УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажакийг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак тэргүүтэй зочид, төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр /2024.03.16/ Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Сая зааны орон” гэж монголчууд хүндэтгэн ярьдаг Лаос улстай манай улс улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Өнгөрсөн онд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын УИХ-ын гишүүдийн тоог одоогийн 76-гаас 126 болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн танхимд 50 ширхэг улаан модон сандал, ширээг нэмж бэлэглэсэн явдалд талархал илэрхийлье. Энэ бол хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэгийн илэрхийлэл юм.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, холбогдох эрх зүйн баримт бичиг, тухайлбал транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд талууд нягт хамтран ажиллах нь нэн чухал байна. Түүнчлэн хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, авто зам, төмөр замын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улмаар Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бэхжүүлэх зорилгоор “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр улсын иргэд зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн чухал үйл явдал болсон гэж харж байна. Сүүлийн жилүүдэд Зүүн өмнөд Азийн улс орнуудаар аялах сонирхолтой монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хооронд холбоо тогтоох, туршлага солилцох, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж бидэнд байна гээд Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак Таныг Монгол Улсад тавтай морилохыг хүсье гэв. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак, Монгол Улсын Их хурлын дарга Таныг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна гээд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы мэндчилгээг уламжиллаа.
Тэрбээр цааш нь, манай хоёр орон алс хол оршдог ч парламентын хамтын ажиллагаагаар дамжуулан бүхий л салбарт эрчимтэй хамтран хөгжиж байгаад баяртай байна. Манай улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан айчлалаар байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгүүд нь бидний хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ завшааныг ашиглан эртнээс манай улсад олон талаар туслаж, дэмжиж ирсэн монголын ард түмэн, Засгийн газарт талархаж явдгаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын тусламжаар манай улсын Синхуа мужид баригдсан эмнэлэг одоо хүртэл ажиллаж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсаар байна. Мөн монголын ард түмнээс бэлэглэсэн 1000 толгой хонин сүрэг өсч, үржиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр манай улсын таван оюутан Улаанбаатар хотод суралцаж байна. Манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын харилцаа өргөжин хөгжиж байна. Харилцаагаа өргөжүүлэхийн тулд харилцан туршлага солилцох үйл ажиллагааг ийнхүү тогтмолжуулж буйд талархаж байна.
БНАЛАУ 2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан байгаа. Тиймээс монголчууд олноороо манай оронд зочилж, бидний түүх, соёлтой танилцахыг хүсч байна. Дэлхий дахинд ээдрээт нөхцөл байдал үүсч буй ч Монгол Улс хөгжлийн замдаа орсонд баяр хүргэе. Эрхэм таны хууль тогтоох үйл ажиллагаанд хийж буй шинэчлэл Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвпасөд, Үндэсний Ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, Лаос-Монголын парламентын бүлгийн дэд дарга Сисүнтон С.Пабмисай, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар оролцлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.