Бага насны хүүхдүүдийн садар самуун бүхий зураг, дүрс бичлэгийг хадгалсан нууц групп чатад иргэдээс 5-10 мянган төлбөр авч оруулдаг байжээ
Улсын хэмжээнд 2015 оноос 2021 оны хугацаанд цахим орчинд нийт 6973 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 93 тооны буюу 1.3 хувь нь хүүхэд хохирсон гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг жил ирэх бүр маш хурдацтайгаар өсөн тархаж байгааг албаныхан онцолж байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд дахь хүүхдийнхээ хэрэглээнд анхаарал хяналт тавихыг эцэг эхчүүдэд анхааруулж буй. Энэ төрлийн гэмт хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нэгэн кейсийг хүргэж байна.
Тодруулбал, С.Э гэгч нь фэйсбүүкийн “А.Анударь, Болоршагай Т.” гэсэн хуурамч хаягуудыг ашиглан фэйсбүүкийн “ХҮҮХДҮҮД” нэртэй нууц групп чат 2022 оны 02 дугаар сард шинээр үүсгэн, тус групп чатандаа бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэг, зураг зэргийг цуглуулж, хадгалсан.
Улмаар “ХҮҮХДҮҮД” гэсэн групп чатанд иргэдээс төлбөр авч /5000-10000 төгрөг/ оруулах болсон байна. Ийм байдлаар бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг үзүүлсэн, тараасан эл гэмт хэргийг илрүүлэн шалгаж, тус этгээдийн үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял шийтгэсэн аж.