Бага ангийн сурагчдыг байгалийн ухаанд сонирхолтой болгох төсөл хэрэгжүүлнэ

0

Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэх буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурав.

Японы Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хоёр дахь жилийн гэрээнд гарын үсэг зурах ёслол МУБИС-д өчигдөр боллоо. Уг гэрээнд Япон Улсын хэргийг түр хамаарагч Ш.Кикүма, “All Life Line Net” ТББ-ын ерөнхийлөгч Т.Кидокоро нар гарын үсэг зурав.

“All Life Line Net” нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг 2022 онд хэрэгжүүлж дууссан. Энэ төслөөр дунд ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлж, багш нарт зориулсан сургалт зохион байгуулсан юм.
 
Энэ төслийг хэрэгжүүлсэн туршлагадаа суурилан, өнгөрсөн жилийн гуравдугаар сард эхэлсэн “Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • Бага ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах
  • Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт зохион байгуулах
  • Байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох үйл ажиллагааг явуулах
  • Бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжуудыг бүрдүүлэх

“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл” энэ сарын 20-ноос 2025 он хүртэл хэрэгжинэ, төслийн санхүүжилт 232 мянган ам.доллар юм.

*Японы төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы Олон Улсын хамтын ажиллагааны ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгодог тогтолцоо юм гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *