А.Золжаргал: Биен дээр тууралт гарах бүрт харшлын тос, эм хэрэглэж болохгүй
Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан ургамлын болон бусад төрлийн харшлууд илэрч эхэлдэг. Иймд харшлаас хэрхэн сэргийлэх, авч болох арга хэмжээнүүдийн талаар Allergy Med эмнэлгийн их эмч А.Золжаргалтай ярилцлаа.
-Эхлээд харшил юунаас, юугаар үүсгэгддэгийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Харшил гэдэг нь гаднаас ямар нэгэн харшил төрүүлэгч хүний биед орж ирэхэд түүний эсрэг үзүүлж байгаа дархлааны хэт мэдрэгшлийн урвалыг хэлнэ. Харшлын шалтгаан нь хоол хүнс, эмийн бодис, амьсгалын замыг цочроох тоос тоосонцор, шавьжны хор зэрэг байж болно. Энэ дундаа Монгол Улсын хүн амын дунд ургамлын тоосонцрын болон эмийн харшил зонхилон тохиолдож байна. Ургамлын тоосонцрын харшил нь илүү давамгай байдаг. Гэхдээ ургамлын харшил нь улирлын чанартай бөгөөд хавраас намар хүртэл үргэлжилнэ. Харин ханиад томууны улирлаар эмийн харшлын тохиолдол ихэсдэг.
-Харшил ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Харшлын шинж тэмдэг нь харшил үүсгэгчээсээ хамаараад өөр, өөр байдаг. Жишээ нь, амьсгалын замаар үүссэн харшлын үед нүд загатнах, хамар битүүрэх, чих загатнах, найтаах нус нулимс гоожих зэргээр илэрдэг. Харин бусад хүнс, эм, хүрэлцэх замаар үүсч байгаа харшлууд тууралт гарах жишээтэй. Мөн харшлын аль төрлийн урвал явагдаж байгаасаа хамааран шинж тэмдэг илрэх хугацаа 5 минутаас 72 цаг ч илэрч болдог.
-Тэгэхээр харшлын шалтгаан нь хүний дархлаа сул үед бий болдог гэсэн үг үү. Хэрэв тийм бол дархлаагаа л сайн дэмжих ёстой юу?
-Энгийнээр тайлбарлавал харшил гэдэг нь дархлаа хэт огцом ажиллаж байгааг хэлж байгаа юм. Харшил нь нас, хүйс, арьсны өнгө, нийгэм эдийн засгийн байдлаас үл хамааран хүн бүрт үүсч болно. Ургамлын тоосонцрын харшил болон зарим төрлийн астма, чонон хөрвөс зэрэг нийтлэг харшлын урвалууд нь иммуноглобулин Е (IgE) гэж нэрлэгддэг бие махбодид үүсдэг эсрэг биетэй холбоотой байдаг. IgE эсрэг бие бүр нь маш өвөрмөц бөгөөд тодорхой ургамлын тоос болон бусад харшлын эсрэг хариу үйлдэл үзүүлдэг. Мэдрэмтгий хүн харшил үүсгэгчтэй тулгарвал бие нь ижил төстэй IgE эсрэг биеүүдийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлдэг. Иймд дархлаанд нөлөөлөх витаминуудыг урьдчилан дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж болох ч зарим нэмэлт витаминуудыг ид харшлын шинж тэмдэгтэй үед хориглоно.
-Эмийн харшил ямар байдлаар яаж илэрдэг вэ. Замбараагүй эмийн хэрэглээтэй холбоотой юу?
-Энэ нь бүх эмнээс харшилна гэсэн үг биш л дээ. Тодорхой бүлгийн эмнүүд дархлааны хэт мэдрэгших хариу урвал үзүүлж болно. Зонхилон харшил үүсгэгч эмнүүдэд нянгийн эсрэг эмүүд (антибиотик), мөөгөнцрийн эсрэг эм, өвчин намдаах эм, нийлмэл найрлагатай ханиадны эмнүүд багтана. Эмийн харшил Монгол Улсад их байгаа нь эмийн зохисгүй хэрэглээтэй бас холбоотой гэж би хувьдаа үздэг.
-Хүмүүсийн дунд түгээмэл байдаг бас нэг зүйл чонон хөрвөс байдаг. Тэгэхээр энэ нь яг юу юм, ямар байдлаар илэрдэг вэ?
-Энэ бол нэг төрлийн харшил. Ямар нэгэн харшил түрүүлэгчийн шууд үйлчлэлээс болж судасны нэвчимхий чанар нэмэгдэж хаван үүсч бэлцрүүт тууралт гарахыг хэлээд байгаа юм. Чонон хөрвөс нь дотроо олон төрөл байдаг. Жишээлбэл, хүнс, эмийн бодис, шавьж, өндөр болон нам температурын үйлчлэлээр, даралтын үйлчлэлээр гэх мэт. Даралтат хэлбэрийн чонон хөрвөс нь бариун өмд өмсөх, чанга тэлээ зүүсэн үед тэр ормоороо л үүсдэг байх жишээтэй.
-Гэрийн тэжээвэр амьтнаас маш их харшилдаг. Тэгэхээр тухайн амьтдад ямар харшл үүсгэгч хүчин зүйлүүд байгааг хэрхэн таньж мэдэх вэ?
-Муур, нохой бол бусад амьтдаас хамгийн ихээр харшил үүсгэдэг. Учир нь нохой муурны үс, шүлс, шээсэнд агуулагдах харшлын уураг өндөр байдаг. Тэдгээр уургууд нь зарим хүнд дархлааны хэт мэдрэгшил үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр нохой муур харшил төрүүлэгч болчихож байгаа юм чинь байнга дархлааны хэт мэдрэгшил үүсч, улмаар хүндрэлүүд үүсэх эрсдэлд ордог.
-Иргэд биен дээр тууралт үүсэх, загатнавал харшил гэж боддог шүү дээ. Тууралт бүр харшил байх уу, хэрхэн ялгаж таних вэ?
-Тууралт гэдэг зүйл бол харшлын, вирусийн болон нянгийнх байж болно. Үүнийг ерөөсөө ялгадаггүй. Тууралт л бол харшил гэсэн ойлголттой байдаг. Наад зах нь эмийн санд ороод биен дээр юм гараад байна гээд нэг эм, тос аваад гардаг. Гэхдээ вирус болон нянгийн тууралтын үед харшлын эсрэг тос түрхэх нь тааламжтай биш, улам л хүндрүүлдэг. Тэгээд л бүр болохоо байхаараа ирдэг. Тэгэхээр ямар ч шинж тэмдэг илэрсэн нарийн мэргэжлийн эмчид хандах нь зөв.
-Харшлаа эмчлүүлэхгүй яваад байвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ, ямар хүндрэл гарах вэ?
-Эмийн харшлын үед тоохгүй удаан явах боломжгүй. Маш хурц явагддаг, хурдан хүндэрдэг. Эмийн харшил маш аюултай харшилд ордог. Удаан хугацааны ургамлын харшилтай яваад байвал хамгийн наад зах нь астма үүсдэг. Цаашлаад хамрын хөндий, духны хөндий үрэвсэнэ. Хамрын мах, ургацаг үүснэ, нүдний архаг өвчнүүд ч үүснэ. Тухайн харшил үүсгэж байгаа зүйлүүд нь юу байгаагаас шалтгаалаад хүндрэлүүд нь өөр байдаг.
-Тухайн харшлыг үүсгэгчээс өөрөөр сэдрээгч хүчин зүйл нь юу байх вэ?
-Ургамлын харшил гэхэд дотроо төрөл нь өөр, өөр байдаг. Дан ганц шарилжных байдаггүй. Улирлын бус чанартай энгийн гэрийн тоос тоосонцрынх ч байна. Улирлын чанартай гэхээр 4-5 сарын үед модлог ургамлын, 6-7 сард үет ургамлын буюу зүлэг өвс, 7,8,9 сард шарилжны буюу хөл газрын ургамлын тоосжилт эхэлдэг. Энэ болгонд сэдрээгч хүчин зүйлүүд нь өөр байж болдог. Солбилцох урвал гэж байдаг. Энэ нь тухайн харшил үүсгэгч ургамлын тоосны уурагтай ижил төстэй харшлын уураг агуулж буй хүнсний бүтээгдэхүүнүүд үүсгэж болдог. Жишээ нь, модлог ургамлын харшилтай байх үед алим идвэл сэдэрдэг. Шарилжны харшилтай гэхэд тарвас идвэл сэдэрдэнэ. Энэ нь солбилцох урвал юм.
-Тухайн харшил үүсгэгч байхгүй үед харшил дахин үүсэх үү?
-Харшил үүсгэгч нь байхгүй бол харшил үүсэхгүй.
-Өмнө нь харшилдаггүй байсан зүйлээсээ дараа нь харшлаад байна гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Энэ нь мөн л дархлааны хэт мэдрэгшилтэй холбоотой гэсэн үг. Нэг харшилдаггүй зүйлээсээ насан туршдаа харшлахгүй байна гэсэн үг биш. Дархлааны хэт мэдрэгшил хэзээ ч үүсч болно.
-Зарим иргэн тоосны харшилд тууоайн шээсээ сайн гээд байдаг. Энэ үнэн үү?
-Би хувьдаа тийм зүйл сонсож байгаагүй ээ. Энэ бол нотолгоо судалгаатай зүйл биш. Домын арга гэж тэрийг л хэлээд байгаа юм болов уу даа. Гэхдээ энэ нь маш аюултай арга. Маш их шимэгч, нян агуулж байгаа. Янз бүрийн домын арга хэрэглээд эдгэсэн тохиолдол байхгүй.
-Харшил бүрэн эмчлэгдэх болон байнгын намжмал байдалд байх боломжтой гэсэн үг үү?
-Орчин үед эмийн эмчилгээгээр ч намжмал байдалтайгаар байлгаж болно. Өөр нэг арга нь вакцин юм. Дархлаа тогтоох эмчилгээг илүү онцолдог. Хүмүүс дам ярихдаа хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг гормон эмчилгээ гэж ойлгодог. Энэ нь өөрөө ямар нэгэн эмийн бодис биш учраас гаж нөлөө байхгүй. 3-4 жилийн дараа дархлаа тогтдог эмчилгээ юм. Зарим харшил бол эдгэрдэг болсон. Ургамлын тоосонцроос үүдэлтэй харшлыг вакцин буюу дархлаа тогтоох эмчилгээгээр эмчилдэг. Тухайн өөрт нь харшил үүсгэж байгаа тоосонцрыг маш бага тунгаас их тун хүртэл савласан байдаг. Тэгээд бага тунгаас их тун хүртэл өөрийнх нь дархлаанд дасгаж эмчилдэг гэсэн үг.
-Харшлаа оношлуулах тохиромжтой үе нь хэзээ байдаг вэ?
-Харшлыг оношлуулахад заавал хугацаа заадаггүй. Хэзээ ч оношлуулж болно. Хүмүүс харшил сэдэрсэн байхад болохгүй гэдэг. Одоо бол харшил сэдэрсэн байх үед ч цусан дах аргаар тодорхойлуулчихаж болно гэсэн үг. Хамгийн гол нь хэрвээ дархлаа тогтоох вакцин эмчилгээнд хамрагдах гэж байгаа бол тухайн харшлын шинж тэмдэг илэрдэг улирлаас 3-4 сарын өмнө шинжилгээ өгч ямар ургамлаас харшилтайгаа мэдсэн байх шаардлагатай. Вакцин эмчилгээ бол модлог ургамал дээр модлог ургамлаараа л хийгдэнэ гэсэн үг.
-Эмчилгээг хэр хугацаанд хийдэг вэ?
-Жил бүр тухайн харшилдаг ургамлын тоосжилт эхлэхээс 2,5 сарын өмнөөс хэлэн доороо уусгаж хэрэглэдэг. Энэ маягаараа 3-4 жил ууж хэрэглэж байж дархлаа тогтдог. Зарим үед дархлаа тогтоохын тулд 4-5 жил ч уух шаардлагатай болдог.
-Ярилцсанд баярлалаа.