Ялын тогтоолтой хүнд ямба эдлүүлсээр байх уу
Энэ удаагийн Парламентаас хэд хэдэн гишүүн ялын тогтоол уншуулаад байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан. Түүнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024.03.15-ны өдөр шүүхээс ялын тогтоол танилцуулсан.
Түүнийг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татан шалгаж, улмаар шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан гэм үйлдсэн тул түүнд нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон.
Харин тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана. Тэвчээртэй хүлээж байгаарай. Би энэ хэргийн талаар бүх мэдээллийг нотолгоо, баримттай нь ярьж өгнө. Хоёрдугаарт цас зуд ихтэй байна. Олон тооны мал хорогдож, малчин түмэн маань сэтгэлийн шархтай байна. Хотын хүмүүс утаа, түгжрэл, үнийн өсөлтөөс шалтгаалж стресстэй байгаа энэ үед миний зохиомол хэргийг тэдний шарх нь дээр битгий түрхээрэй. Энэ хэргийн үнэн учир олдоно. Би улс төрийн захиалгатай байна гэж хардаж байгаа. Та нарын сонгосон гишүүн чинь авлигач, хулгайч биш ээ” гэв.
Шүүхийн шийдвэр гагцхүү нотлох баримтанд тулгуурлаж гардаг. Тэгэхээр түүний гэм буруутай үйлдлийг нотлох баримт байгаа гэсэн үг. Гэтэл эрхэм гишүүн ийнхүү зохиомол хэрэг гээд биеэ өмөөрч байна. Мэдээж давж заалдах эрх нь байгаа. Гэхдээ хэргийн талаарх нотолгоо, баримт нь өөрт нь байгаад, тэрийгээ олон нийтэд ярьж өгөх гэж байгаа бол түүнийгээ шүүхийн танхимд гаргаж тавихгүй яагаа вэ гишүүн ээ.
Ял сонссон энэ хүн одоо улсын чухал салбарт, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын үүргээ гүйцэтгэж, ямба эдэлсээр байх уу. Энэ ёс зүйд харшлахгүй гэж үү…