МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ле Минь Чигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын эхэнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгд бараалхав. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг Вьетнам, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улсын ерөнхий прокурор тус улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Вьетнам Улсын ерөнхий прокурор Ле Минь Читэй хийсэн уулзалтаар хоёр улсын прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, талуудын хооронд 2014 онд байгуулсан “Хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд шинэчлэн, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа харилцан илэрхийллээ.
Ялангуяа “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын прокурор солилцооны богино болон дунд хугацааны хөтөлбөр баталж, харилцан туршлага солилцох, уулзалт, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тогтов.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНСВУ-ын Ардын дээд шүүхийн ерөнхий шүүгч Нгуен Хоа Биньтэй уулзаж, хоёр орны эрх зүйн чиглэлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тэрбээр 2015 онд БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байсан тухайгаа онцолж, Монгол Улсын ерөнхий прокурорын айлчлал нь хоёр орны прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Мөн энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид БНСВУ-ын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдтэй уулзаж, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцлаа.