Монгол-Австралийн “АМЕП” хөтөлбөрөөр ашигт малтмалын нөөцийг бүртгэх өгөгдлийн санг үүсгэжээ
Монгол-Австралийн эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагааны “АМЕП” хөтөлбөрийн хүрээнд манай улсад 54 төсөл хэрэгжжээ. Үүнд 200 гаруй байгууллага хамрагдаж, үр дүнг салбарын 6 мянга гаруй хүн хүртсэн байна.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэйти Смит энэ талаар хэлэхдээ, Австрали Монгол хоёр зарим талаар ижил төстэй улс орнууд. Үүний нэг нь эдийн засаг нь уул уурхай дээр тулгуурладаг.
Тиймээс манай төслийн гол зорилго уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, шинэ туршилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэдгийг 9 жил хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хаалт дээр онцолж байлаа. Тэрбээр хөтөлбөрийн хүрээнд төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, орон нутаг гээд бүх талыг оролцоо болон тогтвортой, ил тод байдлыг хангахыг хичээн ажиллалаа гэв.
Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэхэд толорхой хувь нэмрээ оруулсныг оролцогч нар хэлж байлаа.
Тодруулбал, УУХҮЯ, АМГТГ, Австралийн ЭСЯ хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд:
- Монгол Улсын эрдэс баялгийн салбарын чадавхыг дээшлүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бэхжүүлэх,
- олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх,
- Геологийн мета дата каталог “МонГеоКат” болон “МонГеоКол” системийг өргөтгөж,
- УУХҮЯ, АМГТГ-ын олон нийтийн харилцааны стратеги төлөвлөгөө,
- “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс” хөтөлбөр,
- ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ код,
- ашигт малтмалын нөөцийн бүртгэлийн “МонГеоМин” системийн өгөгдлийн санг үүгэх,
- хээрийн шуурхай хяналт, албан томилолтын үеэр мэдээлэл цуглуулах, орчин үеийн цахим системийг хөгжүүлэх зэргээр олон төсөл хэрэгжүүлжээ.
АМЕП хөтөлбөрийн бүх тайлан мэдээлэл нээлттэй болсныг төслийн багийн ахлагч Рена Гүэндүэз хэллээ.
Тэрбээр, эрдэс баялгийн салбарын хөгжлийн төлөө аль нэг тал нь илүү ашиг харж, илүү хүртэхдээ бус хамтдаа үнэ цэнээ бүтээж, хамтдаа тэр үнэ цэндээ талархаж, эрх тэгш, ижил бодол сэтгэлээр урагшилж байх нь хамгаас чухал гэв.
Уул уурхайн салбарын ахлах зөвлөх Н.Алгаа хэлэхдээ, уул уурхайн салбарт лицензийг сонгон шалгаруулалтаар олгодог байдлыг онлайн платформ дээр хийдэг болсноор хүнд суртлыг халж, цаг хугацааг хэмнэсэн дэвшил гарсан. Энэ манай салбарыг хөгжүүлэхэд их түлхэц боллоо гэсэн юм.
Уул уулхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, төрийн байгууллагууд эрдэс баялгийн салбарт аливаа нэг шийдвэр гаргахдаа судалгаа нотолгоо, шинжилгээн дээр үндэслэсэн байдлаар харьцуулсан судалгааг хийдэг онол-практикийн үйл ажиллагаа байдаг. Үүнийг бид АМЕП хөтөлбөрийн хүрээнд дотоод, гадаадын хөндлөнгийн шинжээчдийн хамт хийлээ гэв.
Хөтөлбөрийн хаалтын үеэр хөтөлбөрийн тайлан материал, бичиг баримт, судалгаа болон мэдээ, мэдээллийн санг Монголын талд буюу УУХҮЯ-нд бүрнээр хүлээлгэн өгөв. Ингэснээр бүх талын мэдээллийг салбарын яамны цахим хуудаснаас авах боломжтой болж байна.