БАРИМТ: БЗС-г шалгах явцад Л.Энх-Амгалан сайд Д.Оюунхорол, Н.Жанцанноров, Р.Раш нарын хүүхэд болон Ц.Пүрэвхүү нарын зээлийг журам зөрчиж чөлөөлжээ
Боловсролын зээлийн сан /БЗС/-аас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл уг асуудлыг шалгаж байх явцад ч тус сантай холбоотой зөрчил гарсаар байгаа аж. Тиймээс бид энэ удаад БЗС-гийн асуудлыг шалгах явцад буюу өнгөрсөн онд Л.Энх-Амгалан сайд хэн, хэний зээлийг журам зөрчиж чөлөөлөв гэдгийг баримтаар дэлгэж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр “Гэрээний үүргийг дуусгавар болгох тухай” А/31 дугаартай тушаал гаргажээ. Тус тушаалаар БЗС-гийн зээлээр гадаадын их, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөж, гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн даатгал төлсөн гэх нэр бүхий 71 иргэний гэрээний биелэлтийг тооцон гэрээг дуусгавар болгосон байх аж. Өөрөөр хэлбэл, 71 хүний зээлийг чөлөөлөхдөө улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүсийн зээлийг журам зөрчил чөлөөлсөн байна.
Тухайлбал,
- Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн. Тэрбээр 2008 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн 294, 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 591 дүгээр тушаалаар Токиогийн их сургуульд урлагийн менежмент мэргэжлээр суралцжээ. Тэрбээр 49 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад буюу НДШ төлсөн хугацаа нь 60 сар хүрээгүй байхад журам зөрчиж зээлийг нь чөлөөлжээ.
- Улаанбаатар төмөр замын дарга, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Р.Рашийн охин Оргилмаа. УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан гэх тэрбээр 2009 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар тушаалаар АНУ-д төрийн удирдлага чиглэлээр суралцжээ. Гэвч тэрбээр ийнхүү суралцуулах боломжийг олгосон буюу захиалсан байгууллагадаа ажиллаагүй байна. Гэтэл БШУ-ны сайд зээлийг нь чөлөөлжээ.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Боловсрол хариуцсан зөвлөх Я.Төмөрбаатарын охин Энхжин нь 2012 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/354, 2014 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/219 дугаар тушаалаар АНУ-д Колорадогийн их сургуульд уул уурхайн инженер мэргэжлээр суралцсан байна. “Оюу толгой”, “Евро-од” ББСБ-д ажилладаг байсан гэх Т.Энхжин нь дэлхийн тэргүүлэх бус сургуульд тушаал сунгаж, зээлийн сангаас мөнгө авсан байх аж. Гэтэл дэлхийн тэргүүлэх бус шилдэг сургуульд суралцсан түүний зээлийг Л.Энх-Амгалан сайд журам зөрчиж чөлөөлжээ. Шилдэг сургуульд суралцсан суралцагчийн зээлийг тэглэх журам байхгүй юм.
- “Утаа”-ны хэмээн танигдсан Цэрэндоржийн Пүрэвхүүгийн зээлийг мөн л чөлөөлжээ. Тэрбээр 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар АНУ-д олон улсын бизнес худалдаа мэргэжлээр БЗС-ийн хөрөнгөөр суралцсан байна. “Утааны эсрэг аав ээж” ТББ, “Тавантолгой түлш” зэрэг байгууллагад ажиллаж байсан түүнийг зээл нь чөлөөлөгдөх ёсгүй байхад Л.Энх-Амгалан сайд дээрх тушаалаараа чөлөөлсөн байх аж.
- УИХ-ын гишүүн асан Оюунхоролын хүү Жаргалсайханы Төрболд нь БШУЯ-нд ажиллаж байхдаа буюу 2010 онд АНУ-д олон улсын харилцаагаар сурахаар БЗС-гаар суралцсан байна. 30-хан сар НДШ төлсөн түүнийг зээлийг мөн Л.Энх-Амгалан сайд чөлөөлсөн байна.
- Боловсролын яамны газрын дарга асан, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат багш гэх эрхэм шагналыг хүртсэн М.Баасанжавын хоёр хүүхэд нь буюу Баасанжавын Алтанчимэг, Баасанжавын Хулан нар нь БЗС-гаар гадны улсад суралцжээ. Харин Л.Энх-Амгалан сайд тэдний ажилласан жил болон НДШ төлсөн жил нь журамд заасан хугацааг хүрээгүй байхад зээлийг нь чөлөөлсөн байна. Ноцтой нь Баасанжавын Хулан нь 2012 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн А/348 дугаар тушаалаар АНУ-д бизнесийн удирдлага мэргэжлээр суралцсан байхад буюу зээлийг нь тэглэх зохицуулалтгүй байхад гэрээг дуусгавар болгосон байх аж.
- Чингисхаан ОУНБ-ын Гаалийн газар, МУИС-д багшилдаг Х.Амантай нь Монгол Улсад ажилласан жил нь хүрээгүй байхад буюу ердөө 34 сар НДШ төлсөн байна. Гэтэл мөн түүний зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгожээ.
- Баттөрийн Мишээл “Эрдэнэс Монгол” ХХК-д ажилладаг тэрбээр 2014 оны наймдугаар сарын 11-ний өдрийн А/320 дугаар тушаалаар БНСУ-д олон улсын худалдааны мэргэжлээр суралцаж, Монгол Улсад 41 сая НДШ төлжээ. Өөрөөр хэлбэл түүний НДШ төлсөн хугацаа хүрээгүй байхад зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэсэн үг.
- АНУ-ын Элчин сайдын яамны дэд консул асан, Гадаад харилцааны яамд ажилладаг Чулуунбаатарын Сүхбаатарын зээлийг зээл чөлөөлөлтөд хамрагдах ёсгүй байхад чөлөөлжээ. Учир нь тэрбээр 2012 оны аравдугаар сарын 10-ны өдрийн тушаалаар АНУ-д хүний эрхийн чиглэлээр суралцсан байна.
Гэтэл энэ мэт зөрчилтэй суралцагчийн зээлийг чөлөөлөх БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалд Төрийн нарийн бичгийн дарга асан, одоогийн Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, БЗС-гийн Ажлын албаны дарга асан Д.Гарди нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байх аж. Магадгүй эдгээр зээлүүдийг БЗС-гаас чөлөөлөхөд хуулийн байгууллагын мэдээлсэнчлэн эрх мэдэлтэй, албан тушаалтнууд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс бид дараагийн дугаарт өмнөх сайд нар хэний зээлийг, хэрхэн чөлөөлж байсан талаарх баримтыг цувралаар хүргэх болно.
Үргэлжлэл бий …
Эх сурвалж: isee.mn