Газрын доорх баялаг гадны хөрөнгө оруулагчдын мэдэлд очих бодлогыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэрэгжүүлж байна

0


Монгол Улсын Засгийн газар ам нээх болгондоо гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж буй. Арга ч үгүй биз. Манай улс Оюутолгойн буянаар гадаадынхны нүдэнд өртөж, хөрөнгө оруулагчдаар дүүрч байсан үе саяхан. Харамсалтай нь төрийн буруу бодлого, “төмсөн” толгойтнуудын харалган шийдвэрийн улмаас өнөөдөр манай улс хөрөнгө оруулагчдын хувьд хаалттай бүс болчихсон нь нууц биш. Саяхан нэгэн их сургуулийн багш, судлаачид уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин буурсан үзүүлэлтийг танилцуулсан. Тодруулбал хайгуулын лицензийн тоо 2016 онд 2020 байсан бол 2023 онд 990 болтлоо буурсан төдийгүй хөрөнгө оруулалт мөн төдийлөн нэмэгдээгүй хэвээр байгаа нь үүнийг гэрчилнэ.

Харамсалтай нь Засгийн газар, тэр дундаа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын унхиагүй шийдвэрийн улмаас улс орны стратегийн чухал салбарын нэг багана ганхах дээрээ тулаад байна. Аливаа улс орны хөгжлийн томоохон түлхэц нь гадаадын хөрөнгө оруулалт мөнөөсөө мөн. Гэхдээ үүнтэй тэнцэхүйц ач холбогдолтой, ард иргэдийн амьдралыг жинхэнэ утгаар нь үүрч, улс орныхоо хөгжилд гар бие оролцдог нэгж бол яах аргагүй дотоодын компаниуд билээ. Гэвч УУХҮ-ийн салбарын саад болсон Ж.Ганбаатарын нэг талыг барьсан харалган шийдвэрийн улмаас эдгээр дотоодын уул уурхай компаниуд тусгай зөвшөөрлөө ч авч чадахгүй, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байна. Өөрөөр хэлбэл Ж.Ганбаатарын тушаалаар баталсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох “Сонгон шалгаруулалтын журам” хэт гадаадынханд найр тавих байдлаар өөрчлөгдсөн ийм байдалд хүргээд байгаа аж.

 Учрыг сийрүүлье.  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох “Сонгон шалгаруулалт” нь геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, дунд, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн байдаг. Тодруулбал Монгол орны 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт алт, нүүрс зэрэг ашигт малтмал байгаа эсэхэд хайгуулж хийж, хайгуулын үр дүнд уул уурхайн нөөц баялагтай том том ордуудыг илрүүлэхэд тендерийн зорилго оршдог.  Гэтэл энэ тендерт оролцох шалгаруурыг Ж.Ганбаатар сайд болонгуутаа өөрчилж, дэнчингийн хувийг нэмэгдүүлжээ.

 Өмнө нь тухайн тендерт оролцоход компанийн техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин, тогтвортой үйл ажиллагааг 50 хувь, үлдсэн 50 хувь дэнчингийн мөнгө байршуулах байдлаар журамлаж оруулдаг байж. Харин одоо 30/70 буюу сонгон шалгаруулалтад оролцох компаниуд нь мэргэжлийнх бус зүгээр мөнгөтэй байхад л хангалттай гэдэг босго тавьчихсан нь гадаадын компаниудыг оодруулж, дотоодын компаниудыг сөхрүүлэхэд хүргээд байна.

 Сонгон шалгаруулалтын босго нь мөнгө болж, хэн их мөнгөн дүн тавина тэр компани тендерт шалгарч, ашигт малтмалын лиценз авдаг гаж тогтолцоо суучихаад байна.  Ганцхан жишээ дурдъя. Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай хэмээх газарт хайгуул хийхээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох “Сонгон шалгаруулалт” буюу тендер зарлажээ. Уг тендерт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь хэдэн арван тэрбум төгрөгийн дэнчин тавьсан бол дотоодын компаниуд нь хэдхэн сая төгрөгийн дэнчин тавьснаар хасагдсан байх юм. Түүнчлэн дөнгөж өчигдөрхөн нээсэн тендер мөн л дээрх дүр зураг давтагджээ.

 Монгол улс жижиг, эдийн засаг ч тэр хэрээр жижиг. Жижиг эдийн засагтай дотоодын ААН-үүд нь гадаадын компаниудтай мөнгөөр өрсөлдөх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой зүйл. Атал яагаад дэнчингийн хувиа нэмэгдүүлж, дотоодын компаниудынхаа орон зайг шахаж, хавчиж байна вэ. Монгол төрийн бодлого Үндэсний гэх тодотголтой ААН-үүдийнхээ эсрэг байж болох уу.

Дотоодын ААН -үүд нь томорч байж тухайн улсын эдийн засаг тэр хэрээр тэлдэг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар олон алдаатай шийдвэрүүд гаргасны дотоодын ААН-үүд бишгүй их хохирол амссан. Гэвч дахиад л дэвслэх хэрэг үү…

 Нөгөө талаар уул уурхай бол манай улсын стратегийн чухал салбар. Тэр дундаа хайгуул бол хөрөнгө оруулалт татах үндэс. Энэ салбарт гадаад болон дотоодын компаниудын оролцоог тэгш хангах Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Нэн ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрлийг авах тендерт мөнгө ихтэй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд ихэвчлэн ялалт байгуулж байгаа нь яавч анхаарахгүй, хаяж болох асуудал биш.  

 Баялгийн тэгш хуваарилалт гэж МАН-ынхан сонгууль бүрээр тоть мэт давтаж ирсэн. Энэ уриа дотоодын ААН-үүдэд энэ мэт зүйл дээр биелэлээ олж байж хэрэгжих учиртай. Харин их мөнгө харан алга ташиж буй Их хурал, Засгийн газрын тэргүүн цаашлаад Төрийн тэргүүн та бүхэн Уул уурхайн сайд чинь балагтай, бүүр Улс эх орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бодлого явуулж байгааг мэдэж байна уу…

 Тун удахгүй сонгууль болно. Харин сонгуулийн өмнө дотоодын уул уурхайн компаниуд энэхүү тэгш бус журмын өөрчлөлтийг эсэргүүцээд тэмцээд эхэлбэл эдийн засагт хэр их хохирол учрах бол гэдгийг тооцох л хэрэгтэй байх.  

Эх сурвалж:Товч.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *