А.Басхүү: Намайг хэлмэгдүүлсэн хүмүүсийн гутамшигт хуйвалдаан, чөлөөт бөхөө хохироосон үйлдлийг бодит үнэнээр нь Монгол түмэндээ хэлье

0

Дэлхийн шилдэг шүүгчийн “Алтан шүгэл” шагналт, Олон улсын бөхийн холбооны /FILA/ Шүүгчийн зөвлөлийн долоон гишүүний нэг, Дэлхийн бөхийн алдрын танхимд өргөмжлөн залагдсан анхны монгол хүн, ХХ зууны Монголын шилдэг шүүгч, Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүүтэй хийсэн ярилцлага эрт эхэлсэн. “А.Басхүү: Сөүлийн олимпод аваргын төлөөх гурван барилдаан шүүгээд, дэлхийн шилдэг шүүгчийн “Алтан шүгэл”-ээр шагнуулж байлаа” ярилцлага оны өмнөхөн /2023.12.27/ нийтлэгдсэнийг эрхэм уншигч санаж буй биз ээ.

Тэр 1984 оны Лос-Анжелес (FILA шүүсэн гэж тооцдог), 1988 оны Сөүл, 1996 оны Атланта, 2000 оны Афин, 2004 оны Сидней, 2008 оны Бээжингийн олимпод шүүв. Олон улсын шүүгчид 60 нас хүрээд “зодог тайлах” дүрэмтэй. А.Басхүү 59 насандаа сүүлчийн олимп болох 2012 оны Лондонгийн олимпыг шүүх шалгуурыг хангаад байхад нь түүнийг шударга бусаар таслан зогсоосон гэв.

Энэхүү ярилцлагыг “Долоо дахь олимпоо 2012 онд Лондонд шүүх байв. Гэвч яагаад шүүж чадаагүй вэ?… “ сэдвийн дор үргэлжлүүлэн Уншигч Танаа хүргэж байна. Олон жил өөртөө хадгалж явсан гашуун түүх, монгол хүн монгол хүнийхээ эсрэг яаж зохион байгуулалттайгаар ажилласан тухай гутамшигт үнэнийг тэрбээр анх удаа Монгол түмэндээ дэлгэж буй юм. Үүнийг бид мэдэж, санаж сэрэх учиртай.

-Та “Лондон-2012” олимпын шүүгчийн эрх авах Олон улсын бөхийн холбоо FILA-гийн бүх шатны шалгуур, шаардлагыг хангасан. Гэвч яагаад олимпод шүүгээгүй юм бэ?
-За даа, энэ асуултад дэлгэрэнгүй хариулбал хүмүүс их л гайхна даа. Мөн ч их дарамт, ялгаварлан гадуурхалтыг бие, сэтгэлээрээ туулж ирсэн дээ, би. Шууд хэлэхэд “хүн ёсноос гадуурх” гутамшигт үйлдлийг МЧБХ-ны тэр үеийн удирдлагууд хийснийг олон жилийн хойно ярих бололцоо олгож байгаад баярлалаа. Эрүүл ухаантай хүн итгэхэд бэрх. Гэвч үнэн бодит баримт түшин ийм зүйл чөлөөт бөхөд дахин бүү тохиолдоосой гэж залбиран, ирээдүй хойч үеийн төлөө гэсэн сэтгэлээр үнэнийг ярья даа.

МЧБХ-ны 2009 оны гуравдугаар сарын 14-ний Их хурлаар ЕНБД-ын ажлаа өгсний дараагаас бүлэглэн хуйвалдаж шударга бус, бусармаг үйлдлүүдийг хийж эхэлсэн.  Уг их хурлын 170 гаруй төлөөлөгчийн санал хураалтаар холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр миний бие дахин сонгогдсон юм. Шүүгчийн хамгийн өндөр зэрэглэлтэй, Олон улсын бөхийн холбоо FILA-гийн  Шүүгчийн зөвлөлийн долоон гишүүний нэг байсны хувьд аль ч талаараа МЧБХ-ны Шүүгчийн зөвлөлийг удирдах нь зүйн хэрэг бөгөөд 3-р сарын 27-ны холбооны Удирдах зөвлөлийн анхны хурлаар намайг уг зөвлөлийн даргаар томилсон нь ердөө ёс төдий зүйл байсан нь тэр даруй л мэдэгдсэн.

2009 оны 3-р сарын 23-нд холбооны ерөнхийлөгч Л.Чинбатын өрөөнд Б.Болд, Б.Батбаяр, Б.Гантогтох, Д.Алтанхуяг нарын хамт МЧБХ-ны бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэж тохироод, гарын үсгээ зурсан юм. Гэтэл 2009 оны 3-р сарын 27-ны МЧБХ-ны Удирдах зөвлөлийн анхны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэхэд Шүүгчийн зөвлөл буюу шүүгчийн үйл ажиллагааны “хараат бус байх” зарчмыг алдагдуулсан, огт өөр санаанд ормооргүй бүтэц схемийг оруулж ирсэн юм. Тэд “Мэргэжлийн зөвлөл” гэх урьд өмнө байгаагүй шинэ алба бий болгож,  Шүүгчийн зөвлөлийн бүхий л үйл ажиллагаанд шууд хяналт тавьж, Удирдах зөвлөлд санал өгч шийдвэрлүүлж байх давуу эрхийг олгосон. Шүүгчдийн зөвлөлийг даргалах болсон намайг “Мэргэжлийн зөвлөл” гэдгээр бамбай хийж дарамтлах санаархал юм.

Шүүгчийн зөвлөл хараат бус байж шударга ажиллана, чөлөөт бөхөө бодъё, дүрэм журмаа баримталъя гэдгийг би мөн ч сайн хэлсэн дээ. Тухайн үед МЧБХ-ны УЗ-ийн гишүүн, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны ТНБД-ийн дарга асан Т.Гантулга нар “Басхүү гуай үндэслэлтэй зөв юм ярьж байна шүү дээ. Шүүгч хэнээс ч хараат бус ажиллах ёстой. Нэг зөвлөл нь нөгөөдөө хяналт тавина гэж юу байх вэ” гэж зарчмын санал хэлээд ч нэмэр болоогүй. Бөхөөс өөр мэргэжлийн хөндлөнгийн тэд шударга бус зүйл хэтэрч байгааг хараад тэсээгүй л дээ. Энэ хамт олныг мөнхийн хагалан бутаргаж ирсэн хэдэн нөхдүүд санал хураалтаар шийднэ гэж муйхарлан шууд тулгаж, дэндүү бүдүүлгээр санасандаа хүрсэн. Шүүгчийн зөвлөлийг, шууд хэлэхэд намайг дарамтлах, ялгаварлан гадуурхах улмаар бөхөөс зайлуулах эрээ цээргүй үйлдэл үүгээр эхэлсэн юм. Чөлөөт бөхөд багагүй хэл ам болоод байсан “Мэргэжлийн зөвлөл” гэдэг нь намайг дарахад зориулагдаж анх бий болсон түүх нь энэ юм. Аливаа буруу, уршигтай муу үйлийн үр дагаврыг тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид л амсаж хохирч ирсэн.

-Энэ мэт шударга бус шийдвэрүүдийн уршгаар чөлөөт бөхөд ямар хохирол учирсан талаар Танд ямар баримтууд байна вэ?
-Миний хэлсэн ярьсан бүхэн баримттай. Зөвхөн 2024 онд гэхэд л манай улсын 11 олон улсын шүүгч дэлхийн бөхийн холбоо /UWW буюу хуучин нэрээр FILA/-ны   жагсаалтаас хасагдлаа. “Шүүгчийн асуудал ингэтлээ унаж доройтох гэж, яаж Монголоос дэлхийд, улмаар олимпод шүүдэг шүүгчтэй болох вэ” гэж өнөөдөр дээр доргүй халаглан ярьцгааж байна. Энэ бол 15 жилийн өмнөөс эхэлсэн МЧБХ-ны ЕНБД, Шүүгчдийн зөвлөлийн дарга асан Б.Төмөрбаатар, холбооны нарийн бичгийн дарга асан, шүүгч Ц.Сэрээтэр нарын хийсэн үйлийн хор уршиг. МЧБХ-ны УЗ-ийн гишүүн, ШЗ-ийн даргын хувьд аливаа хурал, үйл ажиллагаанд оролцох эрхийг минь шууд хаан боогдуулж, Удирдах зөвлөлийн 2009 оны 3-р сарын 27-ны өдрийн анхны хурлаас хойш нэг ч хуралд оролцуулаагүй.

МЧБХ-ны УЗ-ийн гишүүн миний бие уг зөвлөлийн хуралд оролцсон эхний бөгөөд сүүлчийн хурал нь энэ. Ганцхан баримт дурдъя. 2010 оны 12-р сарын 15-ны УЗ-ийн хурлын сураг сонсоод нарийн бичиг Ц.Сэрээтэрээс асуухад хурал болохгүй гэв. Дараа нь тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазараас лавлаж асуухад мөн л хуралдахгүй гэхээр нь тийм л юм байх гэж бодов. Гэтэл надад худал хэлж, хуралд оролцуулалгүй тухайн өдрөө хуралдсан байдаг. Ийнхүү тухайн үедээ шинэчлэгдсэн гэх МЧБХ-ны УЗ-ийн анхны хурлаас л миний бие чулуун хана мөргөж, намайг тойруулан хана хэрэм барьсан эмгэнэлт түүх эхэлсэн бөгөөд таны асуусан 2012 оны олимпын шүүгчийн асуудал мөн эндээс эхтэй юм.

Тухайлбал, ДАШТ-д зөвхөн Олимпын зэрэглэлийн шүүгч шүүх эрхтэй. Үүнийг МЧБХ-ны удирдлагууд сайн мэднэ. Тэгсэн атлаа “Шүүгчийн сонголтоо хэзээ хийх вэ, Монголоос хэдэн шүүгч сонгох вэ” гэсэн инээдтэй асуулттай, I зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийг дэлхийн аваргад шүүлгэхийг тун их чармайлт гаргаж хүссэн хачин жигтэй захидлыг МЧБХ-ноос ОУБТНХ(FILA)-нд 2009 оны 6-р сарын 4-нд илгээжээ. 

FILA-гаас “Уучлаарай, ДАШТ-д танайхаас зөвхөн А.Басхүү л ийм эрхтэй шүүгч мөн” гэсэн хариу өгсөн байдаг. 2009 онд Дани улсад болох ДАШТ-д чухамхүү ямар зэрэгтэй шүүгч шүүх эрхтэйг мэдсээр байж Ц.Сэрээтэрийг шүүлгэх гэж ингэж хичээнгүйлэн зүтгэсэн нь хачирхалтай.

Зүүн гар талаас А.Басхүү, МЧБХ-ны Ерөнхийлөгч Л.Чинбат, ЕНБД Г.Бат-Эрдэнэ 2009 он

Холбооны ерөнхийлөгч Л.Чинбат МЧБХ-ны тамгыг миний гараас их л баяр баясгалантай хүлээж авсан. Түүнтэй Их хурлын дараа анх уулзахад, “Би бөхийн клуб байгуулсны дараа холбооны ерөнхийлөгч болохыг хүссэн юм. Энэ хүсэл минь биелэхэд тусалж дэмжсэн танд их баярлалаа” гэж хэлсэн.

-Та холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Шүүгчийн зөвлөлийн  дарга хүн. Эрх биш энэ ажилд саад болоогүй биз дээ?
-2011 оны 12-р сарын 15-нд Спортын төв ордны А зааланд тэмцээн үзээд сууж байтал шүүгч Б.Төмөрбаатар ирээд “Маргааш хуралтай, мэдсэн үү” гэв. Юун хурал билээ гэтэл “Шүүгчдийн зөвлөлийн хурал, ямар асуудал хэлэлцэхийг мэдэхгүй. Сумъяабазар дарга хурлаа хий гэсэн” гэв.

Би чинь Удирдах зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн зөвлөлийн дарга атал юу ч мэдээгүй байдаг. Тэр өдрөө нэлээд оролдлого хийж байж Д.Сумъяабазартай уулзаад асуутал “Би юу гэж Шүүгчдийн зөвлөлийн ажилд оролцох юм, мэдэхгүй” гэж их л янз муутай хариу өгсөн. 2011 оны 12-р сарын 16-нд хурал нь болж, Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр хоёр удирдаж, тушаал өгсөн удирдлагууд нь алга. Тэгсэн МЧБХ-ны Удирдах зөвлөлийн 2011 оны 6-р сарын 15-ны хурлаар Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Басхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг тогтоолоо энэ хурал дээр буюу бүр хагас жилийн дараа танилцуулсан нь намайг төдийгүй бусад шүүгчийг ч гайхашралд оруулав.



Мөн Б.Төмөрбаатарыг Шүүгчдийн зөвлөлийн даргаар томилсон тогтоолыг дараа нь уншлаа. Ийм инээдтэй, дампуу холбоо гэж байх уу? 

Намайг чөлөөлсөн гэх тогтоол нь МЧБХ-ны Ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалт, бусад хууль, дүрэм, журмыг илт зөрчжээ. Хамгийн гол нь Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, Шүүгчдийн зөвлөлийн дарга миний эрхийг шууд хязгаарлаж, тус хуралд оролцуулаагүй. Миний асуудлыг хэлэлцэх гэж байж  надад огт мэдэгдэлгүй нууцаар хуралдаж, шийдвэр гаргасан.

Холбооны дүрмийн 7-р бүлгийн 7.2.3; 7.2.16 ба 11-р зүйлийн 11.8,11.7-д заасныг үндэслэн чөлөөлсүгэй гэсэн тогтоолын эхний заалтууд нь тухайн үүрэгт ажлаас чөлөөлөх заалт биш, дүрмийн огт өөр заалтууд байсан.Сүүлчийн заалт нь дүрэмд огт байхгүй нь үнэнхүү гайхалтай, ёстой нүд орой дээр гарсан даа. Эрүүл ухаантай, мэдлэг боловсролтой хүмүүс ийм балай тогтоол гаргахгүй биз дээ.

Хожим мэдэх нь ээ, эдгээр заалт нь 2011 оны 5-р сарын 16-ны өдрийн МЧБХ-ны Их хурлаар баталсан гэх тодотголтой дүрмийн заалтууд байв. Гэтэл тухайн өдөр нь МЧБХ-ны Их хурал хуралдаагүй бөгөөд ийм хурал огт болоогүй. Сүүлийн 15 жилд МЧБХ-ны их хурал нь 2009 оны 3-р сарын 13-14-нд хуралдсан. Удаах хурал нь 2023 оны 12 дугаар сарын 7-нд хуралдсан байх юм. Түүх үнэнээрээ үлдэх ёстой. Чухам ямар үндэслэл, шалтгаанаар тус үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай болон уг хурлын протоколтой танилцахыг хүссэн ч “Нууц” гээд хүлээж аваагүй. Удаа дараа шаардсанд арга буюу Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ “Та хүсэлтээ бичгээр гарга” гэсний дагуу 2012 оны 1-р сарын 2-нд гаргасан боловч яаж ч хөөцөлдөөд хариу авч чадаагүй, тэр чигтээ чимээгүй болсон. 

-Тухайн үед Та ямар байдалтай ажиллаж байв?
-Би эрхэлсэн ажилгүй, цалин мөнгөгүй. Зөвхөн Шүүгчийн зөвлөлийн даргын сонгуультай. Хэдийгээр байнгын дарамт шахалт дор ялгаварлан гадуурхагдаж,  ажлаа хийх наад захын боломж олгодоггүй, хэцүү үед чөлөөт бөхөө гэсэн сэтгэлээр харин ч багагүй зүйлийг санаачлан хийснээ бардам хэлнэ.

Нэг баримт хэлье. 2011 оны 5-р сарын 1-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөсөн нээлттэй УАШТ буюу “Мongolia open” тэмцээний бэлтгэлийг хангах үүднээс шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг удирдаж зохион байгуулав. Тус тэмцээнийг санаачилж, ивээн тэтгэсэн Гавьяат тамирчин Х.Баттуул “Басхүү багш аа, танд их баярлалаа. Маш үр дүнтэй сайхан семинар зохион явуулсан байна” гэж тэмцээний өмнө хэлж байсан нь сэтгэлд тодхон үлджээ.

Тус тэмцээнээс хойш ердөө сар хагасын дараа Шүүгчдийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн МЧБХ-ны Удирдах зөвлөлийн “нууц” тогтоол гарсан бол хагас жилийн дараа уг тогтоолоо ил болгосон 2011 оны 12-р сарын 16-ны өдрийн хурлын энэхүү хүчирхийлэл нь тэдний шившгийг нотлох баримт болон үлдсэн. Ийнхүү миний эсрэг хийж буй зохион байгуулалттай үйлдлийн нэг том зорилго нь биелэгдсэнээр хэрэг явдал зогсоогүй ээ, цааш улам хорсолтойгоор үргэлжилсэн.

-Үргэлжлээд л байсан хэрэг үү. Таныг олимпын шүүгчээс хасуулсан үйлдлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-Тийм ээ, бүр аймшигтай. 2011 онд Олимпын шүүгчид заавал оролцох гурав дахь шатны шалгаруулалтад оролцоод Лондонгоос ирсэн өдөр буюу 2011 оны 12-р сарын 14-нд “Сүүлийн үед А.Басхүү нь манай холбооны ажилд оролцохгүй байгаа. Монголын бөхийн холбоо Баатарын Төмөрбаатар, Цэрэндагвын Сэрээтэр нарыг Лондон-2012 олимпын наадамд шүүгчээр оролцуулах хүсэлтэй байна” гэсэн албан тоотыг FILA-д явуулсан байсан.

Тэр өдөр нь FILA-гаас “Танайх “Олимпын зэрэглэл”-ийн хоёр шүүгчтэй, энэ нь А.Басхүү, Ц.Сэрээтэр. Эцсийн сонголт Европын аваргын үеэр явагдана. Б.Төмөрбаатар бол олон улсын I зэргийн шүүгч. Та нар “Олимпын зэрэглэл”-ийн шүүгч А.Басхүүг хасуулах гээд байна аа даа? Хэрэв тийм бол танайх ирэх жил ганцхан “Олимпын зэрэглэл”-ийн шүүгчтэй болно шүү дээ” гэсэн тайлбартай, асуулттай, анхааруулгатай хариуг өгсөн байдаг.

Лондонд болсон FILA-гийн Шүүгчдийн зөвлөлийн хурлаар 2011 оны ДАШТ-д маш том алдаа гаргасан Б.Төмөрбаатарын зэргийг буулгаж, Ц.Сэрээтэр дөнгөж л Олимпын зэрэглэлтэй болсон тэр үеэс л намайг хасуулахаар тун шаргуу ажилласан нь энэ. Ер нь 2009 оны 3-р сарын 27-ны хурлаас хойш ажиллах боломжийг хаан боогдуулан Шүүгчдийн зөвлөлийн хамт олны шийдвэр, санал хүсэлтийг хүлээж авдаггүй, авсан ч хариу өгдөггүй, аливаа мэдээлэл, холбогдох материалыг нуун дарагдуулан хохироож, ажилд саад хийх явдал хэвийн зүйл болж, энэ нь бүр холбооны бодлого болтлоо хэрээс хэтэрч байв. 

ХАВЧЛАГА, ГАДУУРХАЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЧ АЖИЛ ЯВУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Ч БИ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАСААР БАЙВ

-FILA руу “Сүүлийн үед А.Басхүү нь манай холбооны ажилд оролцохгүй байгаа” гэж захидал бичжээ. Та үнэхээр холбооны ажлаа орхисон байв уу?
-Энэ бол ичгүүргүй гүтгэлэг. Хэдийгээр хавчлага, гадуурхалт хэрээс хэтэрч ажил явуулахад хүндрэлтэй болсон ч би ажилласаар байв. Бор зүрхээрээ зүтгэж хийсэн ажлаа баримт түшин товч хэлье. Хийсэн ажлын маань зарим нь бүр чөлөөт бөхдөө анхдагч болсон нь ч бий. 

1-рт, Шүүгчийн сургалт гэхэд л богино хугацаанд зургаан удаа хийснээс тодруулбал, улсын хэмжээний дасгалжуулагч, шүүгчдийн нэгдсэн семинарт (2010.10.19-21) хот, орон нутгийн 31 байгууллагын 55 хүн хамрагдаж, “Сертификат” авсан. Үүнээс гадна олон улсын шүүгчийн зэрэг шинээр авах буюу зэргээ ахиулах шүүгчдэд зориулж тусгайлан сургалт явуулснаар зөвхөн 2009 онд таван шүүгч олон улсын зэрэг авсан. 2011 оны сургалт семинарын онцлогийг дээр дурдсан.

2-рт, Дэлхийн аваргад оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн эмэгтэй, эрэгтэй тамирчид, дасгалжуулагчдад 2010 оны 8-р сарын 26-нд сургалт явуулж, дэлхийн дэвжээнд хэрэгжүүлэх дүрмийн шаардлага, чухал онцлог 15 зүйлийн чиглэлээр өөрийн биеэр үзүүлэн, тайлбарлаж таниулан хэлж өгсөн. Мөн дэлхийн аваргын тэмцээний бэлтгэл дасгалжуулалтыг дүрэмтэй уялдуулж явуулах талаар зөвлөж, тэдний асуултад хариулан, дүрмийн талаар мэдэхгүй, эргэлзсэн зүйлийг нь мухарлаж өгсөн дөө. 

“Дүрмийн чухал асуудлаар тодорхой сайхан тайлбарлан хэлж өгч, маш үр дүнтэй сургалт явуулсанд Басхүү багшдаа их баярлалаа” гэж нийт тамирчдын жагсаалын өмнө ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном тэргүүтэй хамт олон ихэд баярлаж байсан тэр мөч одоо ч миний сэтгэл зүрхэнд байдаг.

Мартахын аргагүй юм л даа, уг нь. Тэгээд ч уг дэлхийн аваргаас анхны эмэгтэй аварга бөх төрсөнд миний өчүүхэн хувь нэмэр орсныг арай үгүйсгэхгүй байх. 

3-рт, “Бөхийн барилдааны олон улсын дүрэм”-ийг анх 1996 онд мэргэжлийн хүний хамт орчуулж, дүрэм өөрчлөгдөх тутамд орчуулан тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид төдийгүй сонирхогчдод зориулан таван удаа товхимол болгон хэвлүүлсэн. 2010 онд орчуулсан дүрмээ хэвлэлийн асуудлыг нь өөрөө хариуцаж бэлэн болгоод холбоонд хүлээлгэн өгөхөд “баярлалаа” ч байхгүй байсан. Одоо уг дүрмийг ном болгон хэвлүүлэлгүй 15 жил болжээ.

4-рт, Монголын чөлөөт бөхийн спортын хөгжлийн түүхэнд 60 гаруй жилд гараагүй онол, арга зүйн анхны номыг бичсэн. “Чөлөөт бөхийн сургалт, дасгалжуулалтын онол, арга зүй” ном бичиж, бүх насны хичээллэгчдийн хүртээл болгов. Уг бүтээл маань 2010 оны “Шилдэг ном”-оор шалгарсан.

“Басхүү багш аа, Таны ном чөлөөт бөхдөө үнэт хувь нэмэр оруулсан, мөнгөөр хэмжих боломжгүй том хөрөнгө оруулалт шүү” гэж мэргэжлийн нөхөд, олон түмэн үнэлэн хэлэхэд сэтгэл уужран сайхан болдог юмаа. 

-Монголын тамирчид дэлхийн аваргаас хасагдах болчихоод сандарч байхад Таныг асуудлыг шийдвэрлэхэд үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ талаар ярих уу?
-Тийм ээ, холбооны мэдлэг чадвар муу нарийн бичгийн дарга нарын ажлын хариуцлагагүйгээс Монгол Улсын баг 2009 онд Дани улсад болох ДАШТ-ээс хасагдах бодит аюул тулгарсан. 2009 оны 9-р сарын 19-нд агаар муугаас онгоц ниссэнгүй, маргааш нь эхний жин үзэлт эхлэх гэж байдаг. Бөөн л юм болсон. Онгоц саатаж болно оо. Хамгийн гол нь жин үзэх цагаа мэдэхгүй байна гэдэг дэндүү гэхэд дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүй, шившигтэй юм болсон.

МЧБХ-ны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр, О.Баянмөнх нар жинг орой 18:30 цагаас үзнэ гэж байсныг яана. Онгоцны буудлын лавлахын интернэтээс ДАШТ-ий хөтөлбөрийг авч үзэхэд өглөөний 11:30 цагт гэж байв. Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, дэд ерөнхийлөгч Б.Болд нар “Та хоёр үүнийгээ үзэхгүй юу хийж байдаг юм, эсвэл мэддэггүй юм уу” гэж тэр хоёрыгоо сүрхий загнаж харагдсан. Ингээд бид онгоцны буудлаас буцлаа.

Гэтэл 2009 оны 9-р сарын 20-ны шөнийн 02.00 цагийн үед Дани улсад түрүүлж очсон МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат над руу ярив: “За болохоо байлаа, та л одоо FILA-гийн ерөнхийлөгчтэй ярьж өг” гэв. Би ч тэр дор нь ярив. Өглөө Аэрофлотын онгоц бас байдаггүй ээ. МИАТ-ийн онгоцоор Б.Наранбаатар, П.Өнөрбат, Г.Мандахнаран нар арай гэж нислээ. Тэд жингээс хоцрох нь тодорхой, FILA-гийн ерөнхийлөгчтэй шөнө би ярьсан болохоор түүнд л найдаж байлаа. Байдал улам хүндэрч, хоёр дахь жин үзэлтээс хоцрох нь гарцаагүй болсон. FILA-гийн ерөнхийлөгчид “Онгоц нисдэггүй ээ, бид жингээс дахин хоцрох нь” гэсэн мессежийг 16:00-ын үед бичив. Ажлаа мэддэггүй олхиогүй хүмүүсийн уршгаар тамирчид, дасгалжуулагчид сэтгэл санаагаар унаж, бухимдсан.

Олон цаг саатаж, жингээ барина гэдэг туйлын бэрх, эхэлж жингээ үзүүлэх эрэгтэй бөхчүүд илүү сульдсан. Уг ДАШТ-д эрэгтэй тамирчдаас медаль, түүнээс ч илүү амжилт гаргах байсныг энэ нөхдийн балгаар хохирсноо тэд одоо ч харамсан ярьдаг. Бид онгоц буухыг хүлээж байтал 17:00 цагийн үед FILA-гийн ерөнхийлөгч Р.Мартиннети ашгүй над руу ярилаа. Бүх л учир байдлаа хэлэхэд, “За мэдлээ, хамгийн гол нь яг хэдийд энд ирэх юм бэ, тодорхой хариу хэрэгтэй” гэв. Өнөө орой нисэх бололтой, гол нь жин үзэлтээс дахин хоцрох болоод байна гэдгээ хэлэв.

Ерөнхийлөгч, “Ок, танай бөхчүүдийг жингийн хүснэгт, сугалаанд орууллаа” гэж хэлэхэд нь ямар их баярлав аа. FILA-гийн ерөнхийлөгчийг ярина гэж яаж санах вэ дээ. FILA-ийн ерөнхийлөгчтэй ярьж байхыг сонссон хамт олон маань бөөн баяр. За ийм боллоо шүү гэхэд, надад хачин их баярлаж талархсан. Хоёрын хоёр удаа жин үзэлтээс хоцорсон монгол бөхчүүдийг урьдчилан жингийн хүснэгтэд оруулж, очсон үед нь жинг тусгайлан үзэж, ДАШТ-ээс хасагдах аюулаас аврагдахад бодит хувь нэмрээ оруулсан үнэн нь энэ юм. Ялгаварлан гадуурхагдаж, ад шоо үзэгдсэн миний бие Монголын тамирчид, Монгол эх орныхоо төлөө хийсэн бас нэг түүх санаанд орлоо. Яг тэр дэлхийн аваргаас манай нэг тамирчин хасагдсаныг тэмцээнд нь оруулахаар шийдвэрлүүлж өгсөн.

-Тэр тухай яриач?
-ДАШТ-д яваад очиход түрүүлж очсон 55 кг-ын эмэгтэй тамирчин Ю.Гандолгор ирж уулзаад, “Би дэлхийн аваргад сүүлчийн удаа орно, гэтэл холбоо дэмжиж хөөцөлдөхгүй юм” гэхэд нь “Би чинь ажлаа өгөөд гудамжинд лааз өшиглөж яваа хүн шүү дээ, холбооны удирдлагадаа хэлээч” гэлээ. Ингээд холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Г.Бат-Эрдэнэ бид гурав уулзахад, “Холбоо чиний нэрийг оруулахад FILA хассан, одоо бид юу ч хийж чадахгүй, Басхүү багшаараа л яриул. Басхүү багш аа, та л одоо хөөцөлдөж FILA-тай ярилцаж өгч туслаач” гэв.

Энэ бол үнэхээр боломжгүй хүнд асуудал байсан. Мөн л холбооны ажилд хайнга ханддаг, дутуу хийдгээс улбаатай. Юу вэ гэхээр Азийн аваргад нэг жин дутуу орсон тул дэлхийн аваргад бүтэн жингээр орох боломжгүй гэдгийг FILA 2009.08.28-ны өдөр буюу тэмцээн болохоос бүтэн нэг сарын өмнө албан тоотоор МЧБХ-нд мэдэгджээ.

Миний хувьд FILA-ийн ерөнхийлөгчид дахин хандах ямар ч нүүргүй болсон. Хоёр ч удаа жингээс хоцорч, дэлхийн аваргаас хасагдах аюулаас арай гэж мултарч байхад, одоо энэ. “За Гандолгор оо, энэ тун хэцүү, бараг бүтэхгүй. Яагаад гэвэл FILA-гийн шийдвэр нэгэнт гарчихсан. Чи өөрийн зардлаар энд ирчихсэн байдаг. Хүний газарт охин хүүхдийг хараад яаж суух вэ, багш нь хөөцөлдье” гээд FILA-гийн Товчооны гишүүн, ДАШТ-ий техникийн төлөөлөгч Чаба Хегдюшьтай (БНУУ) эхлээд уулзаж зөвлөгөө авлаа. Аажмаар барьцаа ахиулсаар FILA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга М.Дюссонтой хоёр ч удаа уулзаж хүсэлтээ хэлсэн.

2009.09.22-ны өдөр “За маргааш жин үзнэ, одоо хоёулаа эцсийн шийдээ авна аа” гээд Гандолгорыг дагуулаад тэмцээний төв суудалд очиж М.Дюссонтой уулзаж, “зөвшөөрсөн” хариугаа авч, сая нэг сэтгэл амарч билээ. Гандолгор маань их баярласан, аргагүй шүү дээ. Манай дасгалжуулагчид ч баярлаж байна гэж жигтэйхэн, зарим нь бүр гайхаж “Болчихсон уу багшаа” гээд толгой сэгсэрч, “Та ч мөн бяртай юмаа. Манайхан дэлхийд ийм нэр хүндтэй, ийм нөлөөтэй хүнээ ад шоо үзэж, муу хэлж байхаар хамтраад ажиллавал чөлөөт бөхөд л их хэрэгтэй юм даа” гэж ярьж байсан юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо,тамирчдынхаа төлөө ингэж ажиллачхаад эцэст нь “лааз өшиглөж”, эхнэрээсээ мөнгө авч, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас гарч явахад юм бодогдоно шүү. Ийм байдлаар би дөрвөн жил шахам явсан.

-Монголын баг тамирчдаа ДАШТ-ээс хасагдахаас аварлаа. FILA-гийн хассан тамирчныг тэмцээнд нь орууллаа. Энэ бүхний төлөө МЧБХ-ны удирдлагууд Танд баярлаж, цаашдаа та нөхдийн харилцаа дээрдмээр юм даа?
-Данид байхад МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, ЕНБД Г.Бат-Эрдэнэ нар баярласнаа илэрхийлсээн. Гэвч энэ нь цаг зуурын намайг хуурах төдий байсныг тэдний үйлс нотлоод өгсөн дөө. 

FILA-ГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Р.МАРТИННЕТИ “МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНДЭЭ ИЙМ МУУ БАЙДАГ ЮМ УУ” ГЭЭД ТОЛГОЙ СЭГСЭРЧ БИЛЭЭ

-Тамирчдын хувь заяа, цаашлаад эх орныхоо төлөө зүтгэж, бүтэлгүй хүмүүсийн буруугаас ямар ч аргагүй болчихсон юмыг болгоод өгсөн, Дэлхийн бөхийн холбоо үгийг нь сонсдог ганц хүндээ “баярлалаа” гээд орхиж болоогүй юм байх даа?
-Орхих нь байтугай улайрсан. Туйлын гайхалтай нь FILA тов тодорхой хариу, анхааруулгыг өгөөд байхад бүр А.Басхүүг Б.Төмөрбаатараар сольж, Серби улсын Белград хотноо болох Европын аваргын олимпын шүүгчийн эцсийн шалгаруулалтад Ц.Сэрээтэрийн хамт оролцуулахыг хүссэн албан тоотыг 2011.12.19-нд явуулж, FILA-гийн ерөнхийлөгчийг гайхширалд оруулсан байдаг.


Хамгийн гутамшигтай нь FILA-гаас шийтгүүлж доод зэрэгтэй болсон Б.Төмөрбаатарыг олимпод шүүлгэхээр хүсэлт тавьсан атлаа, олимпын шүүгчийн гурван шатны шалгаруулалтад амжилттай оролцсон намайг  хасуулахаар зүтгэснийг юу ч гэлтэй юм.

FILA-гийн ерөнхийлөгч мөн тэр өдөр нь “Бөхийн үндэсний холбоод шүүгчдээ Олимпын зэрэглэлтэй болгох эсэхийг шийдэх эрхгүй” гэдгийг хоёр дахь удаа анхааруулаад, “Шүүгчийн зэргийн асуудлыг тэдний бүтэн жилийн ажлыг үнэлэн, FILA-гийн Шүүгчийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа шийдвэрлэдэг журамтай. Хэдийгээр МЧБХ Олимпын зэрэглэлийн хоёр шүүгчтэй боловч олимпын зэрэглэлийн аль нэг шүүгчийг өөрийн орны өөр шүүгчээр солих эрхгүй. Танай шүүгчдийн нэрсийн жагсаалтад А.Басхүү байгаа бөгөөд олимпын зэрэглэл нь хэвээрээ байна. Ийнхүү танайх 2012 оны Европын аваргад оролцох Олимпын зэрэглэлийн хоёр шүүгчтэй байна шүү дээ.
1.А.Басхүү,
2.Ц.Сэрээтэр.
 
Иймд та нар бидэнд Адуучийн Басхүүг Монголын шүүгч хэвээрээ гэдгийг нотолж өгч чадах уу? Хэрвээ биш гэвэл, танайх зөвхөн ганцхан “Олимпын зэрэглэл”-ийн шүүгчтэй болно. Энэ нь Ц.Сэрээтэр юм”
 гэсэн хариуг өгсөн байв. 

FILA-гийн удирдлага Монголын хоёр шүүгч хоёулаа олимпын шүүгчийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй гэж учирлаад байхад МЧБХ-ны удирдлага болохоор нэгийг нь, тухайлбал А.Басхүүг хасуулах гэж улайрсан нь  итгэхийн аргагүй бусармаг үйлдэл болсон.

FILA аргаа барьж, эцэстээ тулж А.Басхүү Монголын шүүгч мөн үү гэсэнтэй адил асуулт тавьжээ. Үүнд нь: “МЧБХ-ны товчооны гишүүд Ц.Сэрээтэрийг Лондон-2012 Олимпын наадамд шүүгчээр томилохоор шийдвэрлэв” гэсэн олимпын шүүгчийг өөрсдөө томилох эрхтэй мэт мулгуу, тухайн асуултаас шууд бултсан хариуг 2012.02.08-нд өгчээ. 

FILA-ийн ерөнхийлөгч “Бөхийн үндэсний холбоо нь аль шүүгч Олимпын зэрэглэлийн шүүгч байх эсэхийг шийдэх эрхгүй гэдгийг би та нарт 12-р сарын 14,19-нд тодорхой хэлсэн” гэж дахин сануулаад “А.Басхүү, Ц.Сэрээтэр хоёр хоёулаа Олимпын зэрэглэлийн шүүгчид. Би дахин тайлбарлаад байна шүү дээ. А.Басхүүг та нар 2012 оны олимпын шүүгчээс хасуулах гээд байгаа юм уу, хэрэв тийм бол танай улсаас ганц Ц.Сэрээтэр Олимпын зэрэглэлийн шүүгчээр үлдэх болно” гэсэн хариуг гурав дахь удаагаа буюу 2012.02.08-нд МЧБХ-нд ирүүлсэн байдаг.



-FILA-гийн ерөнхийлөгч эцэстээ “А.Басхүүг Монголын шүүгч хэвээрээ юу гэдгийг нотолж өгч чадах уу?” гэж асуухад  Чөлөөт бөхийн холбооноос ямар хариулт өгсөн бол?
Онцгойлон тавьсан энэ асуултад МЧБХ-ны удирдлага хариу өгөөгүй нь маш ноцтой. Хариу өгөөгүй эс үйлдлээрээ намайг Монгол Улсын харьяатаас хассан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл энэ нь Монгол Улсын иргэн биш, Монгол улсын шүүгч биш гэсэнтэй нэгэн адил дэндүү бүдүүлэг үйлдэл, арай ч дээ!

Би Монгол Улсын иргэн, дэлхийд эх орныхоо нэрийг 40 гаруй жил таниулсан Монгол Улсын шүүгч шүү дээ. Ёстой зүрх шимширч, сэтгэл өмрөх шиг болсон.

-Монгол Улсын Ерөнхийлөгч л иргэнийг харьяатаас хасах асуудлыг шийдвэрлэх эрхтэй атал МЧБХ-ны удирдлага яагаад, ямар учраас ийм эрх эдлэв?
-Тийм ээ. Эс үйлдэхүй байдлаар намайг Монгол Улсын харьяат биш гэж хариулж байгаа юм. Олимпын шүүгчийн эцсийн шалгаруулалтад оролцохоор Белград явахаасаа өмнө МЧБХ-ны албан өрөөгөөр хэд хэд орж, явахын урьд өдөр буюу 2012 оны 3-р сарын 2-нд очиж шүүгчийн “марк”-аа авахад ”Сайн яваарай, амжилт хүсье” гээд их л сайхан инээмсэглэсэн хүмүүс байсан. Гэтэл тэр өдөр МЧБХ-ноос “А.Басхүүг 2012 оны олимпын шүүгчээс нь хассаныг мэдэгдэж байна” гэсэн албан тоотыг FILA-д явуулсныг би яаж мэдэх билээ.  

Маргааш нь Ц.Сэрээтэртэй онгоцонд олон цаг хамт нисэж байхдаа ч “Ар нуруундаа хутга зоолттой”-г мэдээгүй явснаа бодоход хүнд дэндүү итгэдэг, гэнэн байж. Надад хэчнээн муу байдаг ч гэсэн ийм аймшигт зүйлийг хийнэ гэж яаж бодох вэ дээ. Хэрэг явдал ил болсны дараа FILA-гийн ерөнхийлөгч Р.Мартиннетитэй уулзахад, “Шүүгчийн зэргийг чинь бууруулж, хасуулснаа өөрт чинь хэлээгүй юм уу, та нар хоорондоо ярилцаагүй болж байна уу. Яагаад хэлдэггүй юм, ер нь чи яаж энд ирсэн юм бэ, ямар зардал мөнгөөр…” гэж хачин гайхаж асуухад нь “Надад юу ч хэлээгүй, надтай хэн ч яриагүй, энд ирээд л мэдсэн” гэлээ. “Ай яа яа, яасан муухай юм бэ” гэж айхтар санаа алдсанаа, “Тэгвэл энэ нарийн бичиг, шүүгч Сэрээтэр та хоёр хамт ирсэн үү” гэхэд нь “Тийм ээ,  бид хамт нэг онгоцоор ирсэн” гэхэд “Чамд тэгээд замдаа юу ч хэлээгүй юм уу. Монгол хүн нэгэндээ ийм муу байдаг юм уу. Тэр нөхөр яаж чадаж байна аа” гээд толгой сэгсэрч таг дуугүй болчихож билээ.

FILA-гийн удирдлагууд итгэж чадахгүй байсан. Белградад очоод 2012 оны 3-р сарын 4-ний өдөр олимпын шүүгчийн эцсийн шалгаруулалтын семинарт суух гэтэл тус ЕАШТ-ий FILA-гийн төлөөлөгч Ким Ик-Жон, К.Яанчо нар “Танай холбоо бөөн асуудал болгож чиний зэргийг бууруулж, хасуулсан, чи мэдээгүй юм уу” гэв. Би итгээгүй, яаж ч итгэх вэ дээ, “Эд надаар тоглож байна” гэж бодоод Ц.Сэрээтэрийн хамт нэг ширээнд суув.

2011 оны 1-р сарын 31-ний өдрийн FILA-гийн албан тоотод “Олимпын зэрэглэлийн бүх шүүгчид тус оны 1-рт, Европын аварга, 2-рт, Дэлхийн аварга, 3-рт, Олимпод зориулсан туршилтын тэмцээн ба олимпын зэрэглэлийн шүүгчдийн семинарт заавал оролцох ёстой” гэж заасан. Энэ бүх шалгуурт нь оролцож тэнцсэн миний бие, харин энэхүү гурван шалгуурт огт оролцоогүй Ц.Сэрээтэр бид хоёр зэрэгцээд сууж байгаа юм, ямар вэ! 

Семинар ч өндөрлөж, шүүгчдийн хуваарийг уншиж, дугаар тараагаад дуусахад миний нэр гарсангүй. Ухасхийн босож нэрсийн жагсаалтыг авч үзэхэд, шүүгчдийн хуваарийн “С” дэвжээний 65 дугаарт Ц.Сэрээтэр бичигдэж, миний нэр хасагдсаныг хараад ёстой гэнэтийн аймшигт “цохилт” гэдгийг авсан даа. Үнэндээ яг тэр үеийн байдлыг одоо ч үгээр илэрхийлж чадахгүй байна.

Хамгийн муухай, хүний мөсгүй нь эх орон нэгт шүүгч, ахмад багш нь сэтгэл санааны хүнд цочролд орчихсон байхад МЧБХ-ны нарийн бичгийн дарга, шүүгч Ц.Сэрээтэр нэг ч үг дуугаралгүй инээмсэглээд гарсан. Үүнийг харсан бусад орны шүүгчид их зэвүүцэж, “Холбооны нарийн бичиг энэ нөхрийн хийсэн хэрэг, учрыг нь сайн мэдэж байгаа” гээд араас нь дуудаж ухасхийж байсан. Бусад шүүгч “Ийм бөхийн холбоо гэж байдаг аа” гэж толгой сэгсрэн гайхацгаасан. Энэ бүхэнд Монгол Улсын, Монгол хүний нэр хүнд л унаад байгааг харахад сэтгэл өвдөж, тун хэцүү байсан.

-Таны хувьд газар дээрээ цус харваж мэдэхээр гэнэтийн цохилтод оржээ. Тэр хүнд үеийг Та яаж давав?
-Олон жил хамт ажилласан шүүгчид маань тайвшруулахыг хичээн, сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөн, намайг сугадан өрөөнд минь хүргэж, багийн эмчээрээ эм, тариа хийлгэж тусалсан. Тэр сайхан нөхдийн тус дэмжлэгээр эрүүл мэнд, амь насанд ч учирч болох аймшигт аюулаас аврагдсан даа. “За яах вэ, эрх биш Монгол хүн байна даа, худлаа үнэн ч гэсэн нэг юм яриад ороод ирэх болов уу” гэж хүлээж байсан ч тэр өдрөөс хойш Ц.Сэрээтэр огт танихгүй хүн шиг мэндийн зөрөө ч үгүй болсон. Уг нь нэг улсын хоёр шүүгч хамт байрладаг, ямар азаар бид тус тусдаа өрөөнд орсон юм.

Бид тийм байдалтай Белград хотод арав хоноод 2012 оны 3-р 13-нд буцах болов. Унаагаа хүлээгээд сууж байсан чинь Сэрээтэр бууж ирээд гүйх шахам таксинд суугаад явчихлаа. Биднийг гаргаж өгөх хүн ирээд, “Сая таксинд суугаад явдаг хүн монгол шүүгч мөн үү? Яагаад таксигаар яваад өгөв, та хоёрыг гаргаж өгөх ёстой” гээд гайхаад зогсчхов, би мөрөө хавчихаас өөр яах вэ. Нутгийн зүг хөдлөх гэж байхад тэгж зугтаж, хөгийн л юм болсон. 

МЧБХ-НЫ УДИРДЛАГУУД ОЛИМПЫН ШҮҮГЧИЙНХЭЭ ЭРХИЙГ ХАСУУЛАХААР ЦӨХРӨЛТГҮЙ ХӨӨЦӨЛДӨЖ САНАСАНДАА ХҮРСЭН ДЭЭ

-2012 оны олимп Таны шүүгчийн карьерын сүүлчийн олимп. Зүгээр л  орхичихгүй яасан юм бол. Тэртээ тэргүй танд дараагийн олимпын наадам гэж байхгүй.
-Дэлхийн бөхийн холбоо Басхүү, Сэрээтэр хоёр хоёулаа олимпын наадамд шүүх эрхтэй гэж учирласаар байтал дахин дахин захиа явуулж, намайг хасуулж санасандаа хүрсэн. Би Лондонгийн олимпыг нэг ч харж чадаагүй. Би чинь махан биетэй хүн шүү дээ. 2012 онд би 60 нас хүрээд тэтгэвэрт гарна. Сүүлийн олимпдоо шүүгээд зодог тайлахыг минь хүлээж болно оо доо. Бид XXI зуунд хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдарч байна. Хэрэв 1937 он байсан бол намайг буудах байжээ. Монголын чөлөөт бөхийн холбоонд ялгаварлан гадуурхалт байгаагүй бол Алтан шүгэлтэй дараагийн шүүгч гарах л байсан. 

Дараа нь холбооны ерөнхийлөгч Л.Чинбаттай 2012 оны 4-р сарын 14-ний өдөр “Гачуурт” компанийн албан өрөөнд нь уулзлаа. “Энэ асуудлаа Басхүүд өөрт нь хэлээрэй. Нас ахиж байгаа хүн хол газар элдвийн юм болох вий гэж би тэдэнд анхааруулж хэлсээн. Гэвч хүлээж аваагүй, танд хэлээгүй явуулсан” гэж ярьсан нь илүү анхаарал татдаг. Энэ асуудлаас болж гэнэтийн цочролд орох вий гэдгийг МЧБХ-ны ерөнхийлөгч нь зориуд анхааруулж хэлсээр байхад, тэргүүн болон дэд ерөнхийлөгч нар нь үүнийг бодоогүй байна гэж байхгүй л дээ. Дэндүү аймшигтай, дэндүү хүний мөсгүй.

Л.Чинбат ерөнхийлөгчтэй уулзахдаа “Яагаад намайг хүн ёсноос гадуур үзэж, ёс бус балмад үйлдэл хийж, ажил амьдралыг минь байж боломгүйгээр  хохироов? Би ямар буруутай болоод ингэж байгаа юм бэ? Миний буруу, алдаа, болохгүй зүйл юу байсныг хэлээд өг” гэж асуухад “Таны буруу гэж юу байх вэ дээ, алдаа дутагдлын тухай ердөө яригдаагүй. Харин нэг л зүйлийг хэлдэг. Энэ нь юу гэвэл, “Басхүү 30 гаруй жил шүүсэн, бөхөд 40 жил боллоо. Одоо бол оо, одоо хасуулж олимпод залуу хүнээ шүүлгэнэ. Одоо л залуучуудыг бэлтгэхгүй бол болохгүй нь” гэж дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Б.Болд, гавьяат тамирчин, ахмад багш ч хэлж байсан” гэж билээ.

Би “Чинбат дарга аа, би танд гурван жилийн өмнө яг энэ өрөөнд, дараа нь ч хэлж байсан. “Атаа жөтөө, алаг үзэх, хагалан бутаргах хуйвалдааныг хийж, холбоог баллаж ирсэн хүмүүс бий шүү. Одоо та санаж байгаа байх” гэлээ.

Л.Чинбат“Таны Олимпын зэрэглэлийг хагас жилийн өмнөөс хасуулахаар тулгаж байсан. Би тэдэнд хэлж байсан, “Ингэж болохгүй байх, Басхүүтэй өөртэй нь уулзаж сайн ярилц. Та нар боль оо, энэ хүнийг зүгээр 60 нас хүртэл нь мөрөөр нь байлга, болохгүй шүү” гэж. Тэгээд ч би таны зэргийг бууруулах, олимпын шүүгчээс хасуулах бичигт гарын үсгээ зуралгүй зургаан сар болсон. Цаадуул чинь ”Та одоо л энэ бичигт гарын үсэг зурчихвал Басхүүг олимпын зэрэглэлээс нь  хасуулах асуудал шийдэгдэнэ” гэж дэд ерөнхийлөгчид шахсаар байгаад сүүлчийн бичигт гарын үсэг зуруулсаан” гэв. Ийнхүү бичгээ 2012 оны 3-р сарын 2-нд FILA-д явуулж, олимпын зэрэглэлийг минь бууруулж, олимпын шүүгчээс хасуулсан эмгэнэлтэй бөгөөд гашуун үнэн энэ. Монгол хүн, Монгол хүнийхээ эсрэг хийсэн гутамшигт хуйвалдаан юм. 13 жил дотроо хадгалж, шаналж явсан гашуун түүхээ өнөөдөр Монгол түмэндээ баримттайгаар дэлгэж байгаа юм шүү. 

Хүүхэд байхаасаа л чөлөөт бөхийг сонирхон хичээллэж, энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн халуун сэтгэл, итгэл цөхөрсөн. Үгээр хэлэх аргагүй гомдолтой үлдсэн. 

-Улс орнууд өөрийн олимпын шүүгчтэй болохын төлөө зүтгэдэг шүү дээ.
-Дэлхий даяараа олимпын наадамд эрчимтэй бэлтгэж, ганц ч болов тамирчин, шүүгчээ олимпын эрх авхуулахын төлөө тэмцэж байхад МЧБХ-ны удирдлага нь олимпын шүүгчийнхээ эрхийг хасуулахаар цөхрөлтгүй хөөцөлдөж санасандаа хүрсэн. Үүнийг наана хэлэхэд хүн ёсгүй, цаана хэлбэл эх оронч бус үйлдэл юм. Миний бие олимпод шүүгчээр ажиллана гэдэг чинь ганц миний хувийн асуудал биш, Монгол Улсын нэр төр, эрх ашгийн асуудал шүү дээ.

Хүүхэд байхаасаа л чөлөөт бөхийг сонирхон хичээллэж, энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн халуун сэтгэл, итгэл цөхөрсөн. Үгээр хэлэхийн аргагүй гомдолтой үлдсэн. МЧБХ-ны удирдлагын зүгээс урьдаас төлөвлөсөн энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс угсаа…үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг илт зөрчиж, ардчилал, шударга ёс, хүний эрхийг нухчин дарсан өнөө цагийн хэлмэгдүүлэлт болсныг дээрх баримтууд нотлох үндэслэлтэй. Хүн ёсны тухайд бол ярих ч юм байхгүй.

Энэ бүхэнд МЧБХ-ны удирдлага буруутай боловч холбооныхоо залууст, шавь нартаа ахмад багшийн хувьд зөв зам, чиглэл зааж, эвлүүлэн нэгтгэж, шударга байхыг сургахын оронд улам хагалан бутаргасан нэг л хүн голлох буруутай.

-Таныг ингээд дуусгадаг юм байж. Ядаж чөлөөт бөх, улсынхаа эрх ашгийг бодох сэтгэл байдаггүй юм байх даа?
-Тэд улс эх орны эрх ашгийг огтхон ч бодоогүй, үүнийг тэдний үг, үйлс нь нотолдог юм. МЧБХ-ны удирдлагууд “Бид таны зэргийг бууруулаагүй, олимпын шүүгчээс хасуулаагүй. Бид залуусаа л дэмжсэн” гэж худал хэлсэн.

FILA-гийн ерөнхийлөгч олимпын шүүгчээ эцэслэн баталсан өдөр буюу 2012 оны 5-р сарын 7-нд ирүүлсэн мэдэгдэлд Шийдвэрийг танай улсын бөхийн холбоо гаргасан тул би таны шүүгчийн зэрэгт ямар нэгэн өөрчлөлт хийх боломжгүй гэдгийг урьд нь танд мэдэгдэж байсан. Энэ асуудлыг өөрийнхөө бөхийн холбоотой ярилцах хэрэгтэй” гэсэн нотолгоо нь надад  байна.

Мөн МЧБХ-ны явуулсан бичгүүд, тэдгээрт FILA-гаас өгсөн хариугаа надад албан ёсоор ирүүлснийг би дээр нэг бүрчлэн хэлсэн. Залуусаа дэмжих зөв өө. Би ч дэмжиж байсан. Ер нь миний дэмжлэг туслалцаа аваагүй шүүгч байтугай дасгалжуулагч байхгүй гэдгийг тэд өөрсдөө одоо ч ярьдаг. 

Өнөөдөр ч Үндэсний шигшээ баг, шүүгчийн багт миний шавь нар дасгалжуулагч, шүүгчээр ажиллаж байна. Үнэн мөнийг хойч үедээ хэлэх цаг нь болжээ. Ц.Сэрээтэр 2012 оны олимпод шүүсэн боловч мэдлэг чадвар нь дутаж, муу шүүснээс олимпын зэрэглэл нь тухайн олимпынхоо дараа шууд буугаад 12 жил болсон. Энэ олон жил мөн ч олон удаа дүү нарынхаа урдуур орж, зэрэг ахиулах семинарт оролцсон ч зэрэг нь бахь байдгаараа л. Залуу шүүгчид “Сэрээтэр ах бидний боломж, ирээдүйг мөн ч олон жил хааж, семинарт оролцсон доо, хөөрхий минь чадал нь хүрээгүй” гэж халагладаг.

ОХУ-ын АШТ-д Ц.Сэрээтэрийн буруу шүүлтийг эсэргүүцэж зэвүүцсэн үзэгчид устай саваа дэвжээ рүү шидэхэд, толгойгоо барин бултаж байгаа бичлэгийг харсан хүн бүхэн “Ээ чааваас, ингэж ч улсынхаа нэрийг бузарлах гэж”хэмээн халагласан.

МОНГОЛ УЛС ОЛИМП БҮҮ ХЭЛ, ДАШТ ШҮҮХ ШҮҮГЧГҮЙ БОЛСОН

Одоо бас нэг будлианы эзэн, шүүгч Б.Төмөрбаатарын тухай хэдэн үг хэлье. Түүний үйлдэл Монголоос хальж, олон улс, дэлхийд асуудал болж, улмаар ОХУ-ын АШТ-д Ц.Сэрээтэрийн хамт бүх оролцогчдыг хилэгнүүлсэн тухай орос, монголгүй сошиалаар шуугьсан даа. 2011 онд Б.Төмөрбаатарт FILA-гаас шийтгэл оногдуулан, олимпын зэрэглэлийг нь бууруулсан бол, 2018 онд олимпын нэгдүгээр зэргийг алгасаж, бүр хоёрдугаар зэрэгт буулгаад зогсохгүй бүтэн жил тэмцээнд шүүх эрхийг нь хассан. Маш хатуу шийтгэлийг давхардуулан оногдуулсны цаана их ноцтой, муу муухай зүйл байгаа гэж бөхийн хамт олон нь ярьж, сошиалд ч бичиж  байсан.

Тэгэхэд чөлөөтийн ирээдүй болсон залуу шүүгчид зэргээ ахиулах нь бүү хэл олон улсын тэмцээнд ч шүүж чадахгүй улмаар олон улсын шүүгчээс олуулаа хасагдлаа. Түүнчлэн олон улсын зургаан шүүгч зэргээ ахиулахаар 2014 онд манай оронд болсон семинарт оролцсон боловч нэг нь ч зэрэг ахиагүй. Харин бүр гурван  шүүгчийн зэрэг нь буусныг шүүгчид гайхахын дээдээр гайхаж байсан даа. Чөлөөт бөх, цаашлаад улсын эрх ашиг хохирч байгаа нь их л харамсалтай хэрэг юм даа.

Аливаа тэмцээн болон зэрэг ахиулах семинарт Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар хоёр л залуучуудынхаа өмнүүр орж нөгөө увайгүй удирдлагуудтайгаа хуйвалдаж байгаад явдгийг залуучууд ярьсаар л өнөөг хүрчээ.

-Тэгвэл Монголд өнөөдөр олимпын зэрэглэлийн шүүгч байна уу?
-Хүн ёсноос гадуурх үйлдэл хийж, хэлмэгдүүлэн байж МЧБХ-ны удирдлагуудын залуусаа дэмжсэн гэх “бодлого”-ын эцсийн үр дүнд өнөөдөр Монгол Улс олимп байтугай ДАШТ-д шүүх шүүгчгүй болсон гутамшиг доройтлын хор уршгийг чөлөөт бөхийнхөн амссаар л байна. Энэ бол Чөлөөтийн бөхийн холбооны тухайн үеийн увайгүй хүнлэг бус удирдлагуудын буруу. Тэдний гар хөл болж, Чөлөөт бөхийн холбоог намагт живүүлсэн тэр хоёр шүүгчийн буруу. 

МЧБХ-ны удирдлагуудын залуусаа дэмжсэн гэх “бодлого”-ын эцсийн үр дүнд өнөөдөр Монгол Улс олимп байтугай ДАШТ-д шүүх шүүгчгүй болсон гутамшиг доройтлын хор уршгийг чөлөөт бөхийнхөн амссаар байна.

Залуу шүүгчид нь зэргээ ахиулан олимп, дэлхийд байтугай олон улсын томоохон тэмцээнд шүүнэ гэдэг зөвхөн мөрөөдөл болсоор удаж, өнөөдөр шүүгчийн асуудал иймдээ тулах гэж бүгдээрээ халаглаад, харамсаад л байж байх юм. Энэ тухай манай нэг шүүгч нүүр хуудаснаа “…Манай үеийн хэдэн сайхан шүүгч нар маань зөвхөн амин хувиа хичээсэн энэ бэртэгчинд дарагдсаар өдий хүрлээ” гэж үнэнхүү харамслаа бичжээ.

Мөн түүнчлэн олон улсын шүүгч Б.Жаргалсайхан: “…Шүүгчийн нэр хүндэд харшилсан олон муу зүйл хийсэн Төмөрбаатар шүүгч ээ, таны энэ ёс бус үйлдэл, хар амиа бодсон, өөртэй нь дөхөж очихуйц хэнийг ч болов намнасаар өдий хүрснийг би, бид мэднэ. Жишээ нь танаас дээгүүр шүүгч Баасанхүү ахыг та бүр байхгүй болгож, Олон улсын шүүгч болдог хүнд хэцүү шалгуурыг Төмөрбаатар та шалбааг, өнгө мөнгөний болгон хувиргасан зүтгэлтэн шүү…” гэж бичжээ. Ийнхүү хамт олны анхаарал татсан, илүү ноцтой асуудал яригдаж ил тод болсоор байгааг МЧБХ-ны шинэ удирдлага анхааралдаа авах цаг нь болсоон. Б.Төмөрбаатарын энэхүү ёс бус, бохирын бохир үйлдэлд шүүгчид, дасгалжуулагчид, бөх сонирхогч олон түмэн ихэд зэвүүцэн, “Одоо болтол яагаад байлгаад байдаг юм бэ” гэж ярьсаар л байна. 

-МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар сонгогдсон юм байна. Холбооны шинэ удирдлагууд олон  жил ужгирсан шүүгчдийн асуудлаар хэр сайн ойлголттой байгаа бол?
-МЧБХ-ны шинэ удирдлагууд шүүгчийн асуудалд бодит дүгнэлт хийж, шинэ залуу  шүүгчдийг бэлтгэх бодлого, зорилгоо холбооны их хурлын үеэр мэдэгдсэн. Шүүгчид ч одоо л нэг шударга ёс тогтох нь гэж их урамтай, тун итгэлтэй байгаа юм билээ. Харин өмнөх удирдлагуудтай сүлбэлдэж, тэдний дэмжлэг туслалцааг тултал нь авч ирсэн нөгөө үл бүтэх хоёр нөхөр, ялангуяа Б.Төмөрбаатар Дэлхийн бөхийн холбооноос шийтгүүлж, хоёрын хоёр удаа шившигтэйгээр олимпын зэрэглэлийн шүүгчээс зэрэг нь буучхаад одоо ямар нүүрээрээ залуучуудтай барьцалдаж байна аа. Улаан цагаандаа гарна гэдэг энэ байх.

Сүүлийн жишээ гэвэл Б.Төмөрбаатар өнгөрсөн оны 10-р сард болсон семинарт нэг залуу шүүгчийг хамт олон нь дэмжээд явуулах гэтэл мөн л сурсан муу аргаараа хор найруулж байгаад өөрөө явжээ. Бас л элдэв аргаа хэрэглэж байгаад зэргээ ахиулж амжсан гэнэ. Учир нь юу гэвэл олон улсын шүүгч анх авсан шүүгчийн үнэмлэхээрээ л явдаг. Гэтэл энэ нөхөр цоо шинэ дугаартай үнэмлэх “Licence”-тэй байгаа нь тун хачин жигтэй гэж гайхан ярьцгааж байх юм. Ийм бузар булайнууд үүрлэсээр байвал МЧБХ-ны үйл ажиллагаа шинэчлэгдэж, шинэ удирдлагуудын залуу шүүгчдийг бэлтгэх бодлого зорилго нь яаж хэрэгжих бол гэж хохирсон хүний хувьд сэтгэл зовж байна.

Хамгийн гол нь түүний ёс зүйгүй, бурангуй үйлдэл нь чөлөөт бөхийн спортын хөгжил, ирээдүйд ихэд хортой бөгөөд дүрмийн заалтад байхгүй зүйлийг, эсвэл дүрмийн заалтын эсрэг зүйлийг муйхарлан хийдэг дээрэнгүй балмад үйлдэлд багш, дасгалжуулагчид үнэхээр үгээ барж байсан даа.Энэ бүхний талаар болон тэмцээний протокол, барилдааны дүрс бичлэг зэрэг нотлох баримтууд нь одоо ч багш, дасгалжуулагчдад байдаг юм байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ. Мөн дээрх олон улсын шүүгчийн хэлсэнчлэн, өөртэй нь дөхөж очихуйц эсвэл өөрөөс нь илүү шүүгчээ Б.Төмөрбаатарын намнасан хорлонтой үйлдлийг бусад шүүгчид нь ярихаас цаашгүй, яагаад гэхээр Холбооны ивээлд байдаг хүнийг бид яаж ч чадахгүй шүү дээ гэх юм билээ.

-Ер нь яачихсан холбоо, хүмүүс гэж ийм байдаг байна аа. Та тэр талаар тодруулж ярих уу?
-МЧБХ-ны тэргүүн болон дэд ерөнхийлөгчид, тухайн үед ерөнхий нарийн бичгийн дарга байсан, шүүгч Б.Төмөрбаатар нар бас л өнөөх хорлонтой аргаараа олон улсын шүүгч А.Баасанхүүг зэрлэг балмадаар хохироосныг түүнийг ямар шүүгч болохыг мэддэг бүхэн харамсдаг. Гэхдээ А.Баасанхүү түүнээс тасархай илүү гэдгийг би биш захын шүүгч, дасгалжуулагч, тамирчид хэлээд өгнө, өөрөөр хэлбэл Б.Төмөрбаатараас төө биш тохой илүү гэдгийг нь. Ялангуяа Монголоо, эх орноо гэсэн чин сэтгэлээр бол бүр хол илүү. Аливаа тэмцээнд том багагүй бөхчүүдийн төлөө зүрх сэтгэлээсээ, өөрийгөө золиослон байж дэмжин тусалдаг байсныг одоо ч бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчид үнэлэн ярьдаг юм.

2009 оны МЧБХ-ны Их хурал дээр Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар “Манай шилдэг шүүгч Баасанхүү бидний төлөө явж байгаад, хоёр ч удаа өөрөө хохирсон шүү” гэж хэлж байсан. Харин Төмөрбаатар гэгч энэ бусармаг нөхрийг өөрийн бөхийн эсрэг байсныг харсан дасгалжуулагч, шүүгчид  жигшин зэвүүцэж байсан даа. Монголоо гэсэн шүүгчийнхээ эрхийг 2014 онд олон улсын 1 дүгээр зэргийн шүүгчээс нь бүр мөсөн хасуулсан үйлдлээ маш нууцаар хуйвалдаж, нөгөө л эздийнхээ даалгавраар МЧБХ-ны ЕНБД байхдаа Б.Төмөрбаатар гүйцэтгэсэн нь хүний ёсонд баймгүй ялгаварлан гадуурхалт, хэлмэгдүүлэлт болсон юм. Энэ бол ардчилсан тогтолцоот нийгмийн үед Монголын их спортын түүхэн дэх хоёр дахь тохиолдол бөгөөд анхны тохиолдолд нь төрсөн ах миний бие өртсөн юм. Энэ эмгэнэлтэй гашуун түүхийг хойч үед сургамжтай болгох үүднээс тухайн болсон явдлын бичиг, баримтад тулгуурлан товч өгүүлж байна.

Холбооныхоо шинэ удирдлагад манай бөхчүүд, багш дасгалжуулагчид, шүүгчид ихээхэн итгэл тавьж, шударга бус шуналтай хуучин хүмүүсийн зальхай зусарч муу аргад үл автан хууль, дүрмээ ягштал баримтлан, шинэ сэтгэлгээгээр “Чөлөөт бөхийн сэргэлт”-ийн төлөө ажиллана гэж найдаж байгаагаа эцэст нь хэлье дээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *