УЛСДАА ХЭРЭГТЭЙ, УХААЛАГ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ГЭЖ НОТЛОХ ГЭСЭН САНЖИЙН БАЯРЫН НЭВТРҮҮЛГИЙН АР ДАХЬ САНААРХАЛ
МАН-ЫН ЖАГСААЛТАД ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР БАГТАХААР ЗАМАА ЗАСАЖ ЭХЛЭВ ҮҮ-
“Баяртай үдэш” нэвтрүүлгээрээ Ерөнхий сайд асан С.Баяр есөн удаа үзэгчидтэй уулзлаа. Улс төр, урлаг соёл, сэтгүүл зүйн салбараас олон нийтийн өмнө тэр бүр ил гараад байдаггүй ховор зочидтой уулзаж, ярилцаж байгаа нь олны анхаарал татах болов. Үзэгчдийн дунд хүлээлт ч үүсгэж байна. Гэвч Ерөнхий сайд асан С.Баяр “Баяртай үдшээрээ” дамжуулж, улсдаа хэрэгтэй, ухаалаг Ерөнхий сайд байснаа нотлох гэж “улайрах” болов.
Ухаандаа уулзсан зочдоороо өөрийгөө хөнгөхөн магтуулах, “Улс төрд хэрэгтэй хүн байсан шүү” гэдгээ яриулах улс төрийн тактик сэм явуулаад эхэлсэн нь анзаарагдаж байна.
Түүний хамгийн тод жишээ нь “Херо” энтертайнмэнтийн захирал, найруулагч Б.Баатартай ярилцах үеэр С.Баярыг “Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирсэн хамгийн анхны сайд” гээд ил цагаан магтаж байгаа харагдана лээ. Тэрбээр “Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг Монгол руугаа татах гэсэн олон хүн, олон улстөрч байсан. Бараг Сайн Ноён Хан Намнансүрэн, Хан Вангаас эхлээд хөөцөлдсөн байх. Хөөцөлдөж явж явж саяхан тань дээр л гуравдагч том хөршийн бодлого, хөрөнгө оруулалт орж ирж, том төсөл хэрэгжсэн” хэмээн Оюутолгойн төслийг магтаж амжсан. Хариуд нь экс Ерөнхий сайд хөнгөн мушилзаад ярицагчаа дараагийн сэдэв рүү нь чиглүүлчихсэн. Түүнээс өмнө СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг “Та улс төрийн хаалга хаалаа, гэрлээ унтраа гээд л гарсан. Ингээд улс төрийг орхиж байгаа юм уу” гэх асуултад “Хариулах үгүйгээ дараа шийдье” гээд үзэгчдийн дунд асуулт үлдээсэн ч удаатай.
Анзаарвал оролцогчид нь түүнийг “Сайн Ерөнхий сайд, хүндэлдэг улстөрч” гэж магтах нь олонтаа. Хэдийгээр хувь хүний итгэл үнэмшил мэт боловч цаад агуулгаар улс төрийн том нүүдэл хийх гэж байгаа нь илт мэдрэгдэж байгааг олон нийт ч гадарлагдахтайгаа байна.
Угтаа бол Ерөнхий асан сайд С.Баяр дахин улс төрд орж ирэх бэлтгэлээ базаасан бололтой.
Экс Ерөнхий сайдын нэвтрүүлгийн зочид ч улс төрийн томчууд, төрд нөлөө бүхий эрхмүүд одоогийн улс төрд өрнөж байгаа гол тоглолтыг “найруулж” байгаа хүмүүс байх. Цаашлаад түүнийг хийсэн ажил хэлэх үгийг нь хамгийн сайн мэдэх Ерөнхий сайдаар ажиллаж байхад ойр байсан хүмүүс олонх нь байлаа.
Эндээс анзаарвал улс төрд нөлөө бүхий салбарын томчуудаар өөрийнх нь эрэлт хэрэгцээ төрд байна гэдгийг хэлүүлэх агуулга цухалзаж байгааг үзэгчид хэлүүлэлтгүй анзаарсан биз. Тэр ч байтугай МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай ярилцах үеэрээ тэрбээр “2008 онд байгуулсан эвслийн Засгийн газар чадахаараа ажилласан. Оюутолгойн гэрээ, Атрын III аян, зэрэг цөөхөн ажил хийсэн” хэмээн хийсэн ажлаа ч давхар сануулаад амжсан. Монголчуудын “загасны ой” санамжинд байх улс төрийн үйл хэргээ дахин сануулсан гэх юм уу даа.
Ерөнхий сайд асан С.Баяр “Би улс төрөөс хөндийрсөн” гэж нэвтрүүлгийнхээ дундуур үе үе сануулах ч улс төрд хэрэгтэй хүн байсан шүү гэдгээ илэрхийлж байгаа нь гарцаагүй. Цаашлаад улс төрд дахин орох бодолтой гэдгээ ч хэд хэдэн удаа нэвтрүүлгийн дундуур цухалзуулаад байх. Тэгэхээр Ерөнхий сайд асан С.Баярын “БАЯРТАЙ ҮДЭШ” нэвтрүүлэг улс төрд нэр цэвэр, эрэлт хэрэгцээтэй хүн болж орох санаархал байж мэдэх нь.
Тэр батугай Ерөнхий сайд асан С.Баярыг ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад багтах гэж байгаа баттай эх сурвалжууд мэдээллэх болов. Саяхан болсон намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ч жагсаалтад багтах гишүүдийн талаар ярилцаж, жагсаалтаар орж ирэх 48-д хууччуулаасаа багтаана гэх яриаг Ерөнхий сайд илэрхийлсэн гэдгийг МАН-ынхан жиг жуг гэлцэх болжээ. Түүний нэг нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр байх нь гарцаагүй болов.
Нэгэн цаг үед МАН-ыг “атгаж” АН-тай нэгдэж төрийн эрхийг барьж, мандаж байлаа. Тиймдээ ч түүнийгээ дахин сануулж, улс төрд хэрэгтэй хүн шүү гэдгээ Баяртай үдшээр илэрхийлж байгаа бололтой.
Өөрөөр бол С.Баяр “Баяртай үдэш”-ээрээ улс төрд орох замаа засаж байна гэх үү дээ. Нэвтрүүлгийн дундуур зочид нь түүнийг “Хүндэлдэг улстөрч, Монголын улс төрд гол тоглогчдын нэг байсан, улс төрийн нөлөө бүхий хүн” гээд зүгээр ч нэг магтчихсан хэрэг биш гэсэн үг. Улс төрд орох замаа цэвэрхнээр засаж, өнгөрсөн хугацаанд мартагдсан нэрээ дахин сэргээх улс төрийн тактик өрнөж байгаа бололтой.
С.Баярын хувьд Оюутолгойн гэрээний гай, гавъяа хоёрыг зэрэг үүрээд гарсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө Оюутолгойн гэрээ шиг муу гэрээ байгаагүй бол далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед Оюутолгойн хөрөнгө оруулалтаас хүлээх хүлээлт хамаагүй өндөр болсон. Тун удахгүй ашгаа өгч эхэлбэл, Оюутолгойн гэрээгээр ял авсан тухайн үеийн улстөрчидийн нэр “бүтэн” болох нь гарцаагүй. Тиймдээ ч Ерөнхий сайд асан С.Баяр улс төрийн нүүдлээ хийж одоогийн МАН-ын гал тогоог баригчидтай гар барилцаж эхэлсэн бололтой.
Оюутолгойн хэргээр ял сонссон Ерөнхий сайд улс төрд дахин санаархаж, нэрээ цэвэрлэж эхэлсэн нь “Баяртай Үдэш” байв.