М.Айтолкин: Бидний харж буй энгийн ширээг аутизмтай хүүхэд онцгой гэж хардаг
Аутизмтай хүүхдийн нүдээр бидний амьдрал хэрхэн харагддаг бол? Аутизм нь хэрхэн үүсдэг, ямар шалтгааны улмаас бий болдог талаар одоогоор шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо олдоогүй байдаг. 2022 оны судалгаагаар манай улсад 970 гаруй аутизмтай хүүхэд бүртгэгджээ. Эдгээр хүүхдүүдийн боловсрол, мэдлэг, зан үйлийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт явуулдаг “ANA center Mongolia” төвийн багш М.Айтолкинтай ярилцлаа.
-Аутизмын хүрээний эмгэгийг нийгмийн харилцааны бэрхшээл гэж тодорхойлдог бөгөөд энэ бол өвчин биш-
-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач?
-Би 2021 онд МУИС-ийг Сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. 2022 оноос эхлэн ANA center Mongolia төвдөө ажиллаж байна. Манай төв нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдэд ганцаарчилсан сургалт болон эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаарх сургалт, зөвлөгөөг хэрэглээний зан үйл засал (Applied Behavior Analysis)-д тулгуурлан заадгаараа онцлогтой. Ингэхдээ хүүхдийн сургалт багш, хүүхэд гэсэн ганцаарчилсан хэлбэрээр ордог. Бид хүүхдийн хөгжүүлэх шаардлагатай чадварууд болон багасгах сөрөг зан үйлийг үнэлэн сургалтын төлөвлөгөө гаргаж хичээлээ заадаг. Одоогоор манай төвд гол төлөв аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдүүд хандаж байна.
Бид аутизмтай хүүхдүүдтэй болгоомжтой, зөөлнөөр харьцаж нийгэмшүүлэх шаардлага тулгардаг.
-Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд чиглэж сургалтаа ордог гэлээ. Аутизм гэж юуг хэлээд байна вэ?
-Аутизмын хүрээний эмгэгийг нийгмийн харилцааны бэрхшээл гэж тодорхойлдог бөгөөд энэ бол өвчин биш юм. Хэн нэгнээс хэн нэгэнд халдварлахгүй, амьдралын аль нэг үед гэнэт аутизмын хүрээний эмгэгтэй болно гэж байхгүй. Энэ нь хэл яриа, нийгмийн харилцаа, болон туйлширмал зан үйлийн хавсарсан харилцааны өргөн хүрээний насан туршийн эмгэг юм. Өвчин биш учраас эдгэрнэ гэж ярих нь өрөөсгөл ойлголт. Харин сургалт, заслын аргаар шинж тэмдгүүдийг бууруулах боломжтой байдаг. Монголд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв уг эмгэгийг оношилж албан онош тавьдаг.
-Та сургалтын төвийнхөө талаар дэлгэрүүлж танилцуулаач.
-ANA center Mongolia төвийг Б.Цолмон захирал маань анх санаачлан зан үйл судлаач Б.Онон (MA, BCBA) -тай хамтран үүсгэн байгуулсан. Монголд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд чиглэсэн сургууль болон сургалтууд их хомс байдаг.
Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудын хүртээмжийг нэмэх зорилгоор анх уг төвөө нээж байсан. Манай төв нь таван үндсэн багш, хоёр цагийн багш, нэг зан үйл судлаачтай. Өглөө болон өдөр гэсэн 2 ээлжээр хүүхдүүдээ авдаг бөгөөд нэг ээлжиндээ 5 нийт 10 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай.
Хүлээлгийн жагсаалтын дарааллаар хүүхдүүд маань сургалтдаа хамрагдаж эхэлдэг. Тухайн хүүхдийн сургалтад хамрагдах ээлж болох үед хүүхдийн ур чадварын үнэлгээг хийж сургалтын төлөвлөгөөг боловсруулсны дараагаар хүүхдийн сургалт орж эхэлдэг.
– Тэгэхээр зөвхөн тухайн хүүхдэд зориулж хичээлийн төлөвлөгөө гаргадаг гэсэн үг үү?
-Тийм. Хүүхэд бүр ямар нэгэн онцлог, давуу талтай мөн бие биеэсээ ялгаатай байдаг. Тийм ч учраас манай төв хүүхдийнхээ онцлогт нь тохируулж хичээлээ заадаг. Ингэхдээ урамшууллын аргад суурилдаг. Зүгээр ширээний ард хичээл хийгээд суух биш суух боломжтой хаана ч суугаад хамтдаа тоглож, хөгжилдөж, инээлдэж, дуртай тоглоом амттаныг нь ашиглах байдлаар хичээл ордог.
Нэг удаагийн хичээл гурван цагаар үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд нэг багш нэг хүүхдэд л анхаарлаа бүрэн дүүрэн хандуулдаг учраас хүүхэд “энэ хүн намайг анхаарч байна” гэж хүртэхүйдээ мэдэрч улмаар хүүхэд багш хоёрын хооронд итгэлцлийн гүүр бий болсноор аливаа зүйлийг хурдтай суралцдаг.
Хүүхдийн эргэн тойронд байгаа эцэг эх, асран хамгаалагч, ах эгч дүү гээд бүх хүн тухайн хүүхэдтэй харилцах болгондоо үг, үйлдлээрээ санаатай ч бай, санамсаргүй ч бай ямар нэг зүйлийг зааж сургаж байдаг.
Энэ дэлхийн хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ.
– Сургалтын онцлог нь юу бол?
– Манай төвийн багш нар илүү чөлөөтэй хүүхдүүдтэйгээ харьцаж, хамтдаа тоглох байдлаар хичээлээ ордог. Хичээл зааж буй хүүхдэдээ багш “Би аюулгүй хүн шүү. Надад итгэж болно” гэж ойлгуулахыг хичээдэг. Хүүхдийн итгэлийг олж авснаар хичээл үр дүнтэй байх боломжтой. Гэхдээ зөвхөн нэг багш нэг л хүүхэдтэй байнга ажилладаггүй. Өдөр бүр өөр, өөр багш хүүхдүүдтэйгээ харилцаад , хичээлээ заагаад явна. Учир нь хүүхэд нэг л багштай ажиллаад сурчихвал тэр багшийнхаа л өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гээд байдаг. Өдөр болгон ээлжилж багш харьцаж байгаа нь тухайн хүүхэд олон хүний өөр өөр хэв маягт дасан зохицоход чухал нөлөө үзүүлдэг.
Манай сургалт нэг удаадаа ердөө гурван цагийн турш л үргэлжилдэг. Энэ гурван цагийг хүүхдүүддээ хамгийн чанартай, үр дүнтэйгээр өнгөрүүлэхийг хүсдэг. Тиймээс би энэ хугацаанд өөрөөсөө гарч болох бүх энергиэ зарцуулж ажиллахыг хичээдэг. Хүүхэд маань өмнө нь хийж чаддаггүй байсан үйлдлээ хийж чаддаг болсныг харах үнэхээр сайхан байдаг. Хүүхдүүдийн маань өдөр өдрөөр сайжирч, ахиц гарч байгаа нь урам өгдөг.
– Та тусгай хэрэгцээт хүүхдүүдэд багшилдаг. Багшлахын хамгийн сайхан зүйл юу байдаг вэ?
-Манай сургалтын төвд хэсэг хугацааны өмнөөс нэг бяцхан хүүхэд хамрагдаж эхэлсэн. Анх тухайн хүүхэд ямар ч авиа гаргаж чаддаггүй байлаа. Авиа даган дуурайх хичээлдээ хамрагдаж, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадвараа хөгжүүлэх олон төрлийн сургалтууд орсны үр дүнд одоогоор хүүхэд маань “Авъя” гэх мэтээр өөрийн хүсэлтээ хэлж чаддаг болсон. Энэ нь хэдий жижиг зүйл мэт боловч миний хувьд хүүхдүүдийнхээ ахиц, дэвшлийг харах жаргалтай байдаг.
-Аутизмтай хүүхэд өөрийн ертөнц дотроо амьдардаг гэдэг шүү дээ. Энэ талаар та тайлбарлавал?
-Тийм шүү. Гэхдээ энэ дэлхийн хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ. Магадгүй хүүхдүүд маань дотроо үлгэрийн оронд амьдарч байгаа мэт төсөөлдөг байж болно. Томчууд ширээг зөвхөн ширээ гэж хардаг бол аутизмтай хүүхдүүд маань онцгой зүйл мэтээр харж болно. Тиймээс бид аутизмтай хүүхдүүдтэй болгоомжтой, зөөлнөөр харьцаж нийгэмшүүлэх шаардлага тулгардаг.
-Манай улсад аутизмын талаарх ном, сурах бичиг байдаг уу?
-Миний мэдэж байгаагаар Монголын Аутизмын Холбооноос гаргаж байсан “Аутизмын Хүрээний Эмгэг” , “Үгээр хязгаарлахгүй харилцаа”, “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд зураг солилцох харилцааны систем (PECS)-ийг эзэмшүүлэх” зэрэг гарын авлагууд байдаг. Хүүхдийг бие дааж сургахад эцэг эх рүү чиглэсэн цогц агуулгатай ном монгол хэл дээр ховор байдаг учраас манай төв NEPKO хэвлэлийн газартай хамтран хэрэглээний зан үйл судлалд суурилан бичигдсэн “Бие Даах Алхмууд” гэх номыг орчуулан гаргасан. Энэхүү ном нь үндсэн 4 хэсэгтэй.
- 1-р хэсэг Заах аргын үндэс
- 2-р хэсэг Дадал чадварыг заан сургах
- 3-р хэсэг Сөрөг зан үйлийн менежмент
- 4-р хэсэг Бие даалтыг дэмжих нь
Энэхүү номыг уншсанаар хүүхдээ сургах сургалтын үндсэн арга барилыг эзэмших боломжтой. Ингэснээр номд дурдагдаагүй хүүхдэдээ сургахыг хүсэж буй бүх зүйлдээ үндсэн арга барилыг хөрвүүлэн ашиглаж болох юм.
-“Бие Даах Алхмууд” номоос онцлох санааг нь дурдвал?
-Бид өдөр бүр автоматаар хийчихдэг, хэрхэн сурснаа ч мэдэлгүй эзэмшчихсэн байдаг ор хураах, хувцсаа өмсөх, бие засах зэрэг анхан шатны чадваруудыг алхам бүрээр нь хэрхэн задлах талаар энэ номд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Хамгийн гол дүрэм бол – яаралгүйгээр аажмаар сургах. Хүүхдийн чадах зүйлсээс эхлэх ба хүүхэд тань бэлэн болсны дараа л дараагийн үе шат руу орох замаар сургалтыг явуулна. Жишээлбэл, гар угаах чадварыг эзэмшүүлэхийн тулд алхмуудад хуваана. Ингэхдээ
- Баруун гарын ханцуйг хойшлуулах
- Зүүн гарын ханцуйг хойшлуулах
- Усыг нээх
- Гараа норгох
- Усыг хаах
- Гараа савандах
- Гараа усаар булхах
- Усыг хаах
- Алчуур авах
- Гараа арчих
- Алчуураа хураах гэх мэтчилэн алхмуудад хувааж хүүхдэдээ зааж сургана.
Ингэхдээ гар дээрээс гар бариад хийх нь чухал. Заримдаа бид яарсан үедээ хүүхдийнхээ өмнүүр ороод бүх зүйлийг нь хийж өгчих гээд байдаг. Ингэснээр хүүхэд өмнөөс нь хийж өгөх хүн байгаа юм чинь гэх хандлагаар хичээл зүтгэл гаргах нь багасаж эхэлдэг. Ийм учраас аль болох гар дээрээс гар бариад хүүхдээ өөрөөр нь бие дааж хийлгүүлэх нь чухал юм.
Хүүхэдтэйгээ ажиллах явцад мэдээж бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Бүх зүйл үргэлж хүссэнээр бүтнэ гэдэг маш ховор тохиолдол шүү дээ. Тиймээс аль болох өндөр хүлээлт тавилгүйгээр хүүхдэдээ заан сургах явцдаа аль болох хүлээлтийг хамгийн доод түвшинд нь байлгаснаар шантрах эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Хамгийн гол нь хүүхдээ бусад хүүхэдтэй харьцуулах ямар ч шаардлага байхгүй. Мөн эцэг эх, асран хамгаалагч нар ч гэсэн өөрсдийгөө бусад хүмүүстэй жиших шаардлагагүй. Та болон таны хүүхэд хангалттай сайн хичээж байгаа. Энэ хичээл зүтгэлийн үр дүнг өчигдөр ямар байгаад өнөөдөр ямар болсон бэ гэдэгтэй харьцуулах нь илүү бодитой үр дүн юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn