Автомашинуудад RFID чип суулгаснаар ямар давуу тал үүсэх вэ

0

Нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа 1 сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил эхэлж байна. Нийслэлийн төв уулзвар, гарцууд дээр орчин үеийн ухаалаг камерийн систем байршуулан, RFID уншигч төхөөрөмжүүдийг нийслэлийн 138 уулзвар, мөн бусад 161 цэгт 2022 оноос суурьшуулж эхэлжээ. 

Харин 2021 оноос Улаанбаатар хотын 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн өмчит 1000 гаруй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулган туршаад, тодорхой хэмжээгээр сайжруулалт хийгдэж явсаар өдгөө цогцоор нь ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа аж. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд техникийн хяналтын цахим гэрчилгээг машин бүрт үнэ төлбөргүй суулгана. Жолооч нарын төлсөн албан журмын даатгалаас бүрдүүлсэн сангийн 13 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. Харин гуравдугаар сарын 01-ээс хойш орж ирсэн автомашинуудад төлбөртэй суулгахаар журамлажээ. 

1 сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип суулгаснаар дараах давуу талууд бий болно гэж үзэж байгаа аж. 

Нэгдүгээрт, иргэд өөрийн гар утсан дахь Smartcar, E-Mongolia зэрэг апп-уудаар замын нөхцөл байдлын мэдээллийг цаг минут тутамд авах боломжтой болно.

Хоёрдугаарт, зорчих хөдөлгөөнд оролцохдоо сонголттойгоор зорчих боломжтой болно. Нийтийн тээврийн чиглэл, маршрутыг заан, хаана явж байгаа, хэдэн цагт ирэх, ямар ямар автобусанд сууж болох, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг эдгээр апп-уудаар дамжуулж олгоно.

Гуравдугаарт, шинээр хаагдсан болон түр хаасан замуудыг мэдээлэх гэсэн замын нөхцөл байдлын бүхий л мэдээллийг иргэд авдаг болох аж. 

Иргэдийн дунд энэхүү чипийг суулгаснаар тагнуулын үйл ажиллагаа явуулахад ашиглаж байна гэсэн хардлагатай байгаа. Энэ талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “Тухайн хүний бие дээр ямар нэгэн мэдээлэл дамжуулалтыг суулгахгүй. Уншигч төхөөрөмж маань зөвхөн зам болон төв уулзварууд дээр уншина. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар олон улсын мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор хийгдэж буй. Уг асуудлаар Ерөнхий сайд, Хотын дарга нар өнгөрсөн зургадугаар сард Сингапур улс руу айлчлал хийсэн. Тиймээс иргэд маань хувийн мэдээлэл алдагдахаас айх зүйлгүй”  хэмээн тайлбар өглөө. 

Уг гэрчилгээг дэлхийн улс орнууд ашиглаад 20 жил болж байгаа бөгөөд БНХАУ, ОХУ, Сингапур зэрэг улс нь үүнтэй адил зарчмаар түгжрэлээ бууруулан, зорчих хөдөлгөөндөө менежмент хийсэн олон улсын жишиг болсон технологи юм байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *