Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлтэй хамтран ажилласнаар томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” компанийн Эрчим хүчний шилжилт хариуцсан ерөнхий захирал Жан Юан, “Бодь Интернэшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тодруулбал, “Бодь Интернэшил” ХХК-тай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Харин “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” компанитай эрчим хүчний шилжилтийн шийдлүүдийг нэвтрүүлэх төсөл, санаачилгыг дэмжих, эрчим хүчний хуримтлал, менежментийн шийдлүүдийн судалгаа, боловсруулалт хийх, салхи, нарны эрчим хүчний шийдлүүдийг хөгжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэглэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.
Төвийн бүсийн эрчим хүчний тав дахь эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг “Бодь групп”-ын охин компани болох “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хэрэгжүүлж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок 2024 оны аравдугаар сард, хоёр дахь 150 МВт-ын блок 2025 оны аравдугаар сард ашиглалтад орно. Тус цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, бие даасан байдлыг сайжруулж, цахилгааны хязгаарлалтыг арилгах, импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой болно.
Харин “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” ХХК нь салхины эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар дэлхий даяар нийт 57 ГВт хүчин чадалтай ухаалаг салхин цахилгаан станцуудыг суурилуулсан байна.
Түүнчлэн Энэтхэг, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Саудын Арабын зах зээлд салхин турбин нийлүүлэлтээр тэргүүлж буй компани юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид нэн түрүүнд дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, дулаан хангамжийн асуудлаа авч хэлэлцэх ёстой. Тийм ч учраас төр, хувийн түншлэлийн хүрээнд БНХАУ-ын салбартаа тэргүүлэх компани болон дотоодын томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, эрчим хүчний найдвартай хэрэглээгээ хангах боломжийг бүрдүүлэхээр боллоо. Цаашид мөн дулаан хангамжийн дэд бүтцээ сайжруулах чиглэлээр одоо байгаа станцуудын өргөтгөлийн ажлыг хийх болно” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС