Цэнгэлдэхийн газрыг хэн, хэн хувааж авсан бэ

0

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 1999 оны тавдугаар сарын 4-нд А/72 захирамжаар 386000 м2 буюу 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон байдаг. Харин өөнөөдөр энэ газар 12.6 га  буюу өдгөө гурав дахин багасжээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар компанийн удирдлагуудтай уулзаж, яагаад газрын хэмжээ жил ирэх тусам багассан, хэний захирамжаар газрыг хуваан авсан зэрэг асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл Төв цэнгэлдэхийн газрыг хэн, хэн хувааж авсан бэ

Нийслэлийн Засаг даргын мэдэгдсэнээр нийтдээ 14 компани, тодорхой хэд хэдэн иргэн уг газрыг хуваан авч, жижиглэсэн байна. Ингэхдээ зарим нь тус газарт бетонон ширэнгэн ой болтол нь барилга байгууламж барьсан байх аж.

Гэхдээ эдгээр компаниуд нь зүгээр нэг бизнес эрхлэгч бус улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийн компаниуд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, мэдээлэлд ойр нөхдүүд Төв цэнгэлдэхийн газрыг хуваан авсан харагдана. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын дурдсан 14 компаниас улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийн ямар компани хэдэн га газар авсан талаарх мэдээллийг хүргэе.

Нэгд, 2005 онд нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 м2 газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа бариад буй. Түүнчлэн, дээр дурдагдсан Б.Батбаяр, Б.Баярмаа нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хүүхэд, Э.Жаргалан, Э.Батзаяа нь “Эрэл”-ийн гэх Б.Эрдэнэбатын хүүхдүүд аж.

Хоёрт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь бетонон ширэнгэний “хаан” гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд нийслэлийн олон томоохон хотхон, хорооллын эзэн. Тэгвэл тэрээр Төв цэнгэлдэхийн газраас ч хоцроогүй байна. Тухайлбал, Б.Чойжилсүрэн нь өөрийн эзэмшлийн дөрвөн компаниар 97951 м2 газрыг авч, орон сууцны хорооллууд барьсан байна.

Компанийн нэрХамаааралАвсан газрын хэмжээ
“Рапид харш” ХХКЭцсийн өмчлөгч: Б.ЧойжилсүрэнГүйцэтгэх удирдлага: Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл2007 онд 40000 м2 газар авсан
“Хаусинвест” ХХКЭцсийн өмчлөгч: Б.ЧойжилсүрэнГүйцэтгэх удирдлага: Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл2008 онд 10000 м2 газар авсан
“Апартмент Кей эйч” ХХКЭцсийн өмчлөгч: Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.ЭнхгэрэлГүйцэтгэх удирдлага: Д.Энхгэрэл2015 онд 7951 м2 газар авсан
“Беллвьюпропертис” ХХКЭцсийн өмчлөгч: Б.ЧойжилсүрэнГүйцэтгэх удирдлага: Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл2009 онд 40000 м2 газар авсан

Б.Пунсалмаа

Б.Пунсалмаа

Гуравт, өнгөрсөн намар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшээд байсан АН-ын гишүүн, “М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаагийн хамаарал бүхий “Бумбын шовх” ХХК нь Төв цэнгэлдэхийн газраас 20,000 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны наймдугаар сарын 25-ны 379 дүгээр захирамжаар авсан.

Мөн 2017 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгаж, 2019 онд дуудлага худалдааны анхны үнэ /ДХАҮ/ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш өөр мөнгө төлөөгүй байна.

Дөрөвт, Соёлын сайд Ч.Номингийн аав болох Л.Чинбатын хувь эзэмшдэг “Мөнх-Улз” ХХК нь 2009 онд 5000 м2 газар авжээ.

•     •     •

Төв цэнгэлдэх хүрээлэнг 1993 онд ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

Иймд, хотын дарга Х.Нямбаатар газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулж, газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ гэж мэдэгдээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *