Э.Бат-Үүл: МАН-ын авираас харахад сонгуулийн саналаа тоолчихсон юм биш үү
АН-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Таны үед АН амжилттай ажиллачхаад ялагдал хүлээсэн. Тэгвэл одоогийн сонгуульд танай нам амжилттай оролцож чадах болов уу. Та нэр дэвших үү?
-Би нэр дэвшихгүй. Миний улс төрийн үйл хэрэг дууссан. Мэдээж намынхаа үйл хэргийг дэмжинэ. Энэ бол намын гишүүний хувьд миний үүрэг. Тэртээ тэргүй манай намын залуучууд хийнэ, чадна. Одоо сонгуульд оролцож байгаа олон залуу хотод миний удирдлагад ажиллаж байсан. Тэд ажлаа мэднэ, туршлага нь ч бий. Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд МАН манай нам хоёрын ялгааг олж харахын аргагүй болчихсон. Сүүлдээ ч хоёулаа л ардчиллын төлөө боллоо, хийх юм нь хүртэл нэг зүйл яриад л байдаг болсон. Гэхдээ зарчмын нэг ялгаа байдаг. Одоо болтол арилдаггүй. МАН хотдоо, улс орондоо хоноцын сэтгэлээр ханддаг. Манай нам алдаатай оноотой, шүүмжлүүлэх юм ихтэй. Гэхдээ манай нам хоноцын сэтгэлгүй. Алдсан, оносон ч нэг юм зүтгээд байдаг. Хоноцын сэтгэлгүй байгаа нь манай намын амжилтын үндэс болоод байдаг юм. Яг эзэн ёсоор хандаад байдаг учраас.
Сүүлийн үед олон юм хараад байхаар МАН саналаа тоолчихсон юм биш байгаа гэмээр юм харагдах юм. Энэ тухай намынхаа удирдлагад ч хэлсэн. Үг авахгүй юм. Гаргаж байгаа аашийг нь харахаар тийм бодол төрж байна. Сонгуулийн өмнө ямар нам ийм хачин, хачин авир гаргадаг юм бэ. Сонгогчдынхоо үйлийг үзэж байна шүү дээ. Сонгогчдодоо дарамт учруулаад, уурлуулаад, эгдүүг нь хүргээд. Би бүр гайхаад байгаа. Сонгуулийн өмнө яаж ингэж чадаад байна аа. Тэгээд намынхандаа хэлээд анхааруулаад байгаа юм. “Наад нөхөд чинь саналаа тоолчихсон юм биш биз дээ” гэж. Яагаад гэхээр МАН сонгуулийн санал авах байраар зохион байгуулалтаа хийсэн байна. Хороогоор биш. Өөрөөр хэлбэл, анхан шатны зохион байгуулалтаа хийхдээ сонгуулийн санал авах байрыг тойргуулаад намынхаа үүрүүдийг байгуулсан байна. Энэ одоо сонгуулийн байруудыг хяналтдаа авчихсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сонгуулийн санал авах байранд очих хүмүүсийг тоолчихсон хэн нь хаан ямар санал өгөхийг судлаад гаргачихсан суугаад байгаа юм биш үү.
-Хэрвээ сонгуулийн үр дүн тодорхой байвал бид ардчилсан сонгууль өгсний, ардчилсан сонгуулиар төрөө эмхлэн байгуулж байгаа гэдгийн ач холбогдол байхгүй биз дээ?
-Тийм учраас би намдаа анхааруулаад байгаа. Хурдан идэвхжээч ээ, сул байна гэж хэлээд байгаа юм. Сонгуулийн хууль өөрчилсөн ялыг АН дээр тохчихсон. Хурал дээр үг хэлэхдээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АН-ын саналыг аваад бид Сонгуулийн хуулийг өөрчилсөн” гээд хэлчихсэн. Энэ бол хаяагаа манасан үйлдэл. Сонгуулийн дүн ямар нэгэн байдлаар гараад АН дуугарвал “Уучлаарай бид та нарын саналыг аваад ийм Сонгуулийн хуулиар орсон. Одоо юу яриад байгаа юм бэ” гэх гээд байна.
-126 гишүүнийг холимог тогтолцоогоор том тойргоос сонгох хувилбарыг эрх баригч нам сонгосон. Энэ өөрчлөлтийг Та хэрхэн харж байна вэ?
-Би үүн дээр маш их эргэлзсэн. Ер нь бол сонгууль бүрийн өмнө эрх баригч нам Сонгуулийн хуулийг өөрчилдөг нь өөрсдөдөө л зориулж байгаа хэрэг. Бүс гэдэг нэрийдлээр тойргуудыг томсгосон. Том тойрог дээр мөнгөтэй нь ялна. Том тойрог дээр 14 хоногт яаж хүмүүстэй очиж уулзаж амжих юм бэ. Жишээлбэл, Төв аймаг, Сэлэнгэ, Дархан нэг тойрог болчихсон. Яаж тэр хүмүүс 14 хоног сонгогчтойгоо уулзах юм бэ. Ямар ч боломжгүй. Нэг аймгаар яваад сурталчилгааны хугацаа дуусна. Тэгэхээр энэ маш хачин юм болчихоод байгаа.
-Нэг нам олон жил хэт олонх байх сөрөг үр дагавар нь иргэдэд ч бизнесийн байгууллагууд ч мэдрэгдэж байна. Ардчилалгүй болох вий гэсэн айдас байна. Та ардчиллын том төлөөллийн хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тийм ээ, заримдаа харахаар бид ардчилсан оронд амьдраад байна уу, үгүй юү гэмээр байдал харагддаг болж. Жишээлбэл, авлигатай тэмцэнэ гээд кампанит ажил өрнөлөө, бөөн л юм боллоо. Авлигатай тэмцэж байгаа нь сайн зүйл. Ерөнхий сайд МАН дотроо байсан авлигын том бүлгүүдээ илчилж байгаад би баяр хүргэж байгаа. МАН авлигад идэгдсэн намынхныгаа дандаа хамгаалдаг байсан. Л.Оюун-Эрдэнэ тэгэхгүй байгаад баяртай байгаа.
Гэтэл тэр кампанит ажилд иргэн Д.Мөнх-Эрдэнэ, сэтгүүлч Н.Өнөрцэцэг л өртөөд байна. Хаа хамаагүй тэр хоёр хүнийг аваачаад хорьчихдог. Уг нь тэр хоёр хүн авлигыг нь илчилж байсан, ярьж байсан хүмүүс. Гэтэл тэр хүмүүс шоронд ороод, авлигын мангасууд зүгээр явж байна. Н.Өнөрцэцэг төрийн албан хаагч биш, түүнд ашиглах албан тушаал байхгүй. Тэр сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүн мэдээллийн эх сурвалжаа нуух ч болно, нуух ч эрхтэй. Ийм хүнийг аваачаад хорьсныхоо дараа нотлох баримт цуглуулж байна. Нотлох баримтгүй байж хорьчихсон. Д.Мөнх-Эрдэнийг ч мөн нотлох баримтгүй байж хорьсон. Яагаад нотлох баримтгүй, хуулийн үндэслэл байхгүй байхад хорьсон юм бэ гэдэг асуудал байна.
Ингээд харахаар үнэхээр авлигатай тэмцээд байна уу гэдэг хардлага төрүүлээд байна. Гэтэл авлигатай тэмцэхгүй бол бид ардчиллыг аварч чадахгүй болчихоод байгаа юм. Төр нь хулгайч, авлигач байвал тэр нийгэм нь ардчилсан нийгмээ унагадаг. Ардчилсан гээд хулгайч төртэй нийгмийг хүн хүлээн зөвшөөрөхгүй. Ерөөсөө төр хулгайч байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс авлигатай үр дүнтэй тэмцэх нь ардчиллыг аврах уу, үгүй юү гэдэг асуудал болж хувирчихаад байгаа юм.
Метрог сонгуулийн пи-ар битгий болгочихоосой
-Та хотын даргын ажлаа өгөөд найман жил өнгөрлөө. Үүнээс хойш хотын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-Үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд бидний эхлүүлсэн ажил зогсонги байдалд орсон. Хамгийн гол нь найман жилийн дараа бидний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой байж ээ гэдгийг ойлгож, эргэж сэргээж байна. Хайран найман жил гэж бодож байна. Метрог яах гэж найман жил зогсоосон юм. Дахин төлөвлөлтийг яаж гэж зогсоосон юм. Мөн Налайх, Багануурыг хот болгоод явж байхад зогсоосон. Гэтэл найман жилийн дараа дахиад ярьж эхэлж байна. Нэгэнт хийх ажлыг зогсооно гэдэг их хармасаар. Найман жил гэдэг багагүй хугацаа. Бид метро бариад түрүүлээд ашиглалтад оруулчих байтал бидний араас эхэлсэн улс орнууд ашиглалтад оруулчихсан нээгээд явж байна. Тэгэхээр хармасаар. Гэхдээ ямар ч байсан ажил эрч хүчээ аваад үргэлжлээд явж байгаад баяртай байна. Явж явж нэг чиг рүү харж эхэлж байна. Энэ бол Улаанбаатарын бүтээн байгуулалтын асуудлыг улстөржүүлэхгүй байх боломж.
-Улаанбаатар АН-ыг засаг барьж байх үед, ялангуяа таныг хотын даргаар ажиллаж байхад их бүтээн байгуулалт хийж, гол гол замууд, орон сууцны төслүүдийг барьсан байна. Түүнээс хойш нүдэнд харагдахаар бүтээн байгуулалт хийгээгүй гэж хэлж болно. Нэг нам бүх шатанд найман жил засаглахдаа яагаад ийм хангалтгүй ажилласан гэж Та бодож байна вэ?
-Бидний үед одоогийн байгаагаас дөрөв дахин бага мөнгөтэй байсан. Өнөөдрийнхөөр яривал бараг мөнгөгүй байсан л гэсэн үг. Бид бол яах вэ хувийн хэвшилтэйгээ хамтарч, бүтээн байгуулалт хийхэд оролцох боломж их олгосон. Тухайлбал, хувийн хэвшлийн төлбөр тооцоог саатуулахыг хатуу хориглодог байсан. Яагаад гэхээр тэд зээл аваад зам, байшин барьж, гэр хорооллыг гэрэлтэй болгож, бүх зүйлийг хийж байна. Сургуулийн автобуснуудыг хүртэл явуулаад эхэлсэн. Тэгэхээр тэр бүхэн дээр хувийн хэвшил гацахгүй ажиллах нөхцөлтэй байх ёстой. Ингэж ажиллуулж чадвал манай хувийн хэвшлийнхний хүч үнэхээр их юм билээ. Төлбөр тооцоогоо аваад дараагийнхаа ажлыг хийдэг учраас мөнгийг нь саатуулж огт болохгүй. Мөн сэтгэл зүрхтэй ажиллах ёстой гэдгийг би хэлмээр байна. 2012 онд биднийг ажил авч байхад Улаанбаатарын түгжрэл тэг зогсолт болчихсон байсан. Энхтайваны өргөн чөлөөнөөс бусад бүх зам нэг эгнээтэй байсан. Тэр бүх замыг өргөсгөөд уулзваруудыг нь нэмэгдүүлээд хийсэн. Одоо эргээд бодоход өөрөө ч бас их гайхдаг. Зам бүтээн байгуулалтын ажил дээр тэр үед рекорд тогтоож байсан юм билээ. Тухайлбал, хойд зуслангийн замыг маш хурдан хийсэн. Бүтээн байгуулалтыг тэгж хурдсан хийсэн түүх байхгүй. Тэрийг сая Дарханы зам дээр хэрэгжүүлэх гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, компаниудыг хэсэгчлэн зэрэг оруулдаг аргыг зуслангийн зам дээр анх хэрэглэсэн.
Бидэнд энэ мэт хийх боломж бий. Ганцхан бие биедээ тээглээд байх юм. Саад учруулаад, хохироогоод байх юм. Тэгэхээр ажил цалгардчихаад байгаа юм.
-Тэгвэл танд одоо эхлүүлсэн метрог ашиглалтад оруулах итгэл үнэмшил байна уу?
-Бид 2020 онд ашиглалтад оруулчих байлаа. Би Х.Нямбаатар даргад хэлсэн. “Та нар сонгуулийн пи-ар маягийн юм хийгээд байна. Тэгэхээр эргэлзээтэй байна” гэсэн. Сонгуульд зориулаад байгаа юм биш биз дээ гэж хардаад байна. Тэгвэл энэ их урамгүй юм болно. Метрогоор ингэж тоглож болохгүй. Одоо найдахаас л өөр арга алга. Битгий сонгуулийн кампанит ажил болгоосой л гэж хүсэж байна. Хэрвээ сонгуулийн ажил болгож хувиргах гэж байгаа бол ногоон автобусны хэрэг шиг сунжирсан заваан юм болж хувирна. 330 тэрбум төгрөг гаргачихсан тендер зарлаад сууж байна. Есдүгээр сараас газар шорооны ажил хийж эхэлнэ ч гэх шиг. Газар шорооны ажил биш үү дээ. Метро гэдэг чинь дэлхийн хамгийн өндөр технологийн нарийн байгууламж. Энэ зүгээр газар шорооны байдлаар хийдэг ажил биш.
-Найман жилийн өмнө танд метротой болчих итгэл үнэмшил байж ээ?
-Тийм ээ, тухайн үед бид суугаад метрогоо эхлүүлэх ажлыг графикаа ЖАЙКА-гийн талтай ярьж эхэлсэн. Тэр битгий хэл метрог 2020 оны хэдэн сард хүлээлгэж өгөх үү гэдэг дээр хоёр тал маргаж байсан. Би 2020 оны долдугаар сард метрогоо хүлээлгэж өгье гээд. Гэтэл Японы тал есдүгээр сард амжина гэж байсан. Ямар ч байсан 2020 онд ашиглалтад орох байсан. Амгаланд байгаа Анагаахын Япон эмнэлгийг метроны эцсийн буудалд зориулж барьсан юм. Метроны эцсийн буудал нь ашиглалтад орчихоод байхад метро нь байдаггүй. Энэ бол манай улстөржилтөөс болж яаж ажил нурсны тод жишээ.
-Ярилцсанд баярлалаа.