Шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ҮАБ болон төрийн нууцыг хэлэлцдэг байнгын хорооны даргын ажлаа санаачилгаараа өгөх хэрэгтэй
2020 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн 76 гишүүнтэй парламент энэ хаврын “семестр”-т дахин нэг гишүүнээ “алдсан”. Гурван өдөр хуралдсаны эцэст шүүгч алх цохиж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноосон юм.
Шүүхээс ял авсан ч бүрэн эрх гэх “сэтэр”-ийн ард Монголд хууль хүний царай харж, дабль стандарт дээд зэргээр тогтсоныг дахин нэг нотлон харуулж, тэрбээр эрх чөлөө болон эрх мэдэлтэйгээ саарал ордонд даналзаж явна. Хэрвээ дугаар хорооны иргэн Дондог ийм ял шүүхээс авсан бол алхны чимээ намжаагүй шахуу байхдаа ачигдаж, шоронд суух нь гарцаагүй.
Нэгэнт бүрэн эрх нь хуулиар хамгаалагдсан хойно одоо үндэсний аюулгүй байдлаа хамгаалж, ядаж улс төрийн хариуцлага ярьцгаая.
Бичигдээгүй л хууль юм хойно тэрбээр Төрийн ордондоо мэдэгдэл хийж, “Миний хэрэг бол зохиомол. Улс төрийн захиалгатай юм байна гэж хардаж байгаа” хэмээн ярьж яваа харагдсан. Давж заалдана гэдгээ ч мэдэгдсэн. 6 жилийн хорих ял сонссон Ё.Баатарбилэг гишүүн нь ч гэсэн өнөөдөр давж заалдаж яваа. Энэ нь ч тэдний эрх.
Гэвч мөн чанартаа хууль тогтоох онцгой эрх мэдэлтэй, ард түмний элч төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүд нь өөрсдөө шүүх засаглал, түүний гаргасан шийдвэрийг үгүйсгэж, шүүх засаглалаа “заргалдаж” байхад энгийн иргэд нь яаж итгэх билээ. Хуулиар хориглоогүй ч гэсэн оффшор дансанд сая ам.доллароо мартсан муу нэр, луу данстай С.Баярцогт хүртэл ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгч байсныг МАН-ынхан мартаагүй байх.
Нөгөө талдаа Б.Энх-Амгалан бол дан ганц УИХ-ын гишүүн биш. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга гэх чухал албыг залгуулж яваа хүн. Гэтэл ял сонсчихлоо.
Хэрэв түүнд дотроос нь “зулгаах” ёс зүй байдаг бол гишүүнээсээ татгалзах нь цаг хугацааны асуудал.
Ядаж хууль тогтоох процест оролцохоо сайн дураараа болих хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар шалаар нэг болсон парламентынхаа төлөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албан тушаалаас нь нэн түрүүнд түүнийг чөлөөлж, цаашлаад байнгын хорооноос нь гаргах нь зүйд нийцнэ.
Яагаад гэвэл Б.Энх-Амгалан гишүүн гэмт хэрэг үйлдсэн болохийг хуулийн байгууллагаас баримтаар нотлоод, шүүхээс ял авчихсан. Хэдийгээр давж заалдахаар хүлээж байгаа ч гэсэн анхан шатнаас ял авч, гэм буруутайд тооцогдсон хүнээр улс орны ил, далд аюулгүй байдлын хамгийн чухал бодлогын байнгын хороог даргалуулах нь эрсдэлтэй.
Магадгүй түүний хэлж буй шиг хэн нэгэн хүн Б.Энх-Амгаланд хилс хэрэг тохож, гишүүний бүрэн эрх рүү нь халдах элдэв санаачилга гаргаж байгаа бол нэн түрүүнд гишүүний хувиар санал өгөх, улсын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг байнгын хорооноос нь явуулах ёстой. Яаралтай арга хэмжээ авахгүй бол түүнийг гүтгэгчид хэрэг наймаалцаах шахалт ч үзүүлэх ч эрсдэлтэй.
Гуравдугаарт, өөрөө ямарч хөдөлгөөн хийхгүй бол ядаж нам нь шахалт үзүүлэх хэрэгтэй. Дүрмийнхээ хүрээнд намын гишүүнээс нь түдгэлзүүлж, улс төрийн албан тушаалуудаас нь хөндийрүүлэх ёстой.
Хэрвээ Г.Занданшатар тэргүүтэй парламент нь ч, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй нам нь ч энэ хэвээрээ гаргасан дүрэм, барьсан зарчмаа умартаад үлдвэл сонгогчид сонгуулиар хангалттай дүнгээ тавих болно.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭ:
24.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
24.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
24.1.2.Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
24.1.3.төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
24.1.4.гадаад бодлого;
24.1.5.гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;
24.1.6.Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал;
24.1.7.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.
Хоёрдугаарт, МАН дотооддоо энэ хүндээ ёс зүйн хариуцлагаа тооцох хэрэгтэй. Мэдээж ирэх сонгуульд оролцох боломжгүй.