С.Ганбаатар: МАН-ынхан их даварч байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: “Монгол улсын өр хэрээс хэтэрлээ. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 33 сая төгрөгөөс дээшээ гарчихлаа. Энэ асуудлыг ярихгүй бол Монгол улс дампуурлаа зарлах аюултай байдалд орлоо. 2016 онд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөг болчихлоо гээд сүйд болоод байсан. Тухайн үед би УИХ-ын гишүүн байсан. 8 жил засагласан эрх баригчид одоо монголын ард түмнийг, хүн бүрийг 33 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа. Үүн дээрээ яаралтай шийдвэр гаргаачээ. Бид дотроо цалингаа бодоод явж байна. Гэтэл Монгол улс дэлхийн өмнө маш том өрөнд орчихлоо. Үүнийг хаврын чуулганаар яаралтай ярих ёстой.
УИХ-ын гишүүд дахиад яаж сонгогдох вэ? гэж өдөр шөнөгүй бодож байна. Мань мэт нь өнгөрсөн 4 жил засаж залруулах гэж зөндөө оролдлоо. Өлсөж ч үзлээ.
Юм хэлэхээр өнөөдрийн эрх баригчид их эмзэг. 8 жилийн турш толгойгоо илүүлсээр байгаад өнөөдөр өөрсдийгөө хаан гээд бодчихож. Их даварч байна. Одоо дүнгээ тавиулна. Та нар болохгүй байна, мөнгө идэж ууж байна гээд юм ярихаар элдэв нэр хоч зүүгээд, улстөржлөө гэдэг ганц үг хэлдэг. Тэгэхээр одоо энэ эрх баригчид улстөржихгүйгээр, хэнтэй ч хуваалцахгүйгээр, хар толгойгоороо хариуцлагаа хүлээх цаг нь ирсэн. Одоо орон нутгийн сонгуулийн тухай хуулин дээр ард түмний сонгуулийг яаж хулгайлах тухайгаа хуулинд оруулж нүдний булай болохгүйгээр, орон нутгийн сонгуулийг битгий хулгайлж дээрэмдээрэй.
Монгол улсад үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрсэн. Хүнсний үнийг яриад яах вэ. Өрхийн амьжиргаа орон нутагт 16.8 хувиар уначихлаа.
Үүнд дүгнэлт хийгээд, монголын ард түмнийг яаж ажлын байртай, орлоготой болгох вэ? гэдгийг хаврын чуулганаар ярихгүйгээр, бүх оюун ухаан, хараал жатгаа өөрөө яаж сонгогдох вэ? гэдэг асуудал дээр л нийлүүлээд байвал хол явахгүй шүү. Өнгөрсөн 8 жилд том хулгайгаа жижиг хулгайчаар дарж анхаарал сарниулах ажлыг л сайн хийлээ. Тархи угаалтаар улс орныг тэжээдэг тэнэглэлээ одоо зогсоо.” гэв.