Хариуцлагагүй генсекийн алдаанаас болж тамирчдын хүч, хөдөлмөр үнэгүйдлээ

0

Монголын боксын үндэсний шигшээ багийнхан 2024 оны нэгдүгээр сарын 13-нд Унгарыг зорьж байсан билээ. Тэд Европ урт хугацааны хамтарсан бэлтгэлд хамрагдахын сацуу Унгар, Германд болох олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, өөрсдийн чансаагаа сорьсон. Хамгийн гол нь өчигдөр Италийн Буста Ацизо хотод эхэлсэн олимпын эрх олгох тэмцээнд оролцох ёстой байлаа. Гэвч уг тэмцээний сугалаа болоход Монголын тамирчдын нэр байсангүй. Учир нь, Монголын боксын холбооны ажлын албаныхны хариуцлагагүй байдлаас болж олимпын эрхийн тэмцээнээс мэдүүлгээ хоцроожээ. Ингээд манайхан Италид тэмцээндээ оролцох гэтэл Монголын баг тамирчдын мэдүүлэг хоцорч ирснийг мэдсэн байна. Нэгэнт хоцорсон учраас тэмцээнд оролцуулах боломжгүй гэдгийг албаныхан манай багт хэлжээ. Чухам ямар албан тушаалтай, хэн гэдэг нөхрийн хариуцлагагүй байдлаас болоод нэг тэмцээнийг салхинд хийсгэв. Юу болсныг товчхон сийрүүлье.

Италийн Буста Ацизо хотод болж буй олимпын эрхийн тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөх сүүлчийн хугацаа нэгдүгээр сарын 19-ний өдөр байжээ. Харин Монголын үндэсний олимпын хорооноос Монголын боксын холбоо руу нэгдүгээр сарын 6-нд “Олимпын эрхийн тэмцээний мэдүүлгээ яаралтай явуулаарай” гэх утга бүхий албан мэйл явуулсан байна. Яг энэ үеэр нь Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан гэх хүн архидан согтуурч, багагүй хугацаанд холбоо тасарч алга болжээ. Ингээд Монголын боксын холбооныхон түүнийг хайх ажилдаа орсон байна. Улмаар Цагаан сарын өмнө олж уулзсан гэх. Гэвч нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн учраас зохион байгуулагчид Монголын мэдүүлгийг авсангүй. Нэгэнт хоцорсон мэдүүлгийг явуулах оролдлого хийсэн ч бүтэлгүйтэв. Нэг ёсондоо оролдлого хийгээд бүтэлтгүйтсэн учир огт мэдүүлэг явуулаагүй гэсэн үг болж байгаа юм. Хамгийн гол нь мэдүүлэг хоцроосноо Ц.Батнасан нуун дарагдуулсан байдлыг улам хүндрүүлж орхисон байна. Тамирчдын мэдүүлэг хоцорсныг Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар МҮОХ-ныхноос сонссон аж. Бүх зүйл орвонгоороо эргэснийг мэдсэн тэрбээр Ц.Батнасанг дуудаж учрыг тодруулсан ч “Миний буруу, уучлаарай” гэдгээс өөр зүйл хэлээгүй байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудлаас болж Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар ажлаа өгчээ.

Хариуцлагагүй генсекийн алдаанаас болж тамирчдын хүч, хөдөлмөр үнэгүйдлээ

Харин Ц.Батнасан Италид байгаа тамирчид дээр очсон бөгөөд тэнд “уянгын дуу” дуулж буй сурагтай. Тамирчдын өмнө буруугаа хүлээж, уучлалт гуйж суугаа гэнэ. Тэгвэл Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн албыг дэд ерөнхийлөгч В.Ганзориг авсан бөгөөд тэрээр тэмцээнийг зохион байгуулагчдад хандив өгч, Монголын тамирчдын мэдүүлгийг оруулж өгөхийг багагүй хөөцөлдсөн ч тусыг эс олжээ.

Монголын шигшээ багийнхан гуравдугаар сарын 13-ныг дуустал Италийн Буста Ацизо хотын зочид буудалд байрлана. Тэд мандатаа авч чадаагүй тул тэмцээнд оролцох нь битгий хэл тус тэмцээнийг үзэх ордонд нэвтрэх ч боломжгүй, хүнд байдалд байгааг эх сурвалж хэллээ. Түүгээр ч зогсохгүй бэлтгэлд хамрагдахад бусад орныхон манайх тамирчдыг шоолонгуй байгаа нь тэднийг улам ихээр сэтгэл зүйн дарамтад оруулж байгааг онцоллоо.

Тэгвэл бүхэл бүтэн шигшээ багийн тамирчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн, талаар нэг болгосон Ц.Батнасанд ямар хариуцлага тооцох вэ. Ажлаа өгөх нь бол зүйн хэрэг. Угаасаа тэр боксын холбоонд ажиллах чадваргүй гэдэг нь харагдаж байна. Ц.Батнасан 2014 оноос хойш Монголын боксын холбооны генсекээр ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг бус удаа хэл аманд өртсөн тухай мэдээлэл чих дэлссэн байдаг.

Боксын тамирчдад олимпын эрх авах хоёр тэмцээн бий бөгөөд Ц.Батнасангийн хариуцлагагүй үйлдлээс болж нэг тэмцээн нь салхинд хийслээ. Энэ тэмцээнд орохын тулд монгол тамирчид Европод цуврал тэмцээн, бэлтгэлд хамрагдаад хоёр сарыг өнгөрүүлснийг зориуд цохон тэмдэглэе. Хайран мөнгө санхүү, хайран хөлс хөдөлмөр…

Биеийн тамир, спортын улсын хороо, түүний дэргэдэх үндэсний шигшээ багийн алба болон Монголын боксын холбооноос хоёр сарын бэлтгэл сургуулилт, байрлах байр, хоол унд, замын зардалд багагүй мөнгө зарцуулсан. Гэвч нэг хүний хариуцлагагүй байдлаас болж боломжоо алдлаа. Уг нь Монголын тамирчид сайн формтой яваа. Италийн тэмцээнээс хамгийн багадаа л гурван эрх авах боломжтой байсан. Италийн тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль зүүсэн тамирчин бүр Парисыг зорих тийзээ өвөртлөх байлаа. Монголын багийн хувьд тус тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтаж байсан юм.

Олимпын эрх олгох дараагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо тавдугаар сард болно. Уг тэмцээнд олимпын эрх авч чадаагүй дэлхийн шилдгүүд ирнэ. Тэр хэрээр эрх авах боломж багасна гэсэн үг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *