байсан бол сүүлдээ Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цолыг ч үнэгүйдүүллээ хэмээх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хөврөх болсон. Үүнээс улбаалж Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар олгох одон медалийн тоог багасгах хэрэгтэй гэх байр сууриуд гарах болсон.

Тэгвэл Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар 10-аас дээшгүй хүнд төрийн дээд одон, медаль олгох зохицуулалт бүхий журмыг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа бололтой. Тодруулбал, Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна. Уг хуулийн төслийн өөрчлөлт бэлэн болмогц УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хэрвээ уг журмыг УИХ-аас баталвал Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон гавьяат, ардын цолыг нийтдээ 10 хүнд л олгоно гэсэн албан бус мэдээлэл дуулдаж байна. Монголын уламжлалт баяр Цагаан сар, наадам мөн Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр зэрэг төрт ёсны өдрүүдэд жилдээ 40-50 хүнд л төрийн дээд цол, одон медаль гардуулах нь.

Дашрамд дурдахад, Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед буюу 1999 онд анх батлагдсан аж. Дараа нь 2017 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед өөрчлөлт орж байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *