Татварын байцаагч компаниудын тайланг засварлаж хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв

0

Прокурорын байгууллагаас хоёрдугаар сарын 26-наас энэ сарын 1-ний өдрүүдэд нийт 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А нь албан тушаалын байдлаа урвуулан, татвар төлөгч хуулийн этгээдүүдийн татварын зөрчлийг арилгах, тайланг засварлах зэрэг үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт холбогджээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Г, нягтлан С.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж,  хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөөс мөнгө гаргуулан давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *