Талийгаач Д.Жигжиднямаагийн хүү Гарьдад холбогдох эрүүгийн хэргийн прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээж авахаас татгалзжээ

0

Өвчний улмаас 2021 оны долдугаар сар /2021.07/-д таалал төгссөн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүү Ж.Гарьдыг нь яллагдагчаар татсан хэргийг шүүхээс прокурорт буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийгЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэрэгт эсэргүүцэл бичсэн прокурорын эсэргүүцлийг энэ сарын 14-ний өдөр /2024.03.14/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлээд байсан юм. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Д.Жигжиднямаа нь өөрийн хүү Ж.Гарьдын компаниар дамжуулан мөнгө угааж байсан гэх бөгөөд Ж.Гарьд мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажилладаг байсан аж. Тиймээс ч уг хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа гэх мэдээлэл байна. 

Нийслэлийн прокурорын газраас Жигжиднямаагийн Гарьдад Эрүүгийн хуулийн 18.6.1 /мөнгө угаах/, 22.1.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ -дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. “Эрүүгийн тухай” хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах 1-д “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Мөн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *