ҮАБЗ-д анхааруулахад: Монгол хойноо хоригт, урдаа өрөнд орох вий!

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр “ОХУ нефтийн импортоо хязгаарлах шийдвэр гаргасан. Түүнд нь Монгол Улс багтаагүй. Гэхдээ баталгаажсан шийдвэр нь хараахан ирээгүй” гэж там тум мэдээлэл өгчээ. Товчхондоо, ОХУ-аас тавьж буй нефтийн импортыг хязгаарлах хоригт Монгол багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэсэн үг. Мэдээж, хоригт орохгүй бол Монголд шатахууны хомсдол үүсэхгүй гэсэн үг. Харин хоригт орсон нөхцөлд авах арга тактикаа боловсруулсан байх ёстой. Ямартай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны хувьд “сүх далайтал үхэр амгалан” байгаа бололтой, бинзен шатахууны хувьд бүх сав дүүрсэн, хангалттай нөөцтэй” гээд сууж байна.

Монгол шатахууны хувьд Москвагаас шууд хараат. Хэрэглээнийхээ 90 хувийг Оросоос хангадаг учраас хойдох Царь үе, үе хязгаарлалт, хориглолтоор Монголын эрх баригчдаар “хадаг, яндартай” гуйлгуулна. Өгөх хүн гэдийнэ гэдэг үг үндсэндээ шатахууны импорт дээр  жинхэнээсээ харагддаг, хэрэгждэг.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  Монголд шатахууны хомсдол нүүрлэж, тухайн үед БНХАУ-аас нэмэлтээр түлш импортлож, гал намжааж байв. Монгол Улсын шатахууны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж 2023 оны сүүлийн гурван сард АИ-92 автобензины борлуулалт 60 мянган тонн, дизель түлш 100-110 мянган тоннд хүрсэн.

Тэгвэл энэ удаад хойноо хоригт орж, хязгаарлалтад өртвөл Монгол Улс хомсдлоо яаж шийдвэрлэх вэ гэдэг толгой гашилгасан асуудал болж болзошгүй байна. Учир нь, Хятадаас импортлож буй шатахууны 90 хувийг “Трафигура” нийлүүлдэг. Атал тус компанид Монгол Улс багагүй хэмжээний өр төлөх нөхцөл үүссэн талаарх мэдээлэл бий. “Блүүмберг” мэдээлэхдээ “Трафигура”-д Монголын худалдан авагчид их хэмжээний өр тавьсан, энэ нь тус улсад ихээхэн хохирол учруулж болзошгүйг дурдаж байв.

Үндэстэн дамнасан “Трафигура” компани нь гаднаас түүхий эдийг нь оруулж ирж, дотоодод шатахууны үйлдвэрлэдэг. Үүнээс болоод тус компанийг “хуурамч шатахуун үйлдвэрлэдэг” гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос буруутгаж байлаа. Сингапурт төвтэй тус компанийн Монгол дахь “бие төлөөлөгч” нь “Аргал ойл” компанийн эзэн Э.Жононбаяр. “Аргал ойл” нь Монголд  бүх төрлийн шатахууны жижиглэнгийн болон бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2018 оны тавдугаар сард байгуулагдсан компани аж. Э.Жононбаярын ард МАН-ын цагаан байрны нэр бүхийн томчууд байдаг гэх яриа “тамхины цэг”-ийн хов болоод удсан.

“Трафигура”-гийн нэг сул тал нь бизнесийн эрх ашгаа хамгаалах гэж МАН-ын улстөрчидтэй хэт сүжирч, тэдний хамаарал бүхий компаниудад зээлээр шатахуун олгосон нь Хятад, Монгол хоёр улсын дунд асуудал үүсгэж болзошгүй байна.

Энэ тухай “Трафигура” мэдээлэхдээ “Манай компани Монголд газрын тос, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Газрын тосны бизнестой холбоотой зарим асуудал Монголд үүссэн” талаар мэдээлснийг гадаад, дотоодын хэвлэлүүдээр цацагдсан. Ийнхүү тус компанийг тойрсон ээлжит нэг дуулиан эдийн засагт эрсдэл дагуулж мэдэхээр байна.

Хэрэвзээ “Трафигура”-гийн өр зээлийн асуудал өндрөө авбал Монгол Улс нь шатахууны хувьд хойноо хоригтой, урдаа өртэй болж мэдэх нь. Тиймээс өр зээл, өглөг, авлагын асуудалд анхаарахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл нүүрлэж болзошгүй. Энэ тохиолдод МАН-ын дарга нар мянган удаа “матрын нулимс” унагаад ч нэмэргүй болсон байх вий.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *