“С.Мөнхчулуун гурилын үнийн талаар Засгийн газарт худал мэдээлэл өгсөн”
УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд яг одоо болж байна.
Гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас импортоор орж ирэх улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг дээрх байнгын хороодоор хэлэлцэж байгаа юм. Уг төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Үнэ нь өссөн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл орж ирснийг дэмжиж байна. Тариаланчид “гурилын үнийн өсөлтөөс бид ашиг олдоггүй, үйлдвэрүүд дээр хамаг орлого, ашиг нь очдог” гэж хэлж байна.
Импортын татвараас гурил, улаан буудайг чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ, ард түмэнд хэрэгтэй ч тариаланчдаа яах вэ. Гурилын үйлдвэрүүд 4-5 дахин нугалсан ашиг хийж байгааг Засгийн газрын баримтаас харлаа. Засгийн газраас зохицуулалт хийх нь зөв.
Гол нь тариаланчдаа яаж хамгаалах вэ, хаврын тариалалт эхлэх гээд байна. Улс орнууд энэ чиглэлд татаас өгөөд явдаг. Ногоочид тариаланчидтай уулзаад явахад нэг зүйлийг дэмжиж байна. Нэгдүгээрт, гурван хувийн зээл өгөөд хоёр жилийн хугацаатай болгосныг үргэлжлүүлэх үү. Одоо зээлийн хүү 5 хувь болж өссөн, хүүг нь бууруулаад хугацааг нь 5 жил болгоод өгөөч. Энэ нь бодит дэмжлэг болж чадаж байгаа юм билээ?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-Гурилын үнэ зүй ёсныхоо нэмэгдлээс халиад явсан. ШӨХТГ -аас үнийн асуудал дээр удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг тогтоож, акт тавьсан. Шүүх дээр шийдэгдэлгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Цаашдаа энэ салбарын монополийн асуудал ШӨХТГ -аас тавьж байгаа актын хэмжээнд шийдэгдэхгүй болсон нь тодорхой болсон. Төр нэг талдаа стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар гурил, улаан буудай зэрэгт нэг талдаа хамгаалалт нөгөө талдаа дэмжлэг үзүүлээд явахаар монополь тогтсон.
Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь хиймэл үнийн өсөлт гэдэг дүгнэлт гарсан.
Улаанбуудай нэг тонн нь 100 ам.доллараас 200 ам.долларын хооронд байгаа. 200 орчим ам.долларт барьж байгаа улаан буудайн өртөг гурил болохоороо кг нь 2600-3000 төгрөг болтлоо өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн. Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас улаан буудай болон гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ, хугацаа тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Тариаланчдын эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа.
Олон улсын жишгээр тариаланчдыг нэг бол дэмждэг, нэг бол хамгаалдаг. Монгол Улсын хувьд тариаланчиддаа дэмжлэг үзүүлдэг, хамгаалдаг. Гэвч хоёулаа үр дүнг бүрэн дүүрэн өгдөггүй учраас тариаланчдын бизнесийг хамгаалах бодлого баримтална.
Хамгаалалт гэдэг нь нэг талдаа үнийн эрсдэлээс хамгаална. Буудайн үнэ нь зах зээлийн үнээс доогуур орж эрсдэл учирвал нөхөн олговор олгодог, байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж эрсдэл учирвал төр хамгаалах бодлого барина. Үнэ нь ард түмний амьдралд дарамт учруулахгүй байх ёстой гэдэг бодлого барьж ажиллаж байна.
Ногоочдод зориулж 3-5 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжсэнээр амьжиргааг нь дэмжсэн бодлого болсон. Засгийн газрын хувьд цаашдаа зөвхөн ногоочдод гэхгүй бичил бизнес эрхлэгчдийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ынхан гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ -ын талд гараагүй юм билээ. Хоёрт, ШӨХТГ -ын дарга байсан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худлаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулж байна лээ.
Нэг тонн улаан буудайг 700 мянган тоноор аваад 2,8 сая төгрөгөөр гурилаа зардаг гээд. Өнгөрсөн жил улаан буудай нэг тонн нь 1 саяас 1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа.
Гурилын үйлдвэрүүдийн дундаж ашиг 2023 оны татварын албаны мдэээллээр ашиг нь ердөө 5 хувь. Банк санхүү, цементийн үйлдвэр, уул уурхайн компаниуд 50, 60 хувийн ашигтай ажиллаж байгаа.
Газар тариалан, гурил үйлдвэрлэгч хоёрыг салгаж болохгүй. Еэвэнгийн хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Биенээ нөхөж явж байдаг. Гаалийн татвар гурил дээр 15 хувь, НӨАТ байхгүй. Гурилын үйлдвэрүүд бодитой тайлан гаргадаг, хоёр тайлан гаргадаггүй. Арав гаруй жилийн өмнө улсын хэмжээнд гурилын 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 9, 10 хан үйлдвэр л үлдсэн. Дарханы “Нүүдэлчин” үйлдвэр ажиллахгүй зогсч байна.
“Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан байгаа. Гурил, улаан буудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж аманд нь багтах юм болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.
С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр бүх юман дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд Атрын III аяныг эхлүүлэн хэрэгжүүлсэн.
Тэрний хүчинд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодосоо хангадаг болсон. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гурилыг тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 1-н хүртэл Гаалийн татваргүйгээр оруулъя гэдэг саналыг өгсөн.
Одоогоор баруун аймгуудаар 12 мянган тонн гурил оруулаад эхэлсэн, дахиад 25 мянган тонн гурилыг бусад боомтоор олруулна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-Төрийн шийдвэрээр давамгай байдлыг олж авч бизнес хийдэг салбар ганц гурилаар тогтохгүй байгаа шүү. Та бүхэн бүгдээрээ мэднэ. Гурвхан жилийн өмнө цементийн үнэ нэг тонн нь 240 мянган төгрөг байтал гуравхан сарын дотор 740 мянга болтлоо өссөн. Тэрний үр дүнгээр 1 м2 орон сууцны үнэ 3 сая төгрөгөөс өнөөдөр 5 сая төгрөг болтлоо өссөн. Цементийн үнэ эргээд нэг нэг тонн нь 300 мянга болоод буусан ч барилгын талбайн үнэ буугаагүй.
Засгийн газар зүй зохисгүй байгаа өрсөлдөөнд зохицуулалт хийж, зах зээлийнхээ зарчимд орох боломжоор л хангаж өгнө гэлээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.