М.Галбаатар: Барилгын компаниуд өөрсдөө СӨХ байгуулж, баталгаат хугацаа нь дуусахаар хаяад явдаг. Энэ бүрд СӨХ муу нэр зүүдэг

0

зураг

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Улсын хэмжээнд 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар сууц өмчлөгчдийн 1,676 холбоо ажиллаж байна. 

Үүнээс нийслэлд 1,474 Сууц Өмчлөгдийн Холбоо (СӨХ) үйл ажиллагаа явуулж, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа аж. 

Гэвч оршин суугчид болон СӨХ-ны идэвхгүй байдлаас үүдэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, иргэдийн өмч эзэнгүйддэг асуудал нийтлэг байгааг Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар хэлж байлаа. 

Энэ асуудлын хүрээнд түүнээс тодрууллаа. 



Тэрбээр “Нийгмийн шаардлагыг дагаад СӨХ-ны эрх зүйн орчныг сайжруулах нэн шаардлагатай байгаа. Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдлын тухай хууль 2003 онд батлагдсан.

Бидний нэн тэргүүнд хүсэж байгаа зүйл бол холбогдох хуулийг хэлэлцэн батлах ажил.

СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй тайлагнадаг байх нь зүйтэй. Хэрэв хугацаандаа тайлагнаагүй тохиолдолд СӨХ-ны удирдлагуудад арга хэмжээ авах зэрэг хариуцлагын асуудал хуулийн төсөлд тусгагдсан байна. 

Нөгөө талаараа СӨХ нь тайлангаа тавиад хариуцлагатай ажиллаад байдаг. Гэтэл оршин суугчдын идэвхгүй байдлаас үүдэн дундын өмчлөлийн эд хөрөнгийнх нь бүрэн бүтэн байдал алдагддаг, иргэдийн өмч эзэнгүйддэг асуудал одоо ч нийтлэг. 

Өөрөөр хэлбэл СӨХ-ны төлбөрөө төлж байгаа хэсэг иргэнийхээ мөнгөөр амьдардаг оршин суугчид бий. Тэднийг хариуцлагатай болгох нь чухал.

Энэ чиглэлд судалгаа явуулж үзэхэд:

  • Бүх гишүүний хурлаа хийдэггүй.
  • Мөнгөө төлөхгүй байгаа иргэдээс гомдол, санал түлхүү гардаг.
  • Зарим иргэн хуралдаа суух завгүй байна гэдэг. Дараа нь “Ар, хойгуур шийдвэр гаргалаа” гэж асуудал үүсгэдэг.

Бүх оршин суугчийг оролцуулахын тулд танхим, цахим хосолсон байдлаар хурлаа хийх нь чухал” гэлээ. 

“СӨХ-ны мөнгө төлөөгүй шалтгаанаар лифтийг нийтээр нь хааснаар төлбөрөө тогтмол хийдэг иргэдийг хохироож байна”

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн “Төлбөрөө төлөхгүй байгаа оршин суугчид төлж байгаа хэсэг иргэдийнхээ мөнгөөр тохитой, тухтай орчинд амьдраад байна. Түүнчлэн СӨХ-ны мөнгөө тогтмол төлдөг ирдэг хохирдог асуудал бий. 

Жишээлбэл хэсэг оршин суугч СӨХ-ны мөнгө төлөөгүй шалтгаанаар лифтээ нийтээр хаах, эсвэл тогийг нийтээр нь тасалчихдаг. 

Тиймээс зөвхөн тухайн төлөхгүй байгаа хэсэг иргэний өмчид хязгаарлалт хийх хэрэгтэй байна.

Тухайн айл руу орох зангилаан дээр нь цахилгааны хязгаарлалт хийж, лифтээ чиптэй болгох зохицуулалт оруулснаар мөнгөө төлөөгүй тохиолдолд лифтний чип нь ажиллахаа байдаг олон улсын жишиг бий. 

Ингэснээр үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцдог зохицуулалт төсөлд орж ирж байгаа.

Мөн санхүүтэй нь холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөнгөө 30 хоногоос дээш төлөөгүй тохиолдолд алданги тооцдог зохицуулалт оруулж ирж байна.

Олон жил, сараар төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд орох зохицуулалт ч давхар явж байгаа. Үүнээс илүү тухайн иргэний өмчид нь хязгаарлалт хийдэг зохицуулалт оновчтой зөв шийдэл болов уу.

СӨХ-ны мөнгөө төлөөгүй бол лифт нь ажиллахгүй гэдэг бол өмчид нь хязгаарлалт хийж буй хэлбэр. Мөнгөө төлөөгүй иргэнийг чипээр ялгаж, танина гэсэн үг.

Хүн дагаж лифтэнд сууна уу гэхээс өөрөө бие дааж лифтэнд суух ямар ч боломжгүй болчихно” гэлээ. 

“Өмчдөө эзэн байх, өмчийнхөө бүрэн бүтэн байдлыг хангах эрх бүхий хүн бол та өөрөө”

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд “СӨХ-ны эрх бүхий дээд байгууллага нь “оршин суугчид” буюу тухайн байрны өмчлөгч гишүүд байна хэмээн заасан.

Гэтэл оршин суугчид өөрийгөө СӨХ-ны гишүүн гэдгээ мэдэлгүй хэн нэгэн рүү гомдол гаргаад хайгаад явдаг. Ингээд гомдол нь шийдвэрлэгдэхгүй төөрдөг асуудал бий.

Өмчдөө эзэн байх, өмчийнхөө бүрэн бүтэн байдлыг хангах эрх бүхий хүмүүс нь та бүхэн өөрсдөө гэдгийг нэмж хэлэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *