Айдгаа авдартаа хийсэн нэгэн л ингэж том дуугарч чадна

0

Авлига, албан тушаалын гэмт хэрэг холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдгийг Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгджээ. Намын Үндсэн дүрэм, холбогдох хуулийн заалтад ч ийм үг, өгүүлбэр бийг нэмж тодотгож. УИХ-ын ээлжит сонгуулийн цикл бүрийн өмнө авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамааралтай нэгнийг нэр дэвшүүлэхгүй гэх байр суурь улс төрийн намын удирдлагын түвшинд өдөлдөг ч бодитоор хэрэгжүүлсэн нь, бодлого болгож үлгэрлэсэн нь ховор. Бараг байхгүй. Эсрэгээрээ яллагдагчаар татагдсан этгээд намын батлах дор нуугдан нэр дэвшиж, бүр сонгогдож асан тохиолдол цөөнгүй. Үүнийг улс төрд намын хамгаалалт, халдашгүй эрхийн хамгаалалт гэдэг л юм.

Нэгэнт УИХ-ын гишүүнээр сонгогдон тангараг өргөсөн л бол тэгээд бандан тас. Үйлдэл дээр нь бариагүй, эсвэл гэм буруутайд тооцсон шүүхийн албажиж гараагүй л бол тэр хүн дөрвөн жил Төрийн ордонд шигдэж, халдашгүй эрхийн нэр, сүрэнд нойр бүтэн хононо. Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах саналыг парламентад өргөн барих арга зам хуулиар нээлттэй ч олонхиороо аваад үлдэх учраас биеллээ олох боломжгүй. Намдаа гавьяа байгуулж, гай тарьсан эсэхээс үл хамаарч бүх хууль бус үйлдлээ баллуурдах, хулгайгаа цайруулах, ил, далд тохироо хийхэд бүрэн эрхийнх нь дөрвөн жил хангалттай хугацаа. Улстөрчид байтугай бизнесийн салбараас УИХ-ын гишүүний сэнтий рүү байдгаа бараад ч хамаагүй зүглэж, зүтгэдэг шалтгаан ердөө л энэ. Ерөөс тэдний хуулийн хайчнаас зугтаах, орогнох сүүлчийн цайз хэрэм нь Төрийн ордон болчихсон нь тэр.

Гагцхүү цаг цагаараа байдаггүй гэгчээр улстөрч нь улстөрчөөрөө, бизнесмэн нь бизнесмэнээрээ явцгаах хөгжлийн бодлогыг хуулиар дархалсан дараагийн 30 жилийнхээ гараан дээр Монгол Улс тулж ирлээ. Энэхүү сонголт алдаа болох уу? оноо болж ахих уу? гэдгийг ирэх зургаадугаар сард зохион байгуулах сонгуулийн дүнгээр тодрох 126 гишүүнтэй анхны парламентын гишүүд тодорхойлж таарна. Ерөнхий сайдын тамга атгасан өдрөөсөө л авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж эхэлсэн, өнөөдөр ч үргэлжилж буй Л.Оюун-Эрдэнийн тэмцлийн бодит дүр зураг түүгээр хэмжигдэнэ. 

Түүний эхлэл нь мэдээж нэр дэвшүүлэх процесс. Ямартай ч энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН-аас нэр дэвших этгээдэд тавих эхний шалгуур нь тухайн тойргоос дэмжлэг авах, мэргэжлийн байх гэсэн хоёр үзүүлэлт байхыг Д.Амарбаясгалан дарга онцолжээ. Хуулиар сонгох, сонгогдох эрх хэн бүхэнд нээлттэй ч намын, даргын, эсвэл нөлөө бүхий улстөрчийн дэмжлэгтэй нь крандуулах замаар “дабль стандарт” эдлэх боломж МАН-д хаалттай. Харин тойргоосоо дэмжлэгтэй, мэргэжлийн байхад босго давах магадлал нь өндөр гэсэн үг. Хоёрдугаарт, салбар, сегмент бүрээс жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлэх байдлаар төлөөллийг бүрэн хангах нь МАН гол стратеги байх нь. Эмч, багш, эрдэмтэн, хүсвэл малчдын төлөөлөл ч тойргоос эсвэл намын жагсаалтад багтаж парламентын гишүүн болох боломжтой хэрэг. “Нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ зүгээр ч нэг хэлээгүйн учиг энэ.

Үндсэндээ УИХ-ын гишүүн гэхээрээ халдашгүй дархан эрх ямбатай, бүх асуудалд оролцдог, бүгдийн дарга байх ёстой юм шиг 1992 оноос хойш тогтсон бас хадагдсан ойлголтыг халж, зөвхөн хууль тогтоогчийн үндсэн үүргээ гүйцэтгэдэг сонгодог парламентын тогтолцоо руу алхаж, ахихыг зорьсон нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлж, өөрөө гардан гүйцэтгэсэн Ерөнхий сайдын тогтолцооны реформын үндсэн агуулга нь. Тэрэндээ хүрсэн, түрүүчээс нь хуульчлуулсан, зарим нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэдгээрээс онцлох нь УИХ-ын сонгуулийг анх удаагаа бүсчилсэн тойргоор явуулах шийдвэр. 1992 оноос хойш үе үеийн парламентын сонгууль, түүнийг бүрдүүлж ирсэн гишүүдийн сонирхол зөвхөн тойрог шүтсэн тогтолцоонд дөнгөлөгдөж, тэрийгээ дагасан төсөвт шингэдэг байсныг бүхэлд халж, улсаараа, бүтнээрээ бүсчилж хөгжих том эрх ашгийн өмнө нэгдэх бас нэгэн реформ болох учиртай. 

Нэг асуудал бий нь хамгийн багадаа гурван аймгийг нэгтгэсэн нэг тойрогт нэг намаас олон нэр дэвшигч нэг баг болж өрсөлдөх ч тэр хэрээрээ дотоод зөрчил үүсэх магадлалтай. Үүнийг нь намын дүрмээр хязгаарлаж, илүү мэргэжлийн хандах шаардлага тавихаа ч МАН-ын генсек хэлсэн байна. Ийнхүү УИХ-ын сонгуулийн чимээ айлсахтай зэрэгцэн Д.Амарбаясгалан Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар зарим стратеги төлөвлөгөө “гэрэл цохиулсан” нь энэ. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нам дотроо хоёрдугаарт эрэмбэтэй улс төрийн албан тушаалтан. Намынхаа “гал тогоо”-г зангидаад зогсохгүй даргынхаа баруун гар нь. Еэвэнгийн хоёр тал л гэсэн үг. 

Тэгэхээр Д.Амарбаясгалан л хэлсэн болохоос энэхүү байр суурийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийнх гэж харах бүрэн боломжтой. Нөгөө талаас УИХ-ын сонгуулиас гурван сарын өмнө нэр дэвшүүлэх процессоо урьдчилсан байдлаар ил тод зарлаж буй нь Л.Оюун-Эрдэнэ айдасгүй байгаагийн л шинж. Ганц үнэн гэвэл авлига, албан тушаалын гэмт хэрэг холбогдсон этгээд нэр дэвших нь хуулиараа ч, дүрмээрээ ч хаалттай, ямар ч боломжгүй гэдгийг эрх баригч МАН-ынхан өөрсдөө түрүүлж зарлалаа. Айдгаа авдартаа хийсэн нэгэн л ингэж том дуугарч чадна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *