УИХ: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана

0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодын дарга, гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн хамгийн өндөр хувиар дэмжсэн асуудлын нэг нь ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хяналт шалгах, бие даасан тогтолцоог бий болгох асуудал байсныг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцолсон юм. Ялангуяа санал асуулгад оролцсон иргэдийн төлөөлөл нийгмийн шударга ёс алдагдаж буй талаар саналаа илэрхийлж байсан. Ийм учраас авлига, хээл хахуулийг үндсээр нь таслан зогсоох эрх зүйн шийдлийг боловсруулахыг холбогдох байнгын хороодод чиглэл болголоо. Энэ хүрээнд хяналт шалгалтын бие даасан тогтолцооны талаарх олон улсын туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг судлан холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгахад анхаарч ажиллахыг Хууль зүйн байнгын хорооны даргад тус тус үүрэг болголоо.

Зөвлөлдөх санал асуулгын жижиг бүлгийн хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналд нарийвчилсан чанарын судалгааг хийх нь холбогдох хууль тогтоомжид иргэдийн бодит саналыг тусгахад ихээхэн ач холбогдолтой талаар дурдаж, Зөвлөмжид дурдсан дөрвөн багц асуудлаар ажлын хэсгүүд байгуулахаар тогтлоо. Эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд санал болгов.

Түүнчлэн, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан талаарх тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг даалгалаа.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *