Ч.Ундрам: Манай улсад хөдөө аж ахуйн цогц реформ хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
-Чуулганы завсарлагааны үеэр та орон нутагт нэлээд ажиллаж харагдсан. Малчдын нөхцөл байдал, хаваржилт ямар байна вэ?
-Би Улсын онцгой комисстой хамтарч Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад ирлээ. Сэлэнгэ аймгийн долоон сум цагаан зудархуу
байна. Сэлэнгийн малчид харьцангуй өвс тэжээлийн бэлтгэл сайтай байсан. Одоогийн байдлаар малчдын нөөцөлсөн өвс тэжээл дуусаж байна. Зарим айлууд хүнд, зарим нь гайгүй байна. Бусад аймгуудтай харьцуулахад сайхан хангайтай сайхан нутаг учраас арай гайгүй байна. Гэхдээ мал, малчин хоёр туйлдаж ядарчихсан энэ үед Улсын онцгой комиссоос 127 тонн тэжээл, тодорхой сумдын бензиний ажлыг шийдвэрлэлээ. Зарим сумд түргэний тэрэггүй, Засаг даргын тамгын газар нь машингүй байгаагаас малчид дээр очиж чадахгүй байна л даа. Тиймээс эдгээр асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэх зэргээр ажиллаад ирсэн.
-Ер нь манай мал аж ахуйн бодлого ямар байх ёстой юм бэ?
-Эдийн засагч хүний хувьд харахад манай малчид хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих хэрэгтэй байна.
Ингэхийн тулд маш зөв бодлого хэрэгжүүлж, Монгол Улс махны чиглэлээр ямар үүлдрийн хонь, үхрийг үржүүлэх юм бэ, тэрийгээ аль үүлдрээр хээлтүүлэх, аль нь тухайн орон нутгийн онцлогт тохиромжтой вэ гэдгийг судалгааны үндсэн дээр тодорхойлж түүнийгээ бариад явмаар байна.
Сэлэнгэ бол газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг л даа. Энэ чиглэлээрх бодлого нэлээд дээрээс хэрэгжиж ирсэн. Тиймээс Орхон үүлдрийн хонь, Казахын цагаан толгойт үүлдэр зэргээр үйлдвэр угсааг нь эртнээс бодлогоор сайжруулж ирсэн түүхтэй газар. Энэ утгаараа зарим малчид хагас эрчимжсэн хэлбэр рүү нэлээд орчихсон. Жилийн дөрвөн улиралд ашиг шимийг нь хүртэж байгаа кейсүүд байна. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум Монголын сүүний зах зээлийн том хэсгийг нийлүүлдэг. Тэндэх малчид сүүний чиглэлийн үхрээ түлхүү өсгөдөг. Жилд үнээгээ хоёр удаа хээлтүүлж, төллүүлдэг. Тиймээс өвөл, зуны алинд нь ч сүүтэй. Өвөл сүүний үнэ өндөр ч байдаг юм байна. Ингэж өдөр бүр сүүгээ зараад жилийн дөрвөн улиралд орлоготой сууж байна. Байнга орлоготой байна гэдэг нь орлогынхоо тодорхой хувийг өөрийн малын хивэг тэжээлд, өөрсдийн амьдралдаа зарцуулж ахуйгаа дээш татах боломж нээгдэж байгаа юм.
Мөн суффолк болон ерөө үүлдрийн хонийг Сэлэнгэд үржүүлж байгаа. Ерөө үүлдрийн хоньтой малчныд очиход хурга нь нэг настай мөртлөө том биетэй, амьдын жин нь хүнд болчихсон, эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулдаг юм билээ. Махыг нь гадаадын Элчин сайдын яамд, том ресторанууд оочерлож авдаг. Худалдан авагчид нь энд бэлэн байна. Малаа нэг дор хямд зарах бус дөрвөн улиралд зарж байнгын цалинтай амьдарч байгаа сайн жишээ байна. Өөрөөр хэлбэл, бид сар бүр цалин авдаг шиг тэнд байнгын орлоготой амьдарч байгаа малчид байна.
Үхрийн тухайд махных байх уу, сүүнийх байх уу. Эсвэл хоёулаа байх уу. Герефорд үүлдрийг барих уу. Эсвэл бусад олон үүлдрийг барих уу гэдэг бодлогоо маш тодорхой болгомоор байна. Яг тэр үүлдрийн чиглэлээр Дарханд “Малын удмын сан” гэдэг том байгууллага байдаг. Тэнд бүхий л үүлдрийн малын удмын “банк” байна. Тиймээс тэндээс хөгжүүлэх гэж байгаа үүлдрийнхээ чиглэлээр зохиомол хээлтүүлэг, яаж төлөө авах, хээлтүүлэхэд яаж үнээгээ бэлдэх зэрэг малын үүлдэр угсааг сайжруулах бүх сургалтыг нь заамаар байна.
-Эрчимжсэн мал аж ахуй руу шилжих талаар их яригддаг. Гэхдээ бодит болдоггүй шалтгааныг та юу гэж харж байна?
-Монголбанк болон арилжааны банкууд ярьж байгаад малчдад хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжихэд чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байна. Энгийнээр хэлбэл, зээл. Ийм бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд би банкныхан болон ХААХҮ-ийн яамтай ярилцаж, ажиллаж байна. Тиймээс хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих зам, бизнес моделийг нь заагаад өгчихвөл малчид чадна. Монголчууд бид өчнөөн мянган жил мал аж ахуй эрхэллээ. Гэтэл мал аж ахуйд суурилсан бизнесээ хөгжүүлж чадахгүй яваад байна. Тиймээс үүн дээр маш том бодлого, загвар, шаардлагатай санхүүгийн бүтээгдэхүүн зэрэг бүх тал нь хангагдаж байж дараагийн шат руу явна. Ер нь энэ өвлийн нөхцөл байдал мал аж ахуйн салбарт реформ хэрэгтэйг харууллаа.
Монголчууд бидэнд бүтэн эрчимжсэн мал аж ахуй гэхээсээ илүү хагас эрчимжсэн мал аж ахуй хамгийн тохиромжтой. Зуны цагт бэлчээрийн мал аж ахуй, өвлийн цагт эрчимжсэн хэлбэрээр явах нь хамгийн тохиромжтой гэж бодож байна. Үүн рүү бид алхах ёстой. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо болон ХААХҮЯ, Монголбанк хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм.
-Та Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихдаа “малчдад эдийн засгийн бодит дэмжлэг болохуйц хуулийн төсөл” гэж хэлж байсан. Эдийн засгийн хувьд яг ямар дэмжлэг болох вэ?
-Тийм, тийм. Энэхүү хуулиар гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж хоёр га газар олгож, хагалах эрхийг нь өгчихье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, малчдад хоёр га газар эзэмшүүлээд тэжээлээ тарьдаг болгочихъё.
Монгол Улсад ямар сортын тэжээл сайн ургах, ямар нь малд маш сайн шим тэжээлтэй байх вэ гэдгийг гаргах хэрэгтэй. Жишээлбэл, Сэлэнгэ аймагт “Мандал сорт”-ын гэж маш сайн тэжээл байдаг. Малчид ихээхэн туршиж байгаа юм билээ. Тиймээс хамгийн сайн сортын тэжээлийг тарих боломжийг нь олгочихвол малчид өвлийн өвс тэжээлийн нөөцөө бэлдээд авчихна. Мөн нэг га газрынхаа нэг хэсэгт нь хүсний ногоогоо тариалж эдийн засгийн эргэлтэд оруулах, хүнсний аюулгүй байдлын асуудлаа өөрийнхөө хэмжээнд шийдвэрлэх боломжтой болно. Өнөө цагт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ. Хотонд нь мах нь байгаа малчин хүнсний ногоогоо өөрөө тариалдаг болсноор эдийн засгийн хувьд маш том бодит дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн өөрийн хэрэгцээний өвс, тэжээлийг худалдаж авахгүйгээр тарих боломж байна шүү дээ.
-Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та хэрхэн дүгнэж байна. Оновчтой байж чадаж уу, эсвэл өнөөх л халамжийн буруу бодлого болчихов уу?
-Ямартаа ч Засгийн газар, Улсын онцгой комисс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг өөрсдийн нөөц боломжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч байна. Эхнээсээ шийдвэр нь гараад дэмжлэг туслалцааг малчдадаа үзүүлж байна. Малчдадаа бид туслахгүй бол хот нь харлачихсан малчид гэрээ ачаад Улаанбаатарт ирж амьдарна. Тэгэхээр хотын асуудал улам л нэмэгдэнэ. Түгжрэл, утаа, хөрсний бохирдол, сургууль, цэцэрлэг яах билээ. Тиймээс орон нутагтаа сайхан амьдрах боломжийг нь гаргаж өгөх ёстой. Өнөөдөр хүнд байдалд байгаа бол дэмжлэг үзүүлэх л ёстой. Тэгэхгүй бол нийслэл рүүгээ л нүүгээд ирнэ. Тиймээс нийслэлийн иргэд ойлгох хэрэгтэй л гэсэн үг л дээ.
-Малын гаралтай түүхий эдийг яаж үнэд хүргэх вэ гэдэг нь мөн л чухал асуудал болчихоод байгаа. Та үүний гарцыг яаж харж байна?
-Мэдээж хөдөө аж ахуй, мал аж ахуйд суурилсан үйлдвэрүүдийг маш сайн хөгжүүлэх ёстой. Уг нь “Дарханы арьс ширний үйлдвэр” барих төсөл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан байсан ч тодорхой шалтгаануудаас болоод явсангүй. Үүнийг яаралтай урагшлуулж, арьс ширний үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой. Түүнчлэн малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа арьс ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах ёстой. Ядаж л хагас боловсруулж гаргамаар байна. Үүнд Засгийн газрын бодлого чухал. Түүхийгээр нь огт гаргаж болохгүй. Ядаж л хагас боловсруулмаар байна.
Бид ноолуураа Италийн брэндүүд рүү гаргадаг, малынхаа арьсыг тэр брэндүүдэд бэлдэж өгдөг. Болж өгвөл тэр брэндүүдийн үйлдвэрийг энд бариад цүнх, түрийвч, хувцас хунараа хийлгэдэг байх боломжийг гаргамаар байгаа юм. Ингэхийн тулд татвараас чөлөөлөөд ч хамаагүй хиймээр байна. Ингэж явуулбал хамгийн зөв.
Харин махны тухайд, малаа эрүүлжүүлэх ёстой. Малын ашиг шимийг дээшлүүлэх хэрэгтэй. Ашиг шим ихтэй, амьдын жин өндөр малыг өсгөж шаардлагатай үедээ жилийн аль ч улиралд нядалж шинэ мах нийлүүлэх төлөвлөгөөтэйгөөр төллүүлж, бойжуулж, эрүүл болгох ёстой. Мөн малын эм тариа, вакцин эрүүл байх ёстой. Чанартай эм тариа хэрэглэх хэрэгтэй.
70 сая мал, 3.4 сая хүн байна. Бид ийм хэмжээний малыг идэж барахгүй шүү дээ. Тиймээс махыг органик болон шинэ бүтээгдэхүүн болгож хоёр талын “хүн далайд” экспортолдог болох ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бодлогыг том зургаар нь бүхэлд нь харсан хөдөө аж ахуйн цогц реформ хэрэгтэй байна.
-Малыг эрүүл болгох гээд зүтгээд байгаа ч мөн л үр дүнгүй байна л даа. Юун дээр бид алдаа гаргаад байна вэ?
-Мал аж ахуйн салбарын эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт шинжлэх ухаанд суурилах ёстой. Хоёрдугаарт, малд хэрэглэж байгаа вакцин, эм тарианы чанарт эргэлзэж байна. Вакцин тариулсан мал яагаад ийм хурдан шүлхий тусаад байна вэ гэхчлэнгээр асуулт их байна. Тиймээс бид социализмын үеэс явж байсан мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулж цогцоор нь шинэчлэх хэрэгтэй байна.