Л.Оюун-Эрдэнэ ах нараа, нам дамжсан өрсөлдөгчдөө сонсголуудаар “намнана”

0

УИХ-ын хаврын чуулганаар МАН-ын залуу удирдлагуудын зүгээс,

  • Хотын газар олголт,
  • Ногоон автобус,
  • Уул уурхайн лиценз олголт,
  • Эмийн чанар гэсэн үндсэн дөрвөн агуулгаар нээлттэй сонсгол явуулахаа зарласан.

Энэ нь ардчилсан хувьсгалаас хойших нийгмийн шилжилтийн хүрээнд өрнөсөн улс төр, бизнесийн томчуудын түүх рүү руу чиглэсэн дүр зурагтай байх юм. Утгачилбал, МАН-ын залуу удирдлагууд өөрсдийн хүчтэй буй үеэ урт хугацаанд барихын тулд нам болоод нийгмийн салбарын үе шилжих процессыг нийтээр хүлээн зөвшөөрүүлэх, дэмжлэг авахад чиглэхээр байна.

Хотын газар олголтын түүх

МАН дахь М.Энхболд, Т.Бадамжунай нарын тэргүүлдэг “Хотын фракц”-ын хөшигний арын мэдээллүүд дэлгэгдэнэ. Энэ хүрээнд АН, МАН дамнаж, төрсөн эгч Б.Саранчимэгийн хамтаар парламентын суудал авсаар ирсэн Б.Наранхүүгийн асуудал ч сөхөгдөх юм. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Хотод 80 га газар зарсан” хэмээж байв.

Цаашлаад Шадар сайд С.Амарсайханы хамааралтай хувийн бизнесүүд, томоохон орон сууцны хороолол босгосон Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар зэрэг өнөөгийн Засгийн газрын гишүүдийн нэрс ч яригдахаар хүлээгдэж байна.

“Ногоон автобус” агуулгын хүрээнд,

Нийтийн тээвэр дамнасан улс төр, бизнесийнхний лобби хэрхэн явагдсаар ирснийг задалж ярихаар зэхэж буй. Өнгөц харахад, энэ асуудлаар хотын дарга асан Д.Сумьяабазар, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар, тэднийг дагасан томилгоонууд байцаагдахаар харагдана. Гэвч УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй АН-ын томчууд ч дуудагдахаар хүлээгдэж байна.

АТГ-аас автобусны гэх хэргийг ажлын хэсэг гарган шалгаж, прокурорт шилжүүлээд байна. Автобусны хэрэг дотроо улаан, ногоон, жижиг оврын гэсэн гурван хэсэгт хуваагдаж, 60 гаруй албан тушаалтныг хамарсан. Түүнчлэн томоохон хувийн хэвшлүүдийн захирлуудыг саатуулж, банкны гүйлгээг нь хянах зэргээр мөрдөн шалгасан юм.

Уул уурхайн лиценз олголт

Нэгэн үес уул уурхайн лиценз олголт машид замбараагүй олгогдож, монголын нэр бүхий хэдхэн хүн цүнхэлж яваад зарсан гэж яригддаг. Хариуцлагагүй уул уурхай эхлэх цэг ингэж тавигдсан агаад монгол хүний нэр дээр бүртгэлтэй ч гаднын иргэдийн эзэмшдэг лицензүүд үлэмж олширсон байдаг.

Газрын доорх баялаг ард түмний өмч байхаар Үндсэн хуульдаа заасан ч дотоодын цөөн хэдхэн гэр бүлийн хүрээнд стратегийн чанартай ордууд нь орчихсон асуудал ч бий. Энэ бүх асуудлаа нийтэд нээлттэй байдлаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Олон нийтийн хамгийн их анхаарч харвал зохих сонсголуудын нэг нь зүй ёсоор эл агуулга багтах юм.

Эмийн чанар, үнийн өсөлт

Нээлттэй сонсголоор шуудхан шүүхийн шийдвэр гаргахгүй. Хэдий тийм ч уг асуудлыг нийтийн шүүлтээр оруулж буй нь хамгийн том үр дүн гэж харж болохоор. Нийтийг мэдээллээр хангаснаар илүү хэрсүү болж, өнгөрсөн жилүүдийн улс төр, бизнесийн хүрээний өрнөлийг “ухаалаг” мэдээлэлтэй тархиар шүүн тунгаах боломж үүсэж буй.

Бид улс төрийн булхай, хулгай луйвар ярьж байгаад боловсрол, эрүүл мэндийн асуудлаа нийтийн сонсголоор хэлэлцэж л байдаг мэтгэлцээний парламент хөгжсөн хэлбэрт дөхнө гэх өөдрөг хүлээлт бий. Эмийн агуулга нэлээд эртдэж мэдэхээр ч энэ бизнест монопол байдлаар илтэд хөлжиж, эмийн чанарт үл анхаарагч дүрүүдээ нийтээрээ мэдэж авах боломж бүрдэх юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрх агуулгуудыг дэлгээд ярихад л олон нийт нэлээд сайн багцалсан мэдээллээр хангагдана. “Ер нь биднээр нэг тоглосоор иржээ” гэх уур амьсгал төрүүлэхээр бэлдэж, сонгуульд өрсөлдөх, мандат авах нэр бүхий дүрүүдийг нам дамнуулан намнах нь ч тодорхой юм. Энэ нь гэвч мэдээллийн хүчээр хийгдэхээр төлөвлөгдсөн. Ерөөс сонгуульд мэдээллийн менежерүүдийн тархи хаашаа чиглэх нь ихээхэн чухал байдаг бол мэдээллээр өөрөөр нь нийтэд нөлөөлөх явц ингэж өрнөхөөр бэлтгэгдэж байна. Үүгээрээ л онцлог юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *