“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ

0

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын гуравдахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

2023 онд хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, судалгаа шинжилгээний нийт 70 арга хэмжээнд 521 тэрбум төгрөг зарцуулахаас  223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна.

Цаашид эрх зүй, удирдлага зохион байгуулалтаа сайжруулах, эрчимжүүлэх, мал аж ахуй, лабораторийн санхүүжилтэд онцгой анхаарах,  хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах олон шалгуурт зорилтот ажлуудад эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллагатай хамтран оновчтой шийдвэр гаргах, тогтоолын хэрэгжилтэд тавих хяналтаа сайжруулах нь зүйтэйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1,956 аж ахуйн нэгж, иргэнд 833 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, 6,500 аж ахуйн нэгжид мах, сүү, улаанбуудайн урамшуулал хэлбэрээр нийт 22,5  тэрбум төгрөг олгожээ.

Мөн энэ оноос эхлэн малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөврийг НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон юм.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 59 байгууллагатай хамтран ажиллаж байна.

Үүний зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, оновчтой шийдвэр гаргах зорилгоор 65 үйлдвэр, аж ахуйн нэгжид ажиллан 2,000 гаруй баялаг бүтээгчтэй уулзаж, дөрвөн удаа томоохон хурал зөвлөгөөн зохион байгууллаа.

400 гаруй оролцогч бүхий танилцах аяллыг долоон удаа, Олон улсын бизнес турыг гурван удаа,  найман удаа сургалт, хэлэлцүүлэг хийжээ.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах асуудлыг урт хугацаандаа “Эрүүл монгол хүн” бодлоготой нийцсэн, иргэдэд илүү өгөөжтэй байлгах зорилгоор “Эрдэмтдийн зөвлөл”, “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагыг ажиллуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *