ОХУ-аас импортолж байсан шингэрүүлсэн хийтэй вагоны улмаас Сэлэнгэд “түгшүүр” зарлав
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд энэ сарын 1-ний үдэш “түгшүүр” зарлаж, замын хөдөлгөөнийг хязгаарласан нь зарим иргэнийг тэвдүүллээ. ОХУ-аас тус өртөөнд орж ирсэн вагонцистернүүдийн нэгэнд шингэрүүлсэн хийн нэг төрөл пропан тээвэрлэж байсан аж. Тэдгээрийн нэгнээс хий алдагдаж байгаа тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газарт ирсний дагуу хамгаалалтад авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан гэнэ.
“Улаанбаатар төмөр зам”-ын Сүхбаатар өртөөнд орж ирсэн вагонцистер-нүүдэд тус өртөөний ажилчид лацны үзлэг шалгалт хийж байх үед хий алдагдаж буй юм шиг чимээ сонсогдсон гэх мэдээлэл холбогдох байгууллагынханд өнгөрсөн баасан гаргийн 21.10 цагийн үед иржээ. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, “Сүхбаатар” өртөөний туслах зам дээр 35 тн пропан хий ачсан вагонцистернийг бусад ачаатай вагоноос салган тусгаарлаж, аймгийн Цагдаагийн газрынхан тухайн орчинд иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Энэ нь иргэдийг тэвдүүлсэн үйл явдал болжээ.
Онцгой байдал, цагдаагийнхан, хий импортлон борлуулагч аж ахуйн нэгжийнхэн хамтран хяналтын хоолой, хавхлагийг шалгаж, тусгай багажаар хэмжилт хийхэд алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй аж. Хий импортлон борлуулагч аж ахуйн нэгжийнхэн тухайн вагонцистерний тагийг дахин чангалаад, аюулгүй гэж мэдэгдсэнээр цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамгаалалтаа буулгасан байна.