Д.БАТ-ЭРДЭНЭ: Зардлын дээд хэмжээг өмнөх сонгуулийн түвшинд барьж чадсан нь эрх зүйн зохицуулалтын үр нөлөө
УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сонгуулийн бэлтгэл ажлын цаг хугацааны хуваарийг баталсан. Үүний дагуу одоогоор ямар ажил өрнөж байна вэ?
-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны гол онцлог бол хэн, хэзээ, юуг, хэрхэн хийсэн байхыг маш нарийн тогтоож өгдөг процессын эрх зүй юм. Иймд энэ онцлогтой холбоотойгоор ээлжит сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хуульд нийцүүлэн баталсан. Сонгуулийн бэлтгэл ажил хууль болон цаг хугацааны хуваарьт заасны дагуу үргэлжилж байна. Тухайлбал хуульд зааснаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сум, дүүргийн Хурлаас сонгуулийн хэсгийг байгуулдаг. Сонгуулийн хэсэг гэдэг нь сонгууль зохион байгуулах анхан шатны нэгж буюу газар нутаг юм. Энэ удаагийн сонгуульд нийт 2189 хэсэг байгуулагдсан байна. Хамгийн сүүлд буюу 2021 он Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар 2087 сонгуулийн хэсэг байгуулагдаж байсантай харьцуулахад 100 гаруй хэсгээр нэмэгдсэн байна. Энэ нь сонгогчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой. Мөн дүүргүүдэд шинээр хороо байгуулагдсантай ч холбоотой. Энэ удаагийн сонгуулийн нэг гол онцлог бол таван бүсэд хамаарах томсгосон 13 сонгуулийн тойрогтой, үүнтэй холбоотойгоор саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчдийн нэр олон байх боломжтой юм. Тиймээс СЕХ-ны зүгээс сум, дүүргийн ИТХ-д тодорхой чиглэл өгсөн. Тухайлбал, энэ жилийн сонгуулийн саналын хуудас хоёр хэсэг байна. Нэр дэвшигч болон нам, эвслийг дугуйлах хэсэг юм. Саналын хуудас өөрөө хоёр хэсэгтэй байх тул сонгогчийн саналаа өгөх хугацаа уртасна. Санал тоолох төхөөрөмжид уншуулахад ч тодорхой хугацаа орно. Ерөнхийдөө сонгогчийн хувьд санал өгөх хугацаа өмнөхөөс ихсэх учраас сонгуулийн хэсгийг байгуулахдаа сонгогчдод ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь харгалзаж үзэх ёстой юм. Ирэх зургадугаар сарын 28-нд санал авна, ид халууны үе учраас хэрэв санал авах байруудад ачаалал, дараалал их үүсгэх юм бол сонгогч гадаа удаан хүлээхэд төвөг, чирэгдэлтэй. Тиймээс саналаа өгөлгүй буцах нөхцөл үүсэх вий гэдэг үүднээс бид санал авах байрыг олон байлгах, санал авах байр доторх бүхээгийн хүрэлцээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг урьдчилан төлөвлөж байна. Хуульд заасны дагуу аймгийн төв болон нийслэлийн нэг хэсэгт 3000 хүртэл сонгогчтой байхаар тогтоосон байдаг. Гэхдээ бид сая хэлсэнчлэн нөхцөл байдлыг харгалзан аймгийн төв болон нийслэлийн дүүргүүдийн нэг хэсэгт байх сонгогчийн дундаж тоог 2400-гаас хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгсөн. Ер нь чиглэл өглөө, албан бичиг өглөө гээд хараад суух биш бид энэ олон чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулалтын хувьд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн 21 аймагт томилолтын баг гарган ажиллаж эхэлсэн. Энэ нь санал авах байрыг бэлдэхэд тухайн аймаг, сумын Засаг дарга нар ямар үүрэгтэй вэ, хурлын нарийн бичгүүд юу хийх вэ, энэ чиглэлийг хангахад ямар ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэгт тусгайлан заавар, чиглэл өгнө гэсэн үг. Цахимаар үүрэг чиглэл өгөхөөс илүү газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс одоогоор СЕХ-ны баг бүрэлдэхүүн орон нутагт ид ажиллаж байна.
-Хуваарийн дагуу энэ сард зохион байгуулалтын ямар ажил өрнөх вэ?
-Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор аудитын байгууллагаас Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй бүх намд албан бичиг, зөвлөмжөө хүргүүлсэн байгаа. СЕХ-ны хувьд ч гэсэн Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахын тулд ийм зүйлийг анхаарах шаардлагатай, хугацааны хувьд хууль тогтоомжид ингэж заасан байгаа гэх зэрэг мэдээлэл, зөвлөмжийг давхар хүргүүлээд байна. Ер нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь маш олон талын оролцоог зэрэг хангаж, мэдээллийг холбогдох талуудад бүрэн хүргэхийг шаарддаг онцлогтой байдаг.
-Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ямар шалгуур, шаардлага тавьж байгаа вэ?
-Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахад хуулийн дагуу үндсэн дөрвөн шаардлага тавигддаг. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн байх ёстой, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн байх ёстой. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээг дэвшүүлэх ёстой. Тухайн мөрийн хөтөлбөрт тусгасан ямар нэгэн хөтөлбөр, үйл ажиллагаа нь төсөв шаардаж байгаа бол тухайн төсвийг хэрхэн бүрдүүлэх юм гэх зэргээр сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг нь хийсвэр, тухайн цаг үед сонгогчдод таалагдах гэсэн хий хоосон амлалт биш илүү бодит, хэрэгжих боломжтой байх ёстой гэдэг шаардлага тавигддаг л гэсэн үг юм. Улс төрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө ҮАГ-т өгөхөд энэ удаагийн сонгуульд хэчнээн нам, эвсэл оролцох вэ гэдэг ерөнхий хана гарах юм. Гэхдээ энэ бол эцсийн дүн биш. Учир нь ҮАГ-т мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн боловч сонгуульд оролцохгүй ч байх боломжтой шүү дээ. Тиймээс энэ сарын 25 гэхэд энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслийн тооны дээд хязгаар харагдана гэж ойлгож болно. Мөн энэ удаагийн сонгуульд хэдэн нам эвсэх вэ гэдэг нь ерөнхийдөө тодорхой болно. Эвсэл байгуулах хугацааг хуульд шууд заагаагүй ч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахын тулд гуравдугаар сарын 25-наас өмнө эвсэх эсэхээ шийдсэн байх учиртай болж таарч байгаа юм. Үүнээс хойш мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулах боломжгүй учраас энэ сардаа багтах нь байна.
-Сонгуулийн жил хаягийн зөрчил их гардаг. Үүнээс хэрхэн сэргийлж байна вэ. Ер нь сонгогчдын тоо хэзээ эцсийн байдлаар гарах вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн одоогийн байдлаар 330 сум, есөн дүүргийн иргэдийн Хурлаас хэсгээ байгуулаад, хэсгийн мэдээллээ бүртгэлийн газарт хүргүүлчихсэн байгаа. Бүртгэлийн байгууллага энэхүү хэсэг байгуулсан мэдээлэлд үндэслээд тухайн нутаг дэвсгэр дэх хаягийн бүртгэл дэх сонгогчдоо байнгын оршин суугаа хаягийн бүртгэлд нь үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажил ид өрнөж байна. Ингээд УБЕГ-аас энэ ажиллагааг хийж дууссаны дараа буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд сонгогчдын нэрийн жагсаалт тухайн сонгогчид өөрт нь нээлттэй болж эхэлж байгаа юм. Ингэснээр тухайн сонгогч өөрийгөө оршин суугаа хаяг дээрээ бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой болно. Сонгууль дөхөхөөр хаягийн зөрчлийн асуудал үүсдэг шүү дээ. “Манай хаяг дээр өөр хүн байна, би өөр хаягт бүртгэлтэй байна” гэх мэтээр асуудал үүсээд байдаг. Тэгвэл хаана, хаанаа хаягийн бүртгэлийн асуудал байгаа эсэхийг ирэх сарын 1-нээс буюу сонгууль болохоос бараг гурван сарын өмнөөс эхлэн мэдэж, хэрэв зөрчилтэй бол засуулах боломжтой болж байгаа юм.
-Сонгуулийн зохион байгуулалтын ажилд улсын хэмжээнд хэчнээн төрийн албан хаагч оролцож байна вэ?
-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд улсын хэмжээнд нийтдээ 27 мянга орчим төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод оролцож байна. Үүнээс гадна УБЕГ, Цагдаагийн байгууллага, онцгой байдлын, зөрчил шалган шийдвэрлэх чиглэлийн холбогдох байгууллагуудын гээд нийтдээ 40 орчим мянган төрийн албан хаагч оролцон ажилладаг юм. Эдгээр төрийн албан хаагчийг сургах, хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангах ажил өрнөдөг. Бид энэ талаар мэдээлэл хийснээр хүмүүсээ томилчихдоггүй. Өөрөөр хэлбэл, тодорхой сургалт явуулж, сорил шалгалт авдаг. Ингэснээр тэнцсэн хүмүүсээ бүх шатны сонгуулийн хороонд ажиллуулдаг. Сургалтын үйл ажиллагаа гурав, дөрөвдүгээр сарын турш бүтэн өрнөнө. Ингэж 30 мянган төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ажлыг хийдэг. Нөөцөө ингэж бүрдүүлснээр бүх шатны сонгуулийн хороонд томилох ажиллагааг дөрөвдүгээр сарын 19-нөөс эхэлнэ. Ингээд аймаг, сумын сонгуулийн хороог байгуулах ажил эхлэх юм. Ийнхүү хуваарийн дагуу зохион байгуулалтын ажлууд ар араасаа үргэлжилнэ.
-Энэ жилийн сонгуулийг томсгосон тойргоор явуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нэмэгдүүллээ гэдэг шүүмжлэл гарсан. Ер нь зардлын дээд хэмжээг өмнөх жилүүдийнхээс нэмэгдүүлсэн зүйл бий юү?
-Нэр дэвшигч болон улс төрийн намаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ҮАГ-аас тогтоодог. Юуны өмнө дээд хэмжээ гэдгийг сонгогчдод ойлгуулах нь чухал байдаг. Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг зарлангуут нийгэм, сонгогчид шууд утгаар нь хүлээж аваад байдаг. Ийм их хэмжээний мөнгөтэй байх нь сонгуульд нэр дэвших үндэслэл болдог юм байна гэх мэтээр хүлээж авах нь нийтлэг. Гэтэл энэ нь буруу ойлголт. Дээд хэмжээ бол үүнээс илүү хэтрүүлж болохгүй л гэсэн үг шүү дээ. Өмнөх сонгуулиудаас аваад үзэхэд ч ҮАГ-аас тогтоосон зардлын дээд хэмжээнд тулгаж байсан тохиолдол бараг байдаггүй юм билээ. Нөгөө талаас энэ удаагийн сонгуулийн зардлын дээд хэмжээ өмнөх сонгуультай харьцуулахад зарчмын хувьд нэмэгдээгүй гэж би хэлнэ. Ер нь УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын нэг гол агуулга нь сонгуулийн зардлын бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх байсан бөгөөд энэ чиглэлийн маш олон зохицуулалтыг тусгаж, сонгуулийн зардлыг бүрдүүлэгч гол эх үүсвэр болох сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрт хамаарах тоо, хэмжээг 50 хувиар бууруулан хуульчилсан. Энэхүү зохицуулалтын үр дүн ҮАГ-аас өнгөрсөн сарын 19-ний өдөр нийтэд мэдээлсэн зардлын дээд хэмжээ тогтоосон тоо хэмжээнээс тодорхой харагдаж байна.
Тухайлбал, 2020 онд нэг тойрогт буюу нэг аймаг нэг нэр дэвшигчээс зарцуулж болох зардлын дээд хэмжээ нь дунджаар 400 сая төгрөг байсан бол сая ҮАГ-аас тогтоосон зардлын дээд хэмжээг тухайн том тойргоор нь бус харин нэг аймгаар нь харьцуулан авч үзвэл энэ дүнгээс өсөөгүй байгаа нь эрх зүйн шинэ зохицуулалтын үр дүнг харуулж байгаа юм.
-Гадаадад байгаа иргэдээс санал авах хугацааг нэмсэн. Энэ тухайд?
-УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан байдаг. Гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг Төв комисс 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссын дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулдаг. Гадаад улсад байгаа иргэн санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургадугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин суугаа улсын Дипломат төлөөлөгчийн газар мэдэгдэж, бүртгүүлнэ. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.
-Сонгуулийн үеэр хууль журам зөрчсөн эсэх аливаа гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор гомдлыг хянах, хариуцлага тооцох процесст өөрчлөлт орсон уу?
-Сонгуулийн үеийн зөрчлийг Цагдаа, Тагнуул, Татварын болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанк, Улсын бүртгэл, нягтлан бодох, Харилцаа холбооны эрх бүхий албан тушаалтан болон эрүүгийн хэргийн шүүх зэрэг есөн байгууллага шалгаж шийдвэрлэдэг. Сонгууль гэдэг үг орсон болгоныг л Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэдэг гэсэн үг биш шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага. Гэтэл яг сонгуулийн үеэр хорооны бүрэн эрхэд хамааралгүй буюу зөрчил, гэмт хэргийг шалгуулахаар гомдол гаргаад байдаг. Гэтэл үүнийг нь сая хэлдэг эрх бүхий есөн байгууллага, албан тушаалтан харьяалан хянан шийдвэрлэдэг хуультай юм. Үүнийг хуульд тус тусын эрх, үүргээр нь маш тодорхой заасан байдаг. Тухайлбал, нэр дэвшигч болон сонгуульд оролцож буй нам эвслийн сонгуулийн зардал, данс тооцоо нь сонгогчид ил тод байх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл энэ хүн өөрөө хэдэн төгрөгтэй, ямар хөрөнгөтэй байсан юм, сонгуульд нэр дэвших хугацаандаа хэнээс хэдэн төгрөг авчихаад сурталчилгаа хийгээд байгаа юм, сонгуульдаа ер нь хэдэн төгрөг зарцуулаад байгаа юм гэх зэрэг мэдээллийг сонгогч мэдэж байж, судалж байж саналаа өгнө. Хэрэв энэ ил тод байдлыг хангаагүй бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болдог. Мөн сонгуулийн санал хураалт дууслаа л бол нэр дэвшигч бүх юмаа орхиод л яваад өгдөг. Гэтэл сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол маш том хариуцлага байх ёстой юм. Та сонгууль дууслаа гээд зүгээр яваад өгч болохгүй хуульд заасан хугацаанд тайлангаа гаргаж шалгадаг байгууллага буюу ҮАГ-т гаргаж өгнөө. Хэрэв тайлангаа гаргаж өгөхгүй бол торгуультай шүү. Тэр ч байтугай нам, эвслийн тухайд дараагийн сонгуульд оролцуулахгүй ч байх үндэслэлийг хуульчилсан байгаа. Энэ төрлийн зөрчлийг татварын болон нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч хянаж шалгадаг гэх зэргээр тухайн зөрчлийн онцлогоос хамаарч дээрх 9 байгууллага албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд бид зөрчил шийдээгүй юмаа гээд хараад сууж байхгүй ээ, энэ зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр маш олон төрлийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Ер нь он гарснаас хойш долоо хоногт дунджаар 4-6 удаагийн сургалтыг байнга зохион байгуулж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин №010/24589/