“Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг, хувцас, эд материал хандивлажээ
Улсын онцгой комисст нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив,тусламжийг ирүүлсэн байна.
Зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, нэгдэж байна.
Энэ хүрээнд өнөөдөр “Ачит-Ихт” ХХК 100 сая төгрөг, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон 625.000 төгрөг хандивласан бол “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг болон хувцас эд материалын тусламж үзүүлж, УОК-т хүлээлгэн өглөө.
Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 29-ний өдрүүдийн байдлаар 33 иргэн, 53 аж ахуйн нэгж, байгууллагаас 1.954.445.987 төгрөгийн мөнгөн хандив, 2 иргэн, 18 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.132.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 2.727.578.887 төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлэв гэж ОБЕГ-аас мэдээлэв.
ХАНДИВ ТУСЛАМЖ ӨГСӨН БАЙГУУЛЛАГУУД
- ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сэргээн засах төв 113 дугаар ангийн хамт олноос нэмнээ 100, хурганы уут 40, хурганы элгэвч 35, бээлий 50, халад 70, лаа 75, чүдэнз 72-ыг Төв аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ.
- “ЖММ”ХХК-ийн хамт олноос 200 ширхэг бээлий хандивлав.
- “Өлзийт хөсөг” компани 110 тонн “Сайн” цагаан будааг малчдад туслах аяны хүрээнд хандивлалаа.
- Шинэ АУИС-ийн ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Амбага малчдын дархлаа дэмжих зорилгоор 400 ширхэг салимон бэлдмэл хандивлав.
- Үндэсний үйлдвэрлэгч “Янмал” ХХК 10 мянган ширхэг даавуун оймс, 2000 өвдгөвч олголоо.
- Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын ажилтнууд нэг өдрийн цалин 1 340 000 /нэг сая 340 мянга/ төгрөгийг малчдад туслах аяны хүрээнд хандивлалаа.
- Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяныг энэ сарын 24-нд Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан. Тус хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая төгрөг цугларчээ.
- “Петровис” групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа.
- “Монголын хийн түлшний холбоо” ТББ 150 ширхэг, мөн Улсын онцгой комиссын орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа баг бүрэлдэхүүнд тус бүр нь 200 мянган төгрөг буюу нийт 32 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл, хийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
- “Монголын ачаа тээврийн ассоциац” ТББ-ын 50 гаруй гишүүн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон зам даваа нээхэд зориулж Улсын онцгой комисст болон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус бүр 15 сая буюу 30 сая төгрөгийн хандивыг гардууллаа.