Залаатын аманд улс төрийн ямар нууц уулзалт болчихов?
Сонгууль юу юугүй туллаа. Улс төр хачин ажин түжин байна. Уг нь өдийд улс төр учиргүй халж байдагсан. Хот хөдөөгүүр зөрөлдөж гүйсэн улстөрчид, горилогчид л олон байна. Зарим тоймчид “Энэ маягаараа нам гүм байсаар санал өгөх өдөр болоод сонгууль дуусна” гэж бичээд эхэллээ. Гэвч тэр нь юу л бол доо. Энд тэнд улс төрийн тохироо хийдэг нууц уулзалтууд болоод л байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Дархан цаазат Богдхан уулын Залаатын аманд байх нэгэн газарт улс төрийн нууц уулзалт болжээ. Хэн нэгний харш эдлэн ч байж болзошгүй юм байна. Улс төрийн хүрээнийхэн ам дамжуулан ярьж байна. Бодвол ийм томоохон уулзалт ойрд болоогүй, эсвэл олон улстөрч оролцож улс төрийн томоохон шийдэл гаргасан бололтой. Одоогоор тэрхүү уулзалтын талаар тодорхой мэдээлэл алга. Удахгүй ил болж таарах биз.
Эх сурвалжуудын яриа хөөрөөнөөс анзаарвал өмнөх Тэрэлжийн уулзалт, Хөвсгөлийн уулзалтуудтай дүйхүүц уулзалт болсон гэж байна. Тэдгээр уулзалтыг олон нийтэд ил зарлаагүй болохоор нууц хэмээдэг. Басхүү тэр уулзалтуудаар улс орны шинжтэй, тэр
Тэрэлжид бол МАН, АН-гүй уулздаг. Ялангуяа сонгууль дөхүүлээд тэнд очиж яриа хөөрөөгөө хийдэг. Намын дарга нь тусдаа гэрт тухалж, хойморт нь сууж байгаад гишүүдээ нэг нэгээр нь хүлээж авдаг. Ийм дүр зурагтай уулзалтын эцэст намын дарга нь хүн нэг бүрийн үзэл бодлынх нь зүг чигийг зааж өгдөг. Харин даргадаа бараалхсан гишүүн улс төрийн байр сууриа баталгаажуулж авдаг. Том намуудад ингэж сонгуулийн өмнө томоохон уулзалтаа Тэрэлжид хийдэг.
Басхүү улс төрийн шийдлийг ч Тэрэлжид гаргана. Сүүлд 2021 онд эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэнд ч ярьсан. Тэгээд “Үндсэн хуулийг өөрчилье” гэдэг дээр бүгд нэгдсэн гэдэг.
Хөвсгөлийн тухайд бас түүхтэй. Өнгөрсөн зун МАН-ынхан тэр чигтээ Хөвсгөлд амарсан. Амрах ч гэж намар нь нүүрсний сонсгол явчих гээд тус намынхан хуйгаараа Хөвсгөлд очиж нүүрсний сонсгол тойроод баахан ярьсан гэдэг. Тэр талаар хэвлэлүүд маш их бичсэн дээ. Жишээ нь “Хөвсгөлд болсон уулзалтад улстөрчид, улс төрийн ажилтнууд, томоохон бизнесмэнүүд оролцсон. Тэд улс төрийн том тохироо, нууц яриа хөөрөө хийсэн” гэх агуулга бүхий мэдээллийг одоо ч бичиж байна. Мэдээж хэрэг, амарч яваа хүмүүс юу ярих нь бусдад хамаагүй. Тэр тусмаа анд найз, журмын нөхдийн яриа хөөрөө хэнд ч падгүй. Гэхдээ тэр уулзалт дээр нүүрсний сонсголын талаар яригдсан байгаа юм. Тэр нь анхаарал татлаа. Шулуухан хэлэхэд, тэрхүү “Хөвсгөлийн нууц уулзалт”-аар нүүрсний сонсголын хувь заяаг шийдчихсэн бололтой. “Яаж шийдсэн нь сар гаруйхны дараа мэдэгдэнэ. Сонсгол болох уу, болохгүй юу гэдэг нь тодорхой болно. Ер нь бол сүрхий яригдаж байгаад таг болсон нүүрсний сонсголыг УИХ-ын дарга Г.Занданшатар гацаанаас гаргаад орхичихсон. Тэрээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан. Түүндээ “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байдаг. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан. Энэ ажлын хэсэг сонсголыг нэг тийш болгох үүрэгтэй” гэж бичиж мэдээлж байв. Үнэхээр ч тэрийг нь баталгаажуулсан үйл явдлууд Монголын улс төрд өрнөсөн. Өнөөдөр нүүрсний хэрэг яаж дуусч байгаа нь ч түүний нотолгоо болно.
Эдгээрийг эргэн сануулсны учир нь ердөө өчигдөр уржигдархан болж өнгөрсөн Залаатын амны уулзалтаас улбаатай мөн л улс төрийн томоохон үйл явдлууд өрнөж магадгүй гэсэн үг.