“Баялагтаа эзэн Монгол” ТББ: Бид Арабын шахууд шиг амьдрах боломжтой
Хэвлэлийн хуралд оролцсон иргэд дараах байр суурийг илэрхийлэв:
-Уул уурхайгаа өөрсдөө удирдъя. Баялгийн жинхэнэ эзэн гэж хөрөнгийн эзнийг хэлнэ. Хийж хөдөлмөрлөж, гаргаж ирсэн байгалийн нөөц буюу 108 элементийг баяжуулан, бэлэн бүтээгдэхүүн болгосон цагт л баялаг болдог. Гэтэл Цагаан хаданд монголчууд боолын хөдөлмөр эрхэлж, хятад компаниудын мэдэлд зовж байна.
Бид дөрвөн жилийн турш шаардлага тавьсны үр дүнд “ЭТТ” ХК-ийн ногдол ашгийг авлаа. Уг нь бид Арабын шахууд шиг, Катарын эмиратууд шиг амьдрах боломжтой.
Цаашид төрийн мэдэлд байгаа, стратегийн ордуудын 50+1 хувийг иргэд хувьцаа хэлбэрээр эзэмших ёстой. Нүүрсний хулгайч нарт маш бага ял оноолоо. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд шүүх 40 сая төгрөгийн торгууль оноосон тул иргэд бид бухимдаж байна. Төрийн эрх барьж буй хүмүүс үлсэн 41 хувиасаа иднэ биз.
Мөн төрийн эзэмшлийн, уул уурхайн компаниудын УЗ-д ард түмэн төлөөллөө сонгон багтаах ёстой.
Ирэх зургаадугаар сард 36 нам УИХ-ын гишүүн болохын төлөө гишүүдээ нэр дэвшүүлэн өрсөлдөнө. Та бүхэн мөрийн хөтөлбөртөө орон нутгийг хөгжүүлж, дэд бүтэц бий болгох талаар оруулах ёстой. Бид энэ шаардлагаа биелэх хүртэл тавьсаар байх болно.
Иргэд бид хэрсүү хандаж, УИХ-ын сонгуульд санал өгөхдөө сонголтоо зөв хийгээрэй гэж уриалж байна. Бүх нам баялагтаа эзэн болгох амлалт өгсөн. Норвегийн Баялгийн санг жишээ татан их ярьж, иргэдийн саналыг авсан. Иймд тэд хууран мэхлэх замаар төрийн эрх мэдлийг авсан хэрэгт ч татагдах магадлалтай. 12 жилийн турш баялагтаа эзэн болгоно гэсэн ч бодитоор хэрэгжсэнгүй, учир нь сонгогчид бид тэднээс ам асуудаггүй.
Баялгийн эзэн нь ард түмэн байх ёстой. Өнөөдөр энд ярьсан шаардлагыг нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгасан эсэхийг та бүхэн асуугаарай.
Уул уурхайн компаниуд борлуулалтын орлогын20 хувиа тухайн орон нутагт зарцуулах шаардлагыг мөн тавина. Баялгийн сан байгуулсан ч энэ сангаас улс төрчид дахин хулгай хийнэ. Бид улс төрчдөд итгэхгүй байна. Иймд “ЭТТ”, “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн 51 хувийн хувьцааг иргэдэд өгөх нь зөв. Хувьцаа баялгийн хамгийн зөв хуваарилалт болно гэв.