Фокус: Эрх баригчид Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэх бэлтгэлээ хангажээ

0

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримталд өөрчлөлт оруулахад үндсэндээ бэлэн болжээ.

Хамгийн сүүлд, 2011 онд бид Гадаад бодлогын үзэл баримтлал хэмээх тун чухаг баримт бичгээ шинэчлэн баталж байв. Үүнээс хойш 13 жил гадаад бодлогынхоо үндсэн тулгуур номлол, стратегийн үндэс болгон ашиглаж байна.

Тэгвэл, 2020 оноос эхлэн гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой шинэчлэл хийх шаардлагатай тал дээр эрх бүхий хүмүүс анхаарч эхэлсэн гэгдсэн. Энэ үүднээс,

  • Ерөнхийлөгчийн тамгын газар
  • Гадаад харилцааны яам
  • Батлан хамгаалах яам
  • МУИС-ийн УТС, ОУХ, НУС-ийн Олон улсын харилцааны тэнхим
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхим зэрэг институцүүд хэсэг хугацаанд судалгаа хийж, санал зөвлөмжөө боловсруулчихжээ.

Дээр дурдсан институцүүдийн судалгаа, зөвлөмж бэлэн болсон гэдэг мэдээлэл байна. Одоо ЕТГ голчлон хянаж, Гадаад бодлогын үзэл баримтлалыг ямар агуулгаар, хэрхэн өөрчлөх дээр тохирч буй. Үүний дараа хавар юм уу намрын УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж таарна.

Намар гэвэл энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөрх, 126 гишүүнтэй шинэ парламентаар хэлэлцэгдэх болно. Хэрэв улс төрийн сэдэв болно гэж болгоомжилбол эрх баригчид 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчлэлийг хэлэлцэх магадлалтай.

Бидэнд эчнээ танил “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэдэг өгүүлбэр бол өдгөө хүчинтэй, 2011 онд батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлалын “Нийтлэг үндэслэл” хэсгийн дөрөв дэх заалт юм.

Энэ үзэл баримтлалаар бид ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байхыг тэргүүн зорилт гэж томъёолоод, үүнийгээ гуравдагч хөрш орнуудын харилцаагаар тэнцвэржүүлж явах бодлого барьдаг. Мөн өнөөдрийн дэлхий ертөнцийн нийтлэг эрмэлзэл болох энх тайван, ардчилал, чөлөөт эдийн засгийг дэмжих чиглэл дэх чухал заалтууд бий.

Хамгийн анх 1994 онд манай улс бие даасан гадаад бодлого явуулах үндсэн баримт бичгээ баталсан. 2011 онд шинэчлэхдээ бид гадаад бодлогын үндсэн зорилгоо “…замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” гэж тодорхойлсон.

Сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй гадаад бодлогын оновчтой бодлогуудын үр шимээр Монгол Улсын дэлхий нийтэд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх, ОУ-ын байгууллагуудад эзлэх статусаа бататгах агуулгууд урагшилж байна. Мөн нэг хэсэг нам жим тогтноод байсан олон улсын харилцааны дэглэм хурдтай өөрчлөгдөх тийшээ явлаа.

Ийм ч учраас 13 жилийн дараа Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалаа хэрхэн өөрчлөх нь ихээхэн анхаарал татсан, сонирхолтой газар зүйн байршилтай, урт удаан хугацааны түүхтэй орны хувьд амин чухал, тулгуур асуудал болж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *