Л.Гантөмөр: МАН-ын коммунистууд Монгол Улсыг нэг хүний дарангуйлал руу аваачих гэж байна

0

Ардчилсан нам “Бүтэн Ардчилал” хэлэлцүүлгийг Монгол орон даяар зохион байгуулж буй. АН-ын гишүүд, дэмжигчдийн санаа бодлыг сонсож, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө саналын тусгах зорилготой тус хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр МАН-ын коммунистууд Монгол Улсыг нэг хүний дарангуйлал руу аваачих гэж буйг онцлов.

Тэрбээр “Сүүлийн хэд хоног хотын хэлэлцүүлгийг сонслоо. Хотод олон хүн байгаа нь муу юм гэнэ. Ялангуяа эрх баригчид ардчиллын 30 жилийн тухай их ярьж байна. Өөрсдийнхөн 8 жил амласан амлалтаас нэгэн ч биелээгүй учраас 30 жилийг хамруулж буруутан олохыг хичээж байна. Ардчиллынхан хүмүүст газар өгсөн нь буруу, ардчилсан нийгэмд хэдэн мянган залуучууд барууны ертөнцөд очиж суралцсан нь буруу гэж байна. Ипотекийн зээлийг санаачилж 300 мянган айл орон сууцтай болсон нь буруу юм гэнэ. Ардчилал руу бүх бурууг чихэх гэж байна.

МАН гоё, гоё амлалт өгсөн. Утааг арилгаж, түгжрэлгүй болгоно. Амьдрал чинь дээшилж, ажилгүйдлийг устгана гэсэн. Диваажин байгуулна гээд амласан. Үүнээс болж ард түмний төрд итгэх итгэл алдарсан. 2012-2016 онд ямар азаар АН олууллаа болж хөдөө орон нутагт зам тавьж, Улаанбаатар хотын хэдэн гарц, гудамжийг цэгцэлсэн юм. Бид хотыг яаж хот шиг болгох вэ гэж зүтгэж, ажил хийсэн. Өнөөдөр юу болов. Утаа, түгжрэлийг улс төрийн бизнес болгосон. Хийдэггүй ярьдаг л боллоо. Мөс зөөхийн тулд 3 тэрбум төгрөг төсөвлөж байна. Хотын зардал тав дахин нэмэгдсэн. Тухайн үед бидэнд энэ мөнгө байсан бол 5 дахин их асуудлыг шийдэх байлаа.

Бид эдийн засгийн эрх чөлөөг авч ирэхийн тулд юу хийх вэ гэдгээ хэлэлцэж байна. Ардчиллыг авч үлдэх үү, алдах уу гэдгээ ний нуугүй ярья. Хүмүүсийн төрд, улс төрийн намд итгэх итгэл алдарч байна. Ардчиллаас буцах гээд байна. МАН буюу коммунистууд өнгөрсөн 30 жилийг шүүх гээд байгаа нь юу хэлж байна гэхээр нэг хүний дарангуйлал руу аваачих гэж байна. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг гоё нэр өгнө. Нэг хүн удирдвал болох юм байна гэдэг зүйл рүү явж байна. Ардчилсан намын дотоодод ийм сонирхол, санаархал байсан ч гэсэн бид хийлгээгүй, барьж чадсан. Бидний сорилт, даалгавар бол ардчилсан нийгмийн авч үлдэх юм” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *