“Жижиг Тавантолгой”-д, нийслэлийн А зэрэглэлд эзэн суусан С.Мөнхжаргал гэж хэн бэ

0

“Нийслэлийн А зэрэглэлд сургууль, цэцэрлэг барих газаргүй болтлоо бетонон ширэнгэн ой болсон байна” гэж Хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдсэн. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хан-Уул дүүргийн 26-р хороог илүү онцолсон. Эдгээр хороодод ядаж сургууль, цэцэрлэг барих газраа нийслэл гаргаж авна, тэр орчмын нийтийн эзэмшлийн талбайд хууль бусаар газар эзэмшсэн хүмүүстэй ч хатуу тэмцэнэ гэв. Хотын дарга зогсчихгүй бол нийслэлийн газар эзэн суусан хувь хүн, хуулийн этгээдийг эхнээсээ тодрох нь.  

Зайсан орчмын авто замын ачааллыг багасгах үүднээс нийслэл “АПУ” ХХК-ийн баруун талаар урагшаа Цэлмэг хотхон руу зам гаргахаар төсөвт өртгийг нь тусгажээ. Уг чиглэлд зам гаргаснаар Богд хааны музей орчмын замын ачаалал буурна гэж тооцсон байна. Гэвч эл чиглэлд авто зам тавих газарт С.Мөнхжаргал гэх эрхэм газраа чөлөөлж өгөхгүй, Нийслэлийн газрын албанаас хэдэнтээ дуудаад ирэхгүй байгаа гэв.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Би хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг үнэхээр дийлдэггүй ээ. “Ээрмэл” болон “Мон ноос” компанийн ойр орчмын газрыг бүхэлд нь төрөхөөсөө авахуулаад өмчилсөн аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг дуудаад ирдэггүй ээ. Шалтгаан нь “АПУ” ХХК-ийн баруун талаар Цэлмэг хотхон руу зам гаргаж, Богд хааны музей орчмын замын ачааллыг бууруулах ажлаар дуудаж байгаа юм. Тэр хавийн газрыг ам метрийг нь 450 ам.доллараар зардаг, жижиг “Тавантолгой” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч Мөнхжаргал гэж лут том этгээд байдаг юм байна. Бид одоо ирж уулзахгүй бол нийгмийн зайлшгүй шаардлагаар хүч хэрэглэхээс өөр аргагүй” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, хотын дарга иргэн Мөнхжаргалаас болж авто замын төсөл гацаж байна, би дийлэхгүй юм байна, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, газар эзэмших эрхийг нь хүртэл цуцлуулна гэж буй бололтой.

Тэгвэл Ээрмэл болон Мон ноос компанийн ойр орчмын газрыг “өмчлөөд” авсан гэх Мөнхжаргал гэж хэн бэ гэдэгт хариулт хайя.

С.МӨНХЖАРГАЛ нь Тавантолгойд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн дараа орох том хувьцаа эзэмшигч

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ, үлдсэн 49 хувийг 1900 гаруй хувь хүн, хуулийн этгээд бүрдүүлдэг. Үүнийг задалбал, 19.73 хувь Ажнай корпораци ХХК, 16.97 хувь нь Шандас импекс ХХК эзэмшдэг аж. Энэ хоёр Тавантолгойд төрийн дараа орох хамгийн том хувьцаа эзэмшигчид.

Тэгвэл Тавантолгой ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Шандас импекс ХХК-ийн 50 хувийг Сэмбээжавын Мөнхжаргал, үлдсэн 50 хувийг Их Британи Умард Ирландын Вант улсад бүртгэлтэй “Word Resources” ХХК эзэмшдэг аж. “Word Resources”-ийн хамтран үүсгэн байгуулагч нь мөн Сэмбээжавын Мөнхжаргал аж.

Тавантолгойн хувьцаа эзэмшигч Шандас импекс нь Тэнгэр зууч ХХК, Ариггал ХХК, Шандастранс ХХК гэсэн охин компанитай. Шандастранс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Мөнхжаргал нь Эвсэг ХХК, Хавтшонхор ХХК, Шадархөтөч ХХК, Ашидманлай ХХК, Содгүрэн ХХК, Кашмерхолдингс ХХК зэрэг компанийг эзэмшдэг байна.

Түүнчлэн, өнгөрсөн өвөл болсон нүүрсний сонсголын үеэр Шандас импексийн хувьцаа эзэмшигч Сэмбээжавын Мөнхжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хоёр компани нь Тавантолгойтой нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн асуудал хөндөгдөж байсан. Тухайлбал,

  • “Burling West Co” ХХК 2013-2019 онд 4.0 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.6 тонныг нийлүүлсэн. Уг компани нь Их Британи улсад бүртгэлтэй бөгөөд Сэмбээжавын Мөнхжаргалын төрсөн эгч С.Бямбажаргалынх.
  • “Arirang Mulsan Corp co” ХХК 2020-2022 онд 2.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.5 сая тонныг нийлүүлсэн. Тус компани БНСУ-д байгуулагдсан бөгөөд Park Jong Sun 50%, Kim Dae-Woo 30%, Lee Sang-hee 20% эзэмшдэг. “Arirang Mulsan Corp co” ХХК-ийг Монгол Улсад төлөөлөх компани нь “Тэргүүн-Оюун”. “Тэргүүн Оюун” ХХК нь “Сэлэнгэмаяк” гэх компанийн хувьцааг эзэмшдэг. “Сэлэнгэмаяк” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь С.Мөнхжаргалын хүү Баяр аж.

Мөн Бадрах Од өгөөж ХХК Тавантолгой ХК-д 38.2 тэрбум төгрөгөөр 6937 м/куб газрын хөрс хуулсан. Нэгдмэл сонирхолтой этгээд нь С.Мөнхжаргал, Л.Нямжав гэх хүмүүс бөгөөд Тавантолгойн ТУЗ-ийн гишүүн байсан.

Ер нь нийслэлийн газар эзэн суусан хүмүүсийн ихэнх нь нөгөө л нүүрстэй, эрх мэдлээр холбогдсон ашиг сонирхлын том сүлжээ байгаа болов уу. Энэ сүлжээнд нийслэлд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих газаргүй болтол газар олгосон үе үеийн Засаг дарга нар ч багтана. Хамгийн гунигтай нь, одоо манай хотын захиргаа мөнгө, эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаараа нийслэлийн газрыг нүх сүвгүй өмчлөөд авсан этгээдүүдээс эргээд сургууль, цэцэрлэг, зам, нийтийн эзэмшлийн барих гэж царайчилдаг боллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *